Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жадамба: Багш бэлтгэх сургуулийн удирдлагыг мерит зарчмаар томилсон нь зөв алхам байлаа

ikon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гавъяат багш, академич, Монголын багш нарын холбооны Ерөнхийлөгч, МУБИС-ийн Суурь судалгааны төвийн эрхлэгч Бадрахын Жадамбаатай ярилцлаа.

-Юуны түрүүнд Танд шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе. Коронавирус цар тахалтай холбоотойгоор бүхий л салбар шинэ сорилтуудтай нүүр тулж байна. Боловсролын салбарын тухайд цар тахлын нөлөө хамгийн их мэдрэгдэж байгаа салбар шүү дээ. Таны хувьд салбарынхаа өөрчлөлт, шинэчлэлийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Энэ жил шинэ цагийн боловсролын тогтолцоо үүсч хөгжсөний 100 дахь хичээлийн шинэ жилтэй золгож байна. Их олон шинэ, содон үйл явдлууд дүүрэн жил байна. Манай салбарын тухайд гэвэл Боловсролын тухай хуулийн төслийг боловсруулж, Монголын өнцөг булан бүрт байгаа багш нарын санаа оноог авч өргөн барихаар бэлтгэл хангаж байгаа нь заавал дурьдах үйл явдал байна л даа. Шинэ Засгийн газар байгуулагдаж, боловсролын асуудлыг тогтолцоогоор бүхлээр нь харах шинэ бодлого, санаа дэвшүүлж байгааг хэлмээр байна.

Энд хоёр зүйлийг тодруулж, хэлэхэд нэгдүгээрт, боловсролын шинэчлэлийг тогтолцоогоор харах, хоёрдугаарт, шинэчлэлийн цөм нь багш, түүнийг бэлтгэх тогтолцоо юм гэдгийг олж харж байгаад баяртай байна.  Сүүлийн үед багш бэлтгэх тогтолцоо, багш нарын нийгмийн асуудалд салбарын сайд нэлээд анхаарч, тогтож тунгаан бодож байна уу даа гэж ажиглалаа. Үүнийх нь илрэл нь багш бэлтгэх сургуулийн удирдлага бүтцийг сайжруулах анхны алхмаа зөв хийлээ. Тухайлбал, МУБИС-ийн 2021 оны хичээлийн шинэ жилээр хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, шатлан дэвших мерит зарчмаар их сургуульдаа олон жил ажилласан О.Алтангоо профессорыг багш бэлтгэх сургуулийн удирдлагаар томилсон нь боловсролын шинэчлэлийн оновчтой алхмын эхлэл байлаа.

-Багш бэлтгэх цөм болсон энэ сургуулийг нэгэн цагт та  удирдаж, чиглүүлж явсан хүн. Өөрийн туршлага, сорилт, бэрхшээлээс дүгнэхэд ямар хүн боловсролын салбарт сайн удирдагч байж чадна гэж боддог вэ?

-Сүүлийн жилүүдэд ганцхан миний ч биш, энэ салбарт ажилладаг хүмүүсийн сэтгэл зовниж байгаа асуудал бол боловсролын салбарыг маш их улстөржүүлдэг боллоо. Хуучин цагт бол жинхэнэ шатлан дэвших зарчмаар боловсролын салбарын удирдлагууд томилогддог байлаа шүү дээ. Сүүлдээ бол улс төр, нам дагасан хүмүүс хаалга тогшихгүй орж ирдэг болсон доо. Ийм томилгооноос үүдэлтэй хамт олны итгэл сулрах, хамтын ажиллагаа үр дүнгүй болдог. МУБИС-ийн захирлаар томилогдсон профессор О.Алтангоо нь их сургуульдаа 24 жил багш, тэнхмийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн удирдлагын багт байсан ном журам, шат дараагаар явсан хүн. Цаашдаа ганцхан МУБИС гэхгүйгээр бүх шатны боловсролын байгууллагыг ийм л хүн удирдах учиртай, ингэж байж боловсролын хөгжил зөв гольдролдоо орно шүү дээ.

-МУБИС-ийн алсын хараа, цаашид баримталж ажиллах зарчмуудын тухайд ямар саналтай байдаг вэ?

