Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: Улсын хэмжээнд 245 сургуулийн 43 мянга гаруй сурагч цахим хэлбэрт шилжээд байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш гурван удаа буюу есдүгээр сарын 1, 3, 10-нд  үндэсний хэмжээний тандалт судалгааг хийгээд байна. 

Эхний мэдээллээр есдүгээр сарын 1-нд ерөнхий боловсролын сургуулиудын 88.8 хувь нь ямар нэгэн хэлбэрээр хичээлээ эхлүүлсэн байсан. Хичээлээ эхлүүлсэн сургуулиудын 21.2 хувь нь танхимаар, 78.8 хувь нь 5/9 зарчмаар хичээллэж эхэлсэн. Нийт сургуулийн 11.2 хувь буюу 94 сургууль тодорхой хугацаанд бүрэн цахимаар хичээллэх зохицуулалтыг холбогдох онцгой комиссоос гаргасан байна. 

Харин есдүгээр сарын 10-ны байдлаар нийт 205 сургуулийн 86 мянган сурагч танхимаар, 5/9 зарчмаар 552 сургуулийн 519 мянга орчим сурагч хичээллэж байгаа мэдээлэл ирлээ. 

Есдүгээр сарын 3-н буюу хичээл эхэлсэн долоо хоногийн Баасан гарагийн мэдээгээр 100 сургуулийн 29 мянга гаруй сурагч цахим хэлбэрт шилжээд байсан бол долоо хоногийн дараа 245 сургуулийн 43 мянга гаруй сурагч цахим хэлбэрт шилжээд байна. 

Суралцагчдад зайн хэлбэрээр суралцах эрхийг олгосон бөгөөд есдүгээр сарын 3-ны байдлаар 29 мянга орчим суралцагч, 10-ны байдлаар 33 мянган суралцагч зайн хэлбэрээр суралцах хүсэлт гаргалаа. 

Есдүгээр сарын 12-ны байдлаар коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийн 19.5 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа нь энэ сарын 1-ний өдөртэй харьцуулахад 0.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор 0-18 насны хүүхдийн өвчлөл нэмэгдээгүй гэсэн үг" хэмээн хэллээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТООН МЭДЭЭЛЭЛ:

  • Есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 0-18 хүртэлх насны 43,135 хүүхэд байгаа нь нийт 217,741 тохиолдлын 19.8%-ийг эзэлж байна.
  • Есдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 насны 696 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 51,843 тохиолдол болсон. Энэ нь нийт тохиолдлын 19.5%-ийг эзэлж байна. Тоон мэдээллээс харахад хичээлийн үйл ажиллагаа танхим, танхимын бус хэлбэрээр эхэлснээс хойш халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.

Улсын хэмжээнд Ковид-19-ийн эсрэг вакцины хамрагдалтыг авч үзвэл 12-15 насны хүүхдүүдийн 89 хувь нь нэгдүгээр тунд, 76 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.