Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛЫН БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 8
Сурталчилгаа

2021 оны 9 сарын 7, Улаанбаатар хот

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ эрин үе эхэлж Биржийн бус зах зээл (ББЗЗ)-ийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. ББЗЗ-ийн үйл ажиллагааг “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” (МҮЦАЭХ) өөрийгөө зохицуулах байгууллагаас удирдан зохион байгуулах бөгөөд арилжааны системийн хөгжүүлэлтийг “Анд системс” ХХК хийж гүйцэтгэв.

Монгол Улсад биржийн бус зах зээл хөгжих эрх зүйн орчин өнгөрсөн онд буюу СЗХ-ны 12 сарын 9-ны өдрийн 995 дугаар тогтоолоор Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар бүрдсэн юм. СЗХ-ны баталсан дээрх журмын дагуу МҮЦАЭХ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд МҮЦАЭХ нь ББЗЗ-ийн нарийвчилсан журмуудыг боловсруулж СЗХ-ны даргын 2021 оны 7 сарын 1-ний 168 тоот тушаалаар батламжлуулсан. Мөн 2021 оны 5 сард сонгон шалгаруулалт зарлан арилжааны систем хөгжүүлэгч компанийг шалгаруулсан. Сонгон шалгаруулалтад “Анд системс” компани ялж, биржийн бус зах зээлийн арилжааны системийг хөгжүүлж ашиглалтад оруулаад байна.

Улмаар 9 сарын 3-нд нийт 3 үнэт цаас гаргагчийн 16.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5 бондын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын захиалга 100% биелж анхдагч зах зээлийн захиалга амжилттай хаагдсан. Харин эдгээр бондын хоёрдогч зах зээлийн арилжаа нь өнөөдөр буюу 9 сарын 7-нд эхэлснээр Монголын биржийн бус зах зээлийн арилжаа албан ёсоор эхэлж байна.

Монголын биржийн бус зах зээлийн хамгийн анхны үнэт цаасаар “Монкон констракшн” компанийн гурван төрлийн нийт 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Монкон бонд”-ыг бүртгэсэн бөгөөд бондын андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажилласан. Мөн үүнтэй зэрэгцэн “Гэрэл финанс ББСБ” компанийн 500 сая төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг “Апекс капитал” компани андеррайтераар ажиллаж гаргасан бөгөөд “Бизнес-инвест девелопмент ББСБ”-ын 1 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийг “Өлзий энд ко капитал” компани андеррайтераар ажиллаж гаргалаа.

Биржийн бус зах зээл (OTC Market) нь үнэт цаас гаргагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон гаргасан үнэт цаасны хоёрдогч зах зээл бий болох, хөрвөх чадвар сайжирч, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг давуу талыг олгодог юм. Монгол Улсын хувьд үнэт цаас гаргагч компани мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон гаргасан үнэт цаасыг арилжаалах ББЗЗ-ийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлага дор ийнхүү анх удаагаа эхлүүлж байна.

“Анд системс” ХХК-ийн хөгжүүлсэн Биржийн бус зах зээлийн арилжааны систем нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” (ҮЦТХТ)-ийн бүртгэл болон төлбөр тооцооны системтэй холбогдсон бөгөөд үнэт цаасыг бүртгэх, анхдагч зах зээлийн захиалга авах, арилжих, төлбөр тооцоог хийх бүх үе шат бүрэн цахимжсан гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн арилжааны систем нь чатаар дамжуулан арилжаа хийх, бондын үнэ болон хүүг тооцоолох тооцооны функцүүдийг багтаахын зэрэгцээ үнэт цаасыг бүртгэх хүсэлт илгээх, хүсэлтийг хянах, үнэт цаас гаргагчийн тайлан мэдээг нийтлэх зэрэг үйл ажиллагааг 100% цахимаар хийх боломжтой болсон нь Монголдоо анхдагч болж байна. Ингэснээр ББЗЗ-ийн арилжааны систем нь хөрөнгө оруулагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэсэн, хөрөнгө оруулахад таатай, хялбар талбар байх юм. Хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор хөгжүүлсэн www.otc.mn цахим хуудсаар зочилж, өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компаниар дамжуулан биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох боломжтой.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, банкнаас бусад санхүүгийн зах зээл болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийх, бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд ББЗЗ-ын үйл ажиллагааны ерөнхий зохицуулалтыг хангах юм.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) нь Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн Монголын үнэт цаасны зах зээл дэх анхны Өөрийгөө зохицуулах байгууллага (ӨЗБ) юм. МҮЦАЭХолбоо нь брокер, дилерийн компаниудын санаачилгаар 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө нийт 67 гишүүн байгууллагатай Монголын хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг хангахаар үйл ажиллагаа явуулж байна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) нь Монгол улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, өмчлөх эрх бүртгэл болон арилжааны төлбөрийн үйлчилгээг үзүүлдэг 100 хувь төрийн өмчит, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага юм.

ЖАЙКА-Japan International Cooperation Agency (JICA) нь хөгжиж буй бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих замаар олон улсын хамтын ажиллагааг дэмжих, Японы болон дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой агентлаг юм. Монгол улсын “Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Биржийн бус зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Анд Системс ХХК нь мэдээлэл технологи, програм хангамж дундаа Монгол улсын анхдагч Финтек шийдлүүдийн хѳгжүүлэгчдийн нэг юм. Үүсгэн байгуулагдсанаас хойш Компани нь Дэлхийд танигдсан Монголын Финтек технологийн хѳгжүүлэгч болж, ЛэндМН, СүперАп зэрэг технологи дээр суурилсан хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээний шийдлийг хөгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.


Холбоо барих:

info@masd.mn

contact@and.global

 
 
 
 
 
 
 
 
МҮЦАЭХ ӨЗБ "Биржийн бус зах зээлийн НЭЭЛТИЙН ЦАН ЦОХИХ ёслол" 2021/09/07

МҮЦАЭХ ӨЗБ Биржийн бус зах зээлийн -Танилцуулга инфографик

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.