Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цолмон: Хичээл эхлэхэд хүүхдийн сэтгэл зүй бэлэн үү?

ikon.mn
2021 оны 8 сарын 28
Сурталчилгаа
 

Цар тахлаас үүдэн сурагчдын хичээлийн хоцрогдол эцэг, эх болоод боловсролын салбарынхны тулгамдсан асуудал болоод байна. Тэгвэл үүнээс урьтаад цар тахлаас үүдсэн нийгмийн өөрчлөлт хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байгаа, үүнээс шалтгаалсан стрессээс хүүхдээ хэрхэн гаргах вэ гэдэгт Номт Наран сургуулийн сэтгэл зүйч Д.Цолмонтой ярилцлаа.


-Хичээл эхлэх ойртсон эдгээр өдрүүдэд хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд хувь хувьдаа бэлдэж, сэтгэл догдлон хүлээж байгаа ч нэг талаасаа өвчлөл гарч байгаа үед хүүхдийн сэтгэл зүйг  хэрхэн бэлтгэх вэ?

-Эрхэм хүндэт уншигч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Хичээл эхлэх энэ сайхан мэдээнд хүн бүр таатай хандаж байгаа хэдий ч өвчлөл байгаа үед ямар ч хүн санаа зовинох нь аргагүй болов уу. Хүүхдүүдийн хувьд анги хамт олон болон найзуудтайгаа уулзаж хичээлээ хийх завгүй өдрүүдээ өгүүлж байгаа бол эцэг эхчүүдийн хувьд мэдлэг боловсролын хоцрогдол даамжирч дараа дараагийн шатны боловсролд  сөргөөр нөлөөлөх вий гэсэн бодол нь энэ хичээлийн жилийг зайлшгүй эхлүүлэх шаардлагыг бий болгоод байгаа билээ. Харин бид хичээлээ эхлүүлэхэд хүүхдийн нийгэм сэтгэл зүй бэлэн байдлыг хэрхэн хангаж, хүн бүрийн ялгаатай байдлыг хичээл сургалтын үед хэрхэн тусгах талаар сайтар бодолцож, авах арга хэмжээгээ тооцож чадвал гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Сургуулиудын хувьд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийн сацуу  тодорхой хуваарийн дагуу тогтмол хуралдаж олон олон үр дүнтэй хувилбар дэвшүүлэн эрсдэлгүй ажиллах хөтөлбөр төлөвлөгөөг гарган бүхий л боломжоо дайчлан бэлтгэж байна. Харин эцэг эхчүүд маань хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг харилцаагаар дамжуулж дэмжээрэй. Хүмүүс харилцааныхаа 70% -ийг үгэн бус хэрэгслэлээр илэрхийлдэг гэж судлаачид үздэг. Бид хүний нүүр царай, нүдний харц зэрэг биеийн хэлэмжээс маш олон мэдээллийг олж хардаг ба хэнд, хэзээ, юуг, хэрхэн хэлэх талаар үгээ оновчтой сонгон ярилцах нь тухайн харилцааны үр дүнг эрс өөрчилдөг. Тиймээс та анх сургуульд орж байгаа хүүхдэдээ юу гэж зөвлөх вэ, хоёроос дээш ангийн сурагчаас юу шаардах вэ гэдгээс эхлээд хүүхдийнхээ хандлагыг зөвөөр чиглүүлэх хэрэгтэй. Жишээлбэл: амны хаалтаа авбал халдвар авна,түүнээс улбаалан цайгаа уух бүртээ түгших болно. Харин амны хаалтаа зөв зүүснээр халдвараас урьдчилан сэргийлж чадна, амны хаалт бол намайг хамгаалдаг хэрэгсэл гэсэн бодол төрнө. Ингэж зөв зүйлийг ухаалгаар  хүргэж дадвал  эерэг үр дүнд хүрэх нь дамжиггүй. Ингээд харахаар энэ цаг үед хүн бүрийн хийх үйлдэл, хэлэх үг нь хариуцлага болоод байна.

-Та сая 6 настнуудыг тусдаа авч ярих шиг боллоо. Энэ талаар илүү дэлгэрэнгүй  мэдээлэл өгвөл?

-За тэгье, сургуульд анх элсэх гэж байгаа хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд төдийгүй сургуулиас онцгой анхаардаг л даа. Учир нь хүүхэд бүр шинэ орчинд дасан зохицох үе шатыг дамждаг. Хүүхдийн дасан зохицох боломж нь хязгаарлагдмал байдгаас нийгмийн орчинд урт хугацаанд стрессийн байдалтай байх нь сэтгэл хөдлөлийн хэвийн байдлыг эвдэж, сэтгэц физиологийн хөгжлийг саатуулдаг. Тиймээс хүүхэд стрессийг даван туулж шинэ орчинд дасан зохицоход нь туслах хэрэгцээ үүсдэг байх нь ээ. Энэ стрессийг үүсгэж байгаа шалтгаан нөхцөл харилцан адилгүй байдаг нь эцэг эхээс өөр өөр арга барил шаардана гэсэн үг юм л даа. Мөн шилжилт хөдөлгөөн хийж байгаа сурагчдад ч ижил бэрхшээл тулгардаг учраас стрессийн талаар нэмэлт тайлбар хүргэе гэж бодлоо. Стресс бол гаднаас ирсэн мэдээлэлд хариу өгч байгаа хүний энгийн хариу үйлдэл бөгөөд эерэг, сөрөг гэж байдгаараа онцлогтой. Энгийнээр хэлбэл эерэг стресс нь тулгамдсан үед таны хүч, зориг болдог бол хуримтлагдаад ирэхээрээ сэтгэц болоод бие махбодод сөргөөр нөлөөлдөг гэж ойлгож болно. Тиймээс стресс тайлах энгийн аргуудад суралцсанаар цаашид гарч болох олон хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Жишээлбэл: Амьсгалын дасгал, тогтмол дасгал хөдөлгөөн, сонирхол хобби гэх зэрэг хүнд таатай мэдрэмж төрүүлэхүйц хэлбэрээр хэвшүүлбэл зохимжтой. Мөн гэр бүлийн хүрээнд хамтдаа дуулах, бүжиглэх, тоглох зэргээр цагийг хамт өнгөрүүлж байх нь гэр бүлийн гишүүн бүрд тустай.

-Урт хугацааны хөл хорионы дараах мэдлэг боловсролын асуудалд эцэг эхчүүд маань нэлээн ул суурьтай хандаж байгаа ч зарим тохиолдолд нэгдүгээр ангид орох хүүхдээ нэг жилийн дараа оруулах хүсэлтэй хүмүүс ч багагүй байх шиг байна энэ ер нь хэр оновчтой шийдвэр гэж бодож байна?

-Хүүхэд бүр харилцан адилгүй гэдгийг бид мэддэг шүү дээ. Гэсэн хэдий ч хүүхдийн сэтгэц, танин мэдэхүй болон бие физиологийн онцлог нь таны бүрдүүлж өгсөн нийгэм сэтгэл зүйн орчноос хамаарч  тодорхой үе шатууд дээр тасралтгүй явагдах нь гарцаагүй. Бид үүнийг өөрийн бодлоор хязгаарлан өсөж хөгжих, нийгмийн орчноос тусгаарлах нь харин ч таны хүлээж байснаас өөр үр дүнд хүргэх вий гэж зовинож байна. Мэдээж үр хүүхдээ аюулт өвчнөөс хол байлгах нь чухал ч сургуулийн орчинд үе тэнгийнхэн болон насанд хүрэгчидтэй холбоо тогтоох өөрийгөө илэрхийлэх гээд хүүхдийн EQ чадвараа хөгжүүлж байдаг тэр зүйлд нь хаалт хийж байгааг анзаарах хэрэгтэй. Олон улсын судалгаа болон одоогийн нөхцөл байдал нь халдварт өвчинтэй зэрэгцэн амьдрахаас өөр сонголтгүй байдлыг үүсгэж байна. Нөгөө талаас ийм шийдвэр гаргаж байгаа эцэг эхчүүдийг ажиглавал хүүхдийн хэл ярианы хөгжил болон бие даах байдалтай холбон нэг жилийн дараа элсүүлэхэд буруудах зүйлгүй гэж хандаад байна уу даа гэж хараад байна. Энд үүсээд байгаа асуудал нь мэдээж сургуулийн өмнөх боловсролтой холбогдож байгаа юм. Цэцэрлэг нь сургуулийн бэлтгэл суурь болоод зогсохгүй бие даах дадал хэвшилд суралцах чухал үе шат бөгөөд хангалтгүй явагдсантай холбоотойгоор бид хүүхдээ сурагч болоход бэлэн болоогүй гэж үзээд байх шиг. Эцэг эхийн зүгээс хүүхдэдээ юу хэрэгтэй байгааг хамгийн сайн мэдэх ч гэлээ хүүхдийн хөгжил үе тэнгийнхэн болоод нийгмийн харилцаанд орж байж идэвхтэй явагддаг гэдгийг мартаж болохгүй.

 

-Цаашлаад нийт иргэдийн дунд дахин хөл хорио тогтоох вий гэсэн болгоомжлол яригдаад байна л даа. Хэрэв хөл хорио тогтоовол сурагчид ахин цахимаар хичээллэх  байх. Харин цахим хичээлд эцэг эхчүүд тийм ч таатай ханддаггүй шүү дээ?

-Хамгийн эхний хөл хорио тогтоосон үеийг бодвол бид харьцангуй бэлтгэл сайтай байгаагаас гадна зайн сургалтад дасан зохицож чадсан нь өмнөх туршлагаас харагдаж байгаа нь сайшаалтай. Мэдээж хэн ч хөл хориог хүсэхгүй ч гарцаагүй тохиолдол гарвал мэдлэг олгох үйл ажиллагаа тасралтгүй байх ёстойг шийдвэр гаргах түвшиндээ ч тэр хувь хүн ч тэр санал нэгдэж асуудалд бодитоор хандах нь чухал болоод байна. Ер нь ковидын дараах танхимын сургалт гэж хүлээлт үүсгэх нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил буюу анхаарал, ой, зохион бодохуй, сэтгэхүй гэх мэт олон чухал чадварт сөргөөр нөлөөлөх учир бүхий л насны үеийг чухалд тооцон бүтээлч бие хүн төлөвшиж, өөрийн оюуны үйлдлээсээ сэтгэл ханамж авах боломжийг олгох нь бидний үүрэг билээ. Тиймээс хүүхдийн суралцах үйл явцыг хэцүү хөдөлмөр гэж хүлээн авалгүй хичээл дээр өрнөх харилцаагаар дамжуулан хүүхдийг өөрийн хэмжээнд төлөвших боломжийг бий болгоорой.

-Сургуульд сэтгэл зүйч ажиллахын давуу тал нь ямар үйл ажиллагаанд илүү тод харагддаг вэ?

-Сургуулийн сэтгэл зүйч нь удирдлага, багш ажилчид болон суралцагчид тэдний эцэг эх гээд бүхий л төвшинд сургалтаар дамжуулан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй байдаг. Харин манай сургууль нь “ЁС СУРТАХУУНЫ ТӨЛӨВШИЛ НЭГТ” зарчим дор бүхий л сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлдэг. Энэ утгаараа хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд хүний нөөцөө чадавхжуулан сэтгэл зүйч, нийгмийн ажилтны нэгдлийг байгуулсан. Нэгдэл маань 3 сэтгэл зүйч, 3 нийгмийн ажилтантай бөгөөд хүүхэд бүрийн оролцоог хангах зорилгоор хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тулгуурлан ажиллаад өдгөө 4 жилийг ардаа үдээд байна. Сургуулийн багш боловсон хүчин бол тухайн байгууллагын соёлыг түгээгч гол үнэт зүйл нь байдаг учраас тэдний нийгэм сэтгэл зүйн байдалд өндөр ач холбогдол өгөн ажиллах нь ажлын бүтээмж болоод чанар үр дүнд чухал нөлөөтэй. Эцэст нь хэлэхэд энэ онцгой цаг үед нөхцөл байдалдаа тохируулан сургууль бүр хүүхдийн нас бие сэтгэцийн онцлогийг харгалзан хичээл сургалтын үйл ажиллагаандаа хүүхдийн ялгаатай байдлыг тусган нийтээрээ ижил төвшинд хөдлөх нь хүн бүрийн санаа тавих асуудал болоод байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.