Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ууганбаяр: Илүү сурвал илүү олж чадна гэдгийг мэддэг онгорхой сав шиг хүмүүс л RE/MAX–т амжилт гаргадаг

ikon.mn
2021 оны 8 сарын 16
Сурталчилгаа

Танихгүй хүн анх харвал хэт хэрсүү ч юм шиг, эсвэл харилцаж болохооргүй ихэмсэг өөртөө итгэлтэй гэмээр нэгэн залуу өнөөдөр хорь гаруй хүнийг, хоёр компанийн хамт удирдаад явж байна. Ярилцаад суухад өөрөө өөрийгөө зөвөөр бүтээж, өөрийгөө дайчилж чаