Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хажидмаа: Тэтгэвэр, тэтгэмжийг доод тал нь ₮500,000 болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмдэг тогтолцоотой болох шаардлагатай байгаа талаар Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос мэдээлэл хийлээ.

Иргэн Г.Хажидмаа "2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд иргэн бүрд нэг сая төгрөг олгооч гэсэн шаардлагыг 20 гаруй удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байсан боловч шийдээгүй. Үүний үр дүнд харин хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр болох 250 мянган төгрөгөөр 190 гаруй мянган ахмад амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 108 мянган төгрөг авч байгаа. Эдгээр иргэнийг яаж амьдарч байгаа гэж бодож байна. Гэтэл Ерөнхий сайд нь хөшөө барьж, нурааж тоглож байна. Залуучууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, гудамжинд гарч байна. Бидэнтэй олон хүн нэгдэхээ илэрхийлсэн. Гэвч цар тахлын үе учир олон хүн цуглуулсангүй.

Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг дахиад Ерөнхий сайдад өгнө. Шаардлагад гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдэг санал асуулгыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлнэ" гэв. 

Иргэн З.Даваа "Монголчууд орлогогүй боллоо. Төр засаг энэ талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Төрийн мөнгө гэж байхгүй. Иргэдийн татварын мөнгө гэж бий.

Тэтгэвэр, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Миний хувьд улсад 36 жил татвар төлсөн. Гэтэл бидний төлсөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг луйвардсан" хэмээн ярилаа.