Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

“RE/MAX NOMAD” оффисын захирал Э.Сэлэнгэ: Энэ амьдралдаа аль болох чадлаараа бусдад өгч бай. Энэ л чамайг аз жаргалтай болгоно

ikon.mn
2021 оны 8 сарын 30
Сурталчилгаа

-Э.Сэлэнгийг загвар өмсөгч, топ модель гэдгээр нь мэдэх хүн олон. Тэгвэл хэзээнээс үл хөдлөх хөрөнгийн салбарт орсон бэ гэдэг нь сонирхолтой байна?

-Би 10 жилийн сурагч байх үеэсээ эхлэн ярья гэж бодож байна. Яагаад вэ? гэвэл тэр цаг үед миний хөдөлмөрийн гараа эхэлсэн. Анх 13 наснаасаа эхлээд загварын салбарт моделийн карьераа эхэлж байсан. Үүнээс хойш өөрийн хийж байгаа зүйлээ хобби болгох, тэр хобби болсон зүйл маань эргээд надад амжилт өгдөг гэдгийг мэдэрсэн. Дараа нь телевизийн салбарт орох  сонирхол төрж 10 жилийн сурагч байхдаа “UBS” телевизийн “One step” гэж загварын нэвтрүүлгийг хөтөлдөг байлаа.

Би “Олон улс судлалын дээд сургууль”-ийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа “Айст Монголиа” буюу Монгол дахь Оросын телевизэд “Төрх” нэртэй эмэгтэйчүүдийн нэвтрүүлэгт хөтлөгч хийж байсан. Түүний дараа багийнхаа мөрөөдөлийнхөө ажил болох мэдээний хөтлөгчийн ажлыг “VTV”-д хийсэн.  Энэ миний амьдралд нээгдсэн бас нэгэн шинэ хуудас байсан. Мэдээ гэдэг бол илүү албан ёсны олон хүний өмнө хариуцлага хүлээж нүүр царай нь болж телевизийн анкор хийх нь миний хувьд их сонирхолтой, бас яг миний хобби байлаа. Мөн загварын агентлагт ажиллаад, дараа нь загварын агентлагаа нээсэн. Хоёр жилийн туршлагын энэ тал дээр туршлага хуримтлуулаад өөрийнхөө шавь нарыг бэлтгээд “Mongolian next top model”-ийн хамгийн анхны ялагч болсон Цэкү / Цэрэндолгор/ бас миний шавь гээд бодохоор хүн ер нь олон зүйлийг багаасаа амжуулж сурах ёстой юм байна, хурдтай байх ёстой гэдгийг хийж байсан зүйлүүдээсээ ойлгож авсан.

 

RE/MAX-ын хувьд 2016 онд өөрөө үл хөдлөх хөрөнгийн агентыг бэлтгэх мэргэжилтний сертификат олгох сургалтад суугаад албан ёсоор 2017 онд үл хөдлөх хөрөнгө зуучлалын ажлаа эхэлж байсан. Тэр цагаас хойш зогсолтгүй ажиллаж, яг энэ салбараа сонирхож, энэ салбарынхаа боломжийг олж харсан. Цаашид энэ чиглэлээр Монголд хөгжүүлэх маш олон зүйл байгаа юм байна, том орон зай байгаа юм байна, тэр олон улсын хэмжээндээ ч тэр том далайцтай салбар учраас энэ салбарынхаа дараагийн шинэ үүд хаалгыг хүмүүст болоод өөртөө нээгээд RE/MAX NOMAD OFFICE –ыг нөхөртэйгөө хамт эхлүүлсэн. Албан ёсоор франчайзаа 2020.09.09-нд гэрээнд гарын үсгээ зурж аваад 2020 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Нээгдээд хагас жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ яг энэ цаг үед хөл хорио 4 удаа болж, улс даяараа л хямрал, эрсдэлийн үеийг даван туулахтай зэрэгцсэн байгаа юм. Гэсэн хэдий ч алсын зорилгоо тодорхойлсон учраас хөл хорио тогтоох бүрт ажлуудаа маш сайн төлөвлөн баг хамт олныхоо хүчээр амжилттай ажиллаж байна.

