Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын хүн амын 64% нь COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 68.7 хувь, хоёр дахь тунд 64.1 хувь нь хамрагдлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, вакцины эхний тунд 12-оос дээш насны 2,236,363 иргэн хамрагдаад буй. Үүнээс 2,085,000 нь хоёрдугаар тунг хийлгэжээ.

 

Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.

ХӨСҮТ-ийн судалгаагаар вакцин нас баралтаас 93%, халдвараас 75% хамгаалж байгаа нь нотлогджээ.

Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа.

Уг хувилбар нь маш хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд уг хувилбараар өвчилсөн тохиолдлын 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй юм.

Тиймээс өнөөдрөөс эхлэн зорилтот бүлгийн иргэдийг вакцины гурав дахь тун буюу нэмэлт тунгаар дархлаажуулахаар болсон. 

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “Cor V” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах юм.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.