Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг хуримтлуулдаг байх бодлогын шинэчлэл рүү шилжинэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан "Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулалт 2021" зөвлөлдөх уулзалт өчигдөр Төрийн ордонд болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халамжийг хөдөлмөрт шилжүүлэх төрийн бодлогын талаар товч танилцуулсан юм. 

Манай улсын нийт хүн амын 80 хувь нь төрөөс олгодог халамжийг ямар нэгэн хэмжээгээр хүртдэг бөгөөд үүнд зориулж улсын төсвийн 30 хувийг зарцуулдаг байна.

Халамжийн нэг хэлбэр болох төрөөс олгодог хүүхдийн мөнгийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар Ерөнхий сайд танилцуулсан.

Тэрбээр "Цалинтай ээж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн бодлого цар тахлын үед үнэхээр хэрэгтэй байсан. Хүүхдийн мөнгийг зөвхөн халамжийн бодлого гэж харж болохгүй. Энэ бол ирээдүйн маш том хөрөнгө оруулалт. Бид 1.4 их наяд төгрөгийг бэлнээр өгөөд яваад байх уу. Гэтэл үүнээс болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдэл өгч байна гэдэг шүүмжлэл гарч байгаа.  

Бид хүүхдийн мөнгийг одоо байгаа хэмжээгээр нь хуримтлуулах, өөрөөр хэлбэл хадгаламжтай монголыг бүтээх бодлогын шинэчлэл рүү цаг алдалгүй орох шаардлагатай байна. Хүүхэд мөнгөө хуримтлалаар авна гэсэн үг.

Ирээдүйн өв сан зэрэг ирээдүйд ашиглах сангуудад мөнгөн гүйлгээ хийж, тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 орчим сая төгрөгийн хадгаламжтай болсон байх бодлогын шинэчлэлийг хийж чадвал ирээдүйд боловсрол, эрүүл мэндийн баталгаатай, орон сууцтай иргэдийг бий болгоно. Ингэж чадвал дундаж давхаргыг бий болгох үндэсний тогтолцоог бий болгож, хуримтлалын нэгдсэн сангийг эхний суурийг тавих юм" гэлээ.