Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт шалгалтыг шударга явуулахын тулд 25 сая хүнийг интернэтээс тусгаарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Энэтхэгийн Ражастан мужид төрийн өмчит бага, дунд сургуулийн багш нарыг сонгон шалгаруулах томоохон шалгалт зохион байгуулагджээ.

Цалин хөлс сайн, баталгаатай ажлын байранд шалгуулахаар хэдэн зуун мянган хүн Ражастан даяар байгуулсан олон мянган шалгалтын төвүүдэд ирсэн байна.

Цар тахлын улмаас уг шалгалтыг 2018 оноос хойш зохион байгуулаагүй нь илүү олон хүн өрсөлдөх шалтгаан болжээ.

Эрх баригчид шалгуулагчдыг орон нутгаас авчрахад зориулан үнэ төлбөргүй автобуснууд явуулсан байна. Үүнээс гадна шалгалтын үеэр хуулах явдал гаргахгүйн тулд гар утасны интернэтийг түр хугацаанд хаах шийдвэрийг Ражастан мужийн захиргаа гаргажээ.

Тус мужийн хамгийн олон хүн амтай буюу 6.6 сая оршин суугчтай Жайпур дүүрэгт мобайл интернэтийн сүлжээг өглөөний 8:00 цагаас оройн 5:00 цаг хүртэл хаасан байна.

Алвар, Нагаур, Сикар, Ажмер зэрэг бусад 10 дүүрэгт ижил арга хэмжээ авснаар нийтдээ 25.2 сая гаруй хүнийг хагас өдөр интернэтээс тусгаарлажээ.

Ражастан муж нь нийтдээ 68 сая гаруй хүн амтай юм.

Шалгалтыг шударга явуулахын тулд хяналтын камернууд байрлуулах, оролцогчдын амны хаалтыг ороход нь шинээр солиулах зэрэг арга хэмжээнүүдийг авчээ.

Хэдийгээр хэт хатуу арга хэмжээ мэт боловч олон хүн оролцсон шалгалтыг шударга явуулахын тулд Энэтхэгийн мужууд ийм арга хэрэглэдэг болоод байгаа. Өмнө нь Энэтхэгт болдог шалгалтууд шударга бус болдгоороо алдаршиж, олон улсын анхаарлын төвд орж байсан түүхтэй. 

Тухайлбал 2015 онд Бихар мужид болсон дунд сургуулийн шалгалтын үеэр хүүхэддээ хуулуулах материал бүхий цаас дамжуулах гэсэн эцэг эхчүүд сургуулийн барилгын хананд олноороо авирч байгааг харуулсан зураг дэлхийн олон хэвлэлүүдэд нийтлэгдэж байжээ.

 

Эх сурвалж: CNN