Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британид тээврийн жолооч олдохгүй байгаагаас шалтгаалан шатахууны хомсдол үүсчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Их Британид ачааны автомашины жолооч дутагдалтай байгаагаас шалтгаалан шатахууны хомсдол үүсчээ.

Тус улсад ачааны том оврын автомашины жолоочийн ажлыг Европын бусад улсуудаас ирсэн цагаач ажилчид ихэвчлэн гүйцэтгэдэг байсан юм. Харин Их Британи улс Европын Холбооноос гарснаар цагаач жолооч нар нутаг буцаж, дотооддоо жолооч бэлтгэх болсон байна.

Гэвч цар тахал, хорио цээрийн дэглэмийн улмаас шинээр бэлдсэн жолооч нараасаа шалгалт авч, үнэмлэх олгох ажил урт хугацаагаар тасалджээ.

Бритиш Петролиум компани 1,200 орчим шатахуун түгээх станцаа түр хаах шийдвэр гаргасан нь шатахууны нийлүүлэлт тасалдсантай холбоотой гэнэ. Лондон хот болон өмнөд Английн Кент муж даяар өнөөдөр өглөө шатахууны саваа дүүргэх гэсэн жолооч нарын урт дараалал үүсчээ.

Бараа түгээлтийн ажил тасалдсанаас супермаркетуудын лангуу хоосрох аюултай тулгарсан байна.

Их Британийн тээврийн сайд Грант Шэппс ачаа тээврийн жолооч бэлтгэн нийлүүлэлтэд цар тахал нөлөөлж буйг хэлээд цагаач жолооч нарын визийг хөнгөлөх бүх хувилбарыг судалж байгаагаа өнөөдөр Sky News сувагт ярьжээ.

Харин ложистик тээврийн компаниудын удирдлагууд хямралаас түргэн гарах шийдэл засгийн газарт олдоно гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлцгээж байна. 

Тэд жолоочийн хомсдол ирэх зул сарын баярыг хүртэл үргэлжлэх өндөр магадлалтай гэж дүгнэжээ. Британийн ачаа тээврийн холбоо Road Haulage Association дотоодоосоо жолооч хангалттай тоогоор бэлтгэх хүртэл гадаадын жолооч нарт богино хугацааны виз өгөхийг засгийн газартаа уриалсан байна.

Brexit-ийн дараа Их Британиас 25,000 орчим цагаач жолооч Европын эх газар руу буцацгаажээ. Үүний дараа Британид 100,000 орчим шинэ жолооч хэрэгтэй байгааг Road Haulage Association мэдэгдэж байв.

Тээврийн сайд Шэппс өнөөдөр бас Times Radio сувагт ярихдаа жолоочийн хомсдол Brexit-ээс болоогүй, харин хөл хорионы дэглэмийн улмаас дотооддоо бэлдсэн 40,000 жолоочоос шалгалт авах ажилд саад гарсныг баталжээ.

 

Эх сурвалж: Reuters