Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Хөрөнгийн Биржийн зах зээлийн үнэлгээ анх удаа 4 их наяд төгрөгийг давж түүхэн дээд хэмжээндээ хүрлээ

ikon.mn
2021 оны 8 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

-МХБ түүхэн дээд ашиг болон зах зээлийн үнэлгээндээ хүрлээ. Энэхүү амжилтанд голлох нөлөө үзүүлсэн үйл явдлууд юу байсан бэ?

МХБ-ийн зах зээлийн үнэлгээ анх удаа 4 их наяд төгрөгийг давж түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. МХБ нь сүүлийн жилүүдэд олон улсад түгээмэл арилжигддаг шинэ бүтээгдэхүүнүүд /давхар бүртгэлтэй үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ийг нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлийг сурталчилж олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах, зах зээлийн дүрэм журам, зохицуулалтыг сайжруулах, онлайн арилжааг идэвхжүүлэх дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлд анхааран ажилласан. Үүний үр дүнд зах зээлд оролцогч хөрөнгө оруулагчид ихээр нэмэгдэж, идэвхжиж байна. Түүнчлэн:

  1. Бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаа идэвхжсэн, ногдол ашиг тараалт нэмэгдсэн. Тухайлбал, АПУ ХК-ийн ногдол ашиг тараалт болон цэвэр ашгийн хэмжээ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор хувьцааны ханш 600 төгрөгөөс 1300 төгрөг хүртэл өссөн тул зах зээлийн үнэлгээ 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Мөн Ард санхүүгийн нэгдлийн хамаарал бүхий компаниудын хувьцааны ханш оны эхнээс огцом өссөн тул зах зээлийн үнэлгээ 200 орчим тэрбумаар нэмэгдсэн байна.
  2. Давхар бүртгэлтэй компанийг хувьцааг хил дамнуулан арилжаалах боломжийг нээх зорилгоор нийт гаргасан хувьцаагаар бүртгэж Эрдэнэ ресорс девелопмент корпорэйшн компанийн үнэлгээ 200 тэрбум төгрөгөөр өссөн.
  3. Сүүлийн жилүүдэд  зах зээл дээр олны танил компаниуд  шинээр үнэт цаас гаргах явдал ихэсч байгаа нь хөрөнгө оруулагчдын идэвхийг нэмэгдүүлж байна. Нөгөө талаас банкны хадгаламжийн хүү буурсан нь иргэд, ААН-үүд банкны системд байршсан их хэмжээний хөрөнгөө өгөөж өндөртэй хэрэгслүүдэд байршуулах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор оролцогчдын идэвх өссөн зэрэг үзүүлэлттэй байна.

-Хөрөнгийн зах зээлийн өсөлттэй холбоотой арилжаа эрхлэгчдийн идэвх хэр хурдацтай өсөж байгаа вэ?

Өнгөрсөн жил өдөрт дунджаар 500-700 хөрөнгө оруулагч арилжаанд оролцож, 200 гаруй сая төгрөгийн арилжаа хийдэг байсан бол одоогийн байдлаар өдөрт 2500-3000 хөрөнгө оруулагч 4-5 тэрбум төгрөгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийдэг болсон байна.

-Топ 20 индекс 30 мянгын босгыг давж дээд ханшинда хүрсэн үйл явдал боллоо, аль компаниудын оролцоо өндөр нөлөө үзүүлсэн бэ?

Аливаа улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг биржийн индексүүдээр тодорхойлж байдаг. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр томоохон биржүүдийн индексүүд хүчтэй уналт үзүүлсэн хэдий ч тухайн улсуудын эдийн засгийг дэмжих бодлогын нөлөөгөөр эргэн сэргэж түүхэн дээд хэмжээнүүдээ эвдэж байна. Манай улсын хувьд Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс  нь зах зээлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлж ирсэн. Энэ жилийн 4-р сард 37973 нэгж болоход АПУ ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Мандал Даатгал ХК, Дархан нэхий ХК, Инвескор ББСБ ХК, Монгол шуудан ХК зэрэг компаниудын ханшийн өсөлт голлох нөлөөллийг үүсгэсэн бөгөөд одоо ч өсөлтөө хадгалж байна.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил МХБ юугаараа онцлог байгаа вэ? Ямар давуу боломжууд байгаа вэ? (Шинээр бүртгүүлэх хүсэлтэй болон өмнөх бүртгэлтэй компаниудад)

Энэ жилийн хувьд эдийн засгийн агшилтын дараах өндөр өсөлттэй жилүүдийн эхлэл гэж харж байгаа бөгөөд энэ нь шинээр олноороо гарч байгаа бонд, IPO-нуудаас харагдаж байна. Өмнөх жилүүдэд зуны улиралд хөрөнгийн зах зээлийн идэвх эрс сулардаг байсан бол энэ жилийн хувьд түүхэн үзүүлэлтүүдийг эвдсэн өндөр идэвхтэй зун байлаа. Мөн бид 2 IPO хийх компанийн материал хүлээн аваад байгаа бөгөөд дахин 2 нээлттэй бондын материал хүлээгдэж байгаа зэрэг нь энэ намар хөрөнгийн зах зээл өндөр идэвхтэй байхаар харагдаж байна. Нөгөө талаас мэргэжлийн хөрөнгө оруулагчид буюу томоохон сангууд, даатгалын компаниуд зах зээлд оролцох болсон, мөн хадгаламжийн хүү буурч, иргэд хөрөнгийн зах зээлийн үр өгөөжийг ойлгодог болж, оролцоо нэмэгдсэн зэрэг нь компаниуд хөрөнгө босгох боломж өндөр байгаа нь харагдаж байна.

-Үйл ажиллагааны орлого 2.6 тэрбум энэ нь өнгөрсөн оны нийт орлогоос 2 дахин өндөр байна, үүнд нөлөөлсөн гол орлогууд юу байсан бэ?

Зах зээлийн идэвхжил нэмэгдэж, өндөр үнийн дүнтэй шинэ үнэт цааснууд олноор гарсан, банкны хадгаламжийн хүү буурч зах зээлд оролцогчдын хувь нэмэгдсэнтэй холбоотойгоор  хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийн орлого огцом өссөн зэрэг нь голлох нөлөөллийг үзүүллээ. Мөн бид зардлыг дээд зэргээр хэмнэсэн учраас хөрөнгийн зах зээлийн 30 жилийн түүхэнд анх удаа 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадлаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.