-Ярилцлагын эхэнд хэлж байсан хурдтай байхыг сурлаа, багаасаа ажил хөдөлмөрийн амтыг аваад юу хийх вэ, чадах вэ гэдгээ өөрийнхөө биеэр сориод мэдээд явсан юм байна. Зарим хүмүүсийг харахад эцэг эх болоод өөр бусад хүний зөвлөгөөг дагаж хийх зүйлээ шийдээд байдаг. Өөрийн тань хувьд хэр өөрийнхөөрөө амьдралаа шийдэж зоригтой шийд гаргаж чаддаг вэ?

-Бүх хүний өмнө сонголт байдаг. Тийм үгүй, энэ зүйлийг хийж болно хийхгүй ч байж болно, өглөө эрт сэрж болно эсвэл үргэлжлүүлээд унтаж болно. Миний хувьд багаасаа өөртэйгөө ажилласан гэж боддог. Загвар өмсөгч болохоосоо ч өмнө би хоёр удаа хөлний мэс засалд орсон. Энэ үеэс л өөрөө өөртэйгөө л ажиллаад эхэлсэн байсан. Би уйлаад хэвтэх үү, эсвэл дасгалаа хийгээд хичээх ёстой юу? Хүмүүсийн үгэнд авах гээхийн ухаанаар ханддаг. Мэдээж аав, ээжээ, гэр бүл, найз нөхдөө, өөрийгөө сонсоно. Хэцүү шантрах гутрах үедээ дандаа өөрийгөө сонсох хэрэгтэй. Харин бусдын үгнээс авах юмаа аваад “би ийм зүйлд алдаад байдаг юм байна, дутагдал нь энэ юм байна” гэж дүгнээд цаашаа засаад явахыг хичээдэг.  Түүнээс биш чи хэн нэгэн хүний үгээр юм уу сонголтоор явлаа гэхэд буруу байвал яах юм. Тэр хүнийг буруутгах юм уу гэдгийг бодох хэрэгтэй.

 

-Өдөр тутмын амьдрал өрнүүн байна. Хүн бүр завгүй уулзалт, тийм ажил гээд цагтай уралдаж явдаг. Гэтэл энэ амьдрал чинь өөрөө цаг хугацаатай. Энэ үнэтэй цаг хугацаагаа яаж үр ашигтай өнгөрүүлэх ёстой юм. Та амьдралынхаа үнэ цэнийг юу гэж харж байгаа бол?