-Багш бэлтгэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх байдлыг цоо шинээр харж, уламжлал соёлдоо түшиглэн, олон улсын чиг хандлагыг баримжаалан хөтөч үзлээ шинээр томъёолох шаардлага үүсч байна. Өөрөөр хэлбэл, суралцахад дадсан, хүүхдийг суралцахуйд сургаж чадах тийм л багшийг бэлтгэх хэрэгтэй байна. Яг ийм чадварыг сурч чадсан багш ажлын талбарт гараад өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг. Сурагчдад хичээлээ заангаа хамт хөгжөөд явдаг, өөрчлөлт шинэчлэлд хурдан дасан зохицох чадвартай байх нь зүйтэй. Олон улсын чиг хандлагаар хүүхдүүд өөрөө мэдлэгээ зохиомжлон бүтээгээд хөгжөөд явах шаардлага тавигдаж байна шүү дээ. Суралцахуйд сурсан багш бэлтгэх энэ зарчмыг МУБИС-ийнхан түүчээлж, эхлэл суурь болсон олон ажлуудыг хийгээд явж байна. Энэ зарчмыг баримталж, ажлуудыг санаачилж, зохион байгуулж явсан хүний нэг нь одоогийн О.Алтангоо захирал байгаа юм.

-“Боловсролын байгууллагын удирдлагуудын томилгоог улстөржүүлэх нь элбэг болсон” гэж та хэллээ. Гэхдээ тухайн чиглэлийн сайн мэргэжилтнээс илүүтэй сайн менежер томилох нь зүйтэй гэдэг байр суурийг зарим хүмүүс илэрхийлдэг. Энэ тал дээр мерит зарчим гэж хатуу шаардлага тавих нь зөв үү?

-Аливаа зүйл хоёр талтай. Удирдах албан тушаал хашиж байгаа хүнд нэгтгэн зохион байгуулах, удирдах чадвар мэдээж чухал. Хамт олныг нэгтгэн удирдаж тэдний хүчийг зөв хуваарилж, чиглүүлдэг байх ёстой шүү дээ. Сайн менежер, сайн багшийн балансыг барих нь зүйтэй.  Сайн менежер авчирлаа гээд энэ салбартаа хамааралгүй, хол хөндий хүн тавьчихаар өнөө хэдэн багшийнхаа нарийн ширийн зовлон, жаргалыг мэддэггүй, мэдэрдэггүй санагддаг. Багшилж байсан, энэ уур амьсгал орчинд ажиллаж үзсэн, ёстой нөгөө “Номыг нь үзэж ногоотой шөлийг нь идсэн” хүн асуудлыг олж хардаг өөрөө мэддэг, хаана ямар бэрхшээл байгааг тодорхойлж, түүнийг засч чаддаг юм билээ.

-Шинэ Засгийн газар байгуулагдах, шинэ сайд ирэх бүрт хамгийн “хэлмэгддэг” нь боловсролын салбар юм шиг санагддаг л даа. Танай салбар сүүлийн үед дуулиан шуугиан ихтэй л байх шиг байна. Шинэ сайд салбарыг самарч байна уу, аварч байна уу?

-Би шинэ сайдтай томилогдсноос хойш нүүр тулж уулзаж үзээгүй ээ. Гэхдээ Л.Энх-Амгалан гэж хүн боловсролын салбарт хаана, юу хийж явааг салбарын хүний хувьд анхаарч харалгүй яахав.

Нэгдүгээрт, шинэ сайд боловсролын салбарыг том зургаар нь харж, иж бүрнээр нь энэ салбарын асуудлыг шийдчих юмсан гэсэн бодолтой байна гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, боловсролын салбарын гарааны цэг ямар байна, өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор олж харж, тодорхойлж авахад анхаарч байгаад баяртай байна.

Миний бодлоор бид гадагшаагаа их уншиж, судалж ирлээ. Болдогсон бол, одоо  дотогшоо, Монголын уламжлалт үндэсний соёлоо сайтар судалж, суурь болгож явах нь зүйтэй гэж боддог доо. Хэдэн жилийн өмнө Монгол Улсын хөгжлийн номлол гэгчийг Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Энхтүвшиний удирдлага дор хэд хэдэн эрдэмтэн судлаачид нийлж гаргасан. Үүнийг хийж байхад, Монгол Улсын Үндсэн хуульд “… Үндэсний өв соёлоо түшиглэн, бусдыг хүндэтгэн хөгжинө…” гэж бичсэн байдаг. Тэгэхээр энд бусдын соёлд түшиглэн хөгжинө гэж өгүүлбэр байхгүй, үндэсний соёлд гэж байгаа юм. Энэ бол мартаж болохгүй, санаа агуулга байгаа юм.

Түүнээс гадна багш нарын нийгмийн асуудал, үнэлэмжийг дээшлүүлэхэд Л.Энх-Амгалан сайдыг анхаарч байна, цаашдаа энэ чиглэлд илүү их ажил хийгээсэй гэж хүсч байна. Нийгмийн асуудлаа шийдэж, сэтгэл амар байж чадахгүй байгаа багш хүнээс боловсролын чанарын шаардлага тавихад хүндрэлтэй л дээ. Ойрын жилүүдэд багш нарын цалинг нэмэгдүүлэх, санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжийг бүрдүүлэх чухал байна даа.

 

Ярилцсанд баярлалаа