Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Түгжрэлийг бууруулах урт хугацааны ДӨРВӨН ЗОРИЛТ ба 2021.09.01

Р.Оюун, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах" хэмээх нэртэй Үндэсний хороог Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаанаар байгуулж, Ерөнхий сайд ахлах болов. 

Цар тахал дамнасан 2021 оны нийслэлийн төсөв 35%-аар танагдсан учраас он дуустал авто замын түгжрэлийг бууруулахад дорвитой ажил хийх боломж хомс болсныг Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн учирласан. 

Нийслэлчүүд есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд "0" зогсох уу, үгүй юү гэдэг айдастай байна. 

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний даац 350,000 автомашин. Харин үүнээс 150,000 давсан машин зам дээр гарч ирнэ. Бид бодит байдалтайгаа нүүр тулна. 

Хотын түгжрэлтэй холбоотой СТАТИСТИК:

  • Улаанбаатар хотын ДНБ-ий 8%-тай тэнцэх хэмжээний мөнгө түгжрэлд урсаж байна
  • Жилд 947 сая.ам долларыг түгжрэлд алдаж байна
  • Нийслэлийн авто замын хөдөлгөөн долдугаар сард хамгийн сийрэг буюу 2019 оны байдаар өдөрт 150-170 мянган зорчиж байсан бол наймдугаар сарын 15-нд ХОЁР ДАХИН өссөн.
  • Улаанбаатар хотын түгжрэл хичээлийн I улирлын амралтаар 28%, II улирлын амралтаар 25% буурч байжээ.
  • 110,000 хүүхэд хамран сургах тойргоос бусад сургууль, цэцэрлэгт явдаг. 
  • Улаанбаатар хотод 64 сургууль, цэцэрлэг барьснаар хамран сургах тойргийн хүрэлцээ 100% болно.

Эдгээр үзүүлэлтийг Б.Одсүрэн танилцуулсан бол энэ жилдээ дорвитой алхаж хийж чадахгүй ч ирэх 2040 он хүртэлх богино болон урт хугацааны төлөвлөгөө гаргасныг Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг ярив. 

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах урт хугацааны ДӨРВӨН ШИЙДЭЛ

НЭГ. Ирэх гурван жилд Улаанбаатарт 223 км зам шинээр барих бөгөөд үүн дотор долоон гүүр багтжээ

1.6 сая хүн амтай Улаанбаатар хот 1,156 км авто замтай ба замын нэврэх хөдөлгөөнийг үр ашигтай болгоход нэмж 2,900-3,000 км зам барих шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд нийслэлд чамгүй олон зам барьсан нь үр ашгийн тооцоогүй, төрийн байгууллагуудын уялдаагүйгээс түгжрэлийг бууруулахад нэмэргүй аж. Тухайлбал, сүүлийн таван жилд 330 км зам барьснаас ердөө 29 км нь л хотын замын сүлжээг сайжруулахад үр ашиг өгөх зам байжээ.  

Дээр дурдсан шаардлагатай замаас нэн тэргүүнд 443 км зам тавихаас 223 км-ийг нь ирэх гурван жилд барихаар төлөвлөсөн байна. Үүнээс

  • 70.26 км - хороолол дунд
  • 71.5 км - анх удаа тууш зам тавина
  • 80 км - гол болон туслах зам барих бол
  • 7 гүүр
  • 6 нүхэн гарц байгуулах аж.
  • Мөн 471 байршилд гэрлэн дохиог шинэчилж
  • 512 хяналтыг камерыг шинээр суурилуулснаар замын хөдөлгөөн зохицуулалтыг ухаалаг системд шилжүүлэх нөхцөл бүрдэх нь. 

2022 онд л гэхэд 106 км зам тавихаар төлөвлөж байгааг мэдээлэв. 

ХОЁР. 2040 он хүртэл 26 дэд төв байгуулна

Улаанбаатар хотод 2040 он хүртэл 26 дэд төв байгуулахаар төлөвлөсний зургааг нь 2024 он гэхэд ашиглалтад оруулна гэдгийг Ч.Батзориг хэллээ. Үүний хоёр нь буюу Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажлыг 90%-тай гэж дүгнэж байгаа юм байна. Дараагийн 10 дэд төвийн инженерийн төлөвлөгөөг гаргаж байгаа аж. 440 га талбайг хамрах уг дэд төвүүдэд 85,000 оршин суугч амьдрана гэж тооцоолжээ. 

ГУРАВ. Ирэх хоёр жилд 500 автобусыг шинэчилнэ

2007, 2013, 2017 онд тус тус судалгаа хийгдсэн Улаанбаатар хотод метро байгуулах төсөл, хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Харин тэр болтол нийтийн тээврийн автобусуудаа шинэчлэхээр төлөвлөжээ. Ирэх хоёр жилд 500 автобус шинэчлэхээс энэ жил 100-г нь шинэчлэх юм байна. Одоогийн байдлаар 35 автобус оруулж ирэн үйлчилгээнд нэвтрүүлснийг тэрбээр дурдлаа. 

Харин метро, LRT төслөөр нийтийн тээврийн үйлчилгээний 60 хувийг хангана гэж үзэж байгаа юм байна. 

ДӨРӨВдүгээр асуудал нь эрх зүйн орчин. Ялангуяа, норм стандартаа шинэчлэх ажлууд хүлээгдэж буй аж.

Энэ бүхнийг хэрэгжүүлэх боломжийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль олгож байгааг хотын удирдлагууд онцоллоо. Тухайлбал, жил бүр 420 гаруй тэрбум төгрөгийг Улаабаатар хотын асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газраас зарцуулах боломж бүрдсэнийг хэллээ.

Доорх зорилтуудыг биелүүлж байж хотын түгжрэл 50% буурах нь.

 
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-аас Засгийн газарт танилцуулсан илтгэл

Харин энэ ондоо нийслэлчүүд бид түгжрэхээс өөр сонголтгүй, хүссэн хүсээгүй ажилдаа явж, хүүхдүүдээ албанд нь зөөнө. Улаанбаатар хотын авто машины тоо цаг хугацааг үл хүлээн нэмэгдсээр байгаа билээ.