-Цаг хугацааны гинжин холбоос дунд бид амьдарч байна. Эргээд харахад өнгөрсөн амьдрал, ирээдүй, гэхдээ бид нар яг одоо амьдарч байгаа. Өнгөрсөн одоо ирээдүй бий. Гэхдээ яг одоо амьдарч байгаадаа л төвлөр. Яг одоо байгаа, мэдэрч байгаа, хийж байгаа, ажиллаж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдэрч аз жаргалыг бусдад өгөх хэрэгтэй. Амьдралд хоёр төрлийн хүн байдаг. Бусдаас дандаа авдаг. Авах гээд л байдаг ёроолгүй сав шиг хүн. Гэтэл ганцхан авах ёстой биш шүү дээ. Эсрэгээрээ энэ амьдралдаа байгаа боломжиндоо тааруулж бусдад өгч чадахаар юу байна түүнийгээ л л өгч амьдрах ёстой. Одоо хүмүүсийн дунд сэтгэл зүйн тулааны үе ирсэн байна. Хэн нь сэтгэл зүйн хүчтэй вэ гэдэг тулаан явагдаад байна. Карантин бол хүмүүсийг маш олон янзаар өөрчилж байна. Стресст орж байна. Өмнө нь харж байсан зүйлээ өөрөөр харж байна. Хариу үйлдэл нь хүртэл өөрчлөгдөж байна. Би ч гэсэн өнөөдрийн Сэлэнгээ яаж бий болсон юм гэдгийг эргэцүүллээ. Тэгэхээр хүмүүс утга учиртай амьдралаа ерөөсөө бусдад өгдөг юм байна. Энэ амьдралаа хүмүүст өгдөг юм байна. Эмээ маань бол насаараа л үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж бүх зүйлээ сайхан сүлсэн цайтайгаа хамт өгдөг хүн байлаа. Ийм орчинд өсөөд ийм хүмүүжлээр хүмүүжсэн юм байна. Тэгээд аав ээж маань ч гэсэн маш хөдөлмөрч хүмүүс. Хүүхдүүдийнхээ төлөө өөрсдийнхөө амьдралыг тэгээс нь эхлээд аз жаргалтай өнөөдрийнхөө амьдралыг бүтээсэн хүмүүс байна. Тэгэхээр энэ хүмүүжил өнөөдөр миний хийж байгаа үйлдэл болгон дээр л нөлөөлсөн байх юм. Тийм болохоор би одоо хүүхдүүдээ хөгжүүлэх тал дээр нь нэлээн сайн анхаарч ажиллаж байгаа.

-Э.Сэлэнгэ сэтгүүлч, хөтлөгч, загвар өмсөгч хүн. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн салбарт ороод бие даасан оффис удирдаад явж байна.  Та эндээс чухам ямар боломж олж харсан юм. Тэр боломж бусдад бас бий юу?

-Үл хөдлөх хөрөнгийн салбар маш том боломж. Зах зээл нь өөрөө том. Үл хөдлөх хөрөнгө гэдэг хоол ундны дараа ордог хоёрдогч хэрэгцээ шүү дээ. Тэгэхээр бид яг хүмүүсийн хэрэгцээ дээр нь ажиллаж байна. Тухайн хүний хэрэгцээг өөрсдөөс нь илүү мэдрээд аав нь, ээж нь, найз нөхөр нь юм шиг ярилцаад ажиллах ёстой. Тэгж байж тэр хүний цаана очих ирээдүйд амьдрах орчныг нь бүрдүүлээд аз жаргалыг нь хамтдаа бүтээх гээд  байна шүү дээ. Гэхдээ мэдээж агенттай амьдрахгүй л дээ / инээв/.

Брокер оффис ч гэсэн маш хариуцлагатай байх хэрэгтэй. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ард амьдрал нь байдаг. Тэр хүмүүс өнөөдөр яг энэ ажлыг хийгээд амьдралаа бүтээж байгаа хүмүүс. Мэдээж санхүүгийн хувь, карьерын хувьд, хувь хүний хөгжлийн хувьд өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа ажил. Яг төвлөрөөд бүтэн ажиллаж чадах юм бол энэ ажил маань маш сайхан. Миний хувьд ачаалалтай хүмүүстэй ажилладаг хүн. Тэгэхээр төдий хэмжээгээр оюуны хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг маш сайн сонсох ёстой, зарим хүмүүс маш их сэтгэлээр унах үе байна. Гүйлгээ гарах гэж байгаад болих, хэд хэдэн удаа бүтэлгүйтэх зүйл тохиолдоно шүү дээ. Маш удаан хугацаанд ингэж ажиллаж байгаад том тэсрэлт хийгээд маш том гүйлгээг хийх боломж хүртэл байна. Тэгэхээр сэтгэл зүйн савлагаа бол энэ бизнес дээр маш өндөр байдаг. Энэ сэтгэл зүйн савлагааны балансыг миний хувьд барьж байх ёстой хүн. Өөртөө итгэх итгэлийг нь нэмнэ, сул тал, давуу талаа ярилцана. RE/MAX MONGOLIA  ч агентуудаа хөгжүүлэх сургалт, маркетингийн хичээлүүд, хувь хүний  брендингийн хичээлүүд гээд бүх талаар дэмжиж ажилладаг.

 

-Э.Сэлэнгэ хувь хүний зүгээс энэ үл хөдлөхийн салбартаа болж байна чадаж байна гэж нэг ёсондоо өөрийгөө мэдэрч яваа юм шиг санагдлаа. Тэр утгаараа агентууд руугаа илүү чиглэж ажиллаж байна уу гэж ажиглагдлаа?

-Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш “RE/MAX NOMAD” оффис руу 100 хувь анхаарсан. “RE/MAX NOMAD”  оффис гэнгүүт Сэлэнгээ харагдах ёсгүй байхгүй юу. Тэгэхээр энэ 6 сарын хугацаанд манай оффисын үйл ажиллагаа, маркетингийн хөтөлбөрүүд бүгд агентууд руугаа чиглэсэн. Агент болгон маань ямар нэг давтагдашгүй онцлогтой байдаг.  Насаараа нягтлан хийж байсан, сувилагч, эмч, боловсролын салбар, банк санхүүгийн салбар, төрийн албан хаагч хийж байсан хүмүүс гээд олон мэргэжлийн хүмүүс нэг дор ажиллаж байна. Тэгэхээр энэ хүмүүстээ үл хөдлөх хөрөнгийн тоон дээр суурилсан мэдээллийг цаг хугацаатайгаа хурдтай өгөх, ажлаа явуулахад нь хэрэгтэй бүх мэдлэгийг өгөхөд л анхаарч байна.

 

-Одоо RE/MAX –ын агентууд 1000-аас илүү болж, оффис нь 60 боллоо гэж сонссон. Тэгэхээр энэ олон тоон дунд мэдээж “RE/MAX NOMAD” гэдэг оффис  ялгарах нь бас чухал байх. Энэ дунд чинь бас өрсөлдөөн яваад байна шүү дээ. Тэгэхээр  өрсөлдөөнийг яаж харж багаа бэлдэж байна?

-“RE/MAX NOMAD” гэдэг нэрийн тухайд Монголын уламжлалт соёл нүүдэлчин ард түмэн номадууд байхгүй юу. Бид нарын үндсэн уриа бол “Бид таны дараагийн нүүдэлд хамтдаа”  гэсэн уриатай ажилладаг. Яг энэ урианыхаа дагуу тухайн хүмүүсийн хувьд карьерынх нь дараагийн нүүдлийг бас хийж байна. Үл хөдлөхийн салбарт ажиллах гэж байгаа хүмүүс шинэ карьераа эхлүүлж байгаа хүмүүс шүү дээ. Мэдээж дараагийн нүүдлээ хийх гэж байгаа хүмүүст мэргэжлийн зөвлөгөөг нь өгөөд дараагийн нүүдлээ хийхэд нь мэргэжлийн  тусламж үйлчилгээг үзүүлдэг.  Долоо хоног бүр агентууддаа зориулсан сургалт явуулж байна. Зөвхөн үл хөдлөхөөр хязгаарлахгүй гоо сайхан, хувцаслалт, барилгын хийцлэл, банк санхүү нотариат, зээл яаж олгодог процесс нь яаж явдаг гээд өргөн хүрээний сургалт хөгжүүлэлтийг хийж байна.

 

-Танай RE/MAX-ынхан өдөртөө хоёр юм уу, гурван гүйлгээ хийчихье гээд гадны хүний чихээр сонсоход худалдах худалдан авах ажиллагааг амархан хийж байгаа юм шиг сонсогдоод байгаа юм. Нөгөө талаас сарын гүйлгээ хийсэн мөнгөн дүнг нь харахад нэлээн том дүн яваад байна л даа. Үүний цаана яг яаж ажилладаг юм бэ?

-Би RE/MAX MONGOLIA-д 2015 онд орсон. Гэхдээ 50 жилийн бизнесийн түүхтэй франчайзын гарын авлагыг нь бид аваад ажиллаж байна. Нөү хау–г нь худалдаж аваад гэрээгээр бид албан ёсоор эзэмшиж байгаа хүмүүс.  Бид энэ бизнесийн бүрэн бүтэн номтой болчхож байгаа юм. Хамтын хүчээр бизнесээ босгоод 60  дэх оффис гарын үсгээ зурж байна. Бид улам олуулаа болно.  Ажил хийж байгаа хүн чинь ам тосдоно шүү дээ. Хийсэн зүйлийнхээ үр дүнг, олон хүний баярлалаа гэдэг үгийг сонсоод цалингаа авдаг гоё ажил. Тэгэхээр би энэ ажлаа маш их буянтай ажил гэж боддог.

-Бид хоёрын яриа их л ажил хэрэгч болоод байна уу. Ажил ажил гээд л яваад байдаг гэр бүл үр хүүхдүүддээ хэр анхаарал хандуулж чадаж байна?

-Бага охин маань ой долоон сартай, эргээд харахад энэ цаг хугацаа их хурдан өнгөрсөн байна.  2017 оноос хойш тасралтгүй  үл хөдлөхийнхөө ажлыг хийлээ. Цагийн хувьд зөв зохицуулалт хийх хэрэгтэй болдог. Бүтэн жилийнхээ төлөвлөгөөг гаргаад улирал сар, 7 хоногтоо хуваагаад ажлаа хийдэг.  Өглөө цэцэрлэгт охиноо хүргэж өгөх орой авах гээд ажлаа амжуулна. Амралтын өдрүүдийг зөвхөн гэр бүлийнхэндээ, өөртөө зарцуулдаг. Бусад хүмүүст ч гэсэн хэлэхэд зөв зохион байгуулалт хийж сурах хэрэгтэй. Та өглөө усаа уугаад, зөв хоолоо сонгож ид, зөв цагтаа унт, тэгээд зөв хүмүүсээрээ хүрээлүүл. Өөрийнхөө өмнө гарч ирж байгаа сонголтыг зөв хийж зөв явахад л болно доо. 

 

-Салбар салбарт хүч үзлээ. Өөрийнхөө нөөц боломж чадварыг мэдэрч авлаа. Агентаас эхлээд л салбарын захирал боллоо. Цаашдаа яг яах юм бэ, хэр том тэмүүлэл, хэр том зураглал байна?

-RE/MAX дэлхийн бизнес шүү дээ. Тэгэхээр энэ сонголтыг хийсэн хүмүүсийг дэлхийн зах зээлд хөл тавихад RE/MAX NOMAD гүүр нь болно л гэж боддог. Тэр ажлаа бас эхлүүлээд явж байгаа. Гэхдээ юм бүхэн харвасан од шиг хурдан бүтэхгүй. Алхам алхмаар хөдөлмөрлөж зүтгэж зорьсондоо хүрнэ. “RE/MAX NOMAD” оффисоос Монголын тэрбумтнууд төрөөсэй, олон улсын хэмжээнд гараасай л гэж хүсдэг. Хүн хүний сав гэдэг чинь сэтгэлийн орон зай байдаг. Тэгэхээр маш гоё сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Зөв бодол зөв үг болж, зөв үг зөв үйлдэл болж таны хувь тавиланг өөрчилнө гэдэг шүү дээ. Би тэрэнд багаасаа итгэж ирсэн. Олон зүйлд өөрийгөө сорьж үзэхийг хүсэж байна. Дэлхийгээр дүүрэн аялах орон байна, уулзах хүмүүс байна. Хүн болгонд энэ давуу тал боломж, авьяас чадвар байгаа шүү гэдгийг л хэлэхийг хүсэж байна. Түүнийгээ нээхийн тулд олон төрлийн хоббитой болох хэрэгтэй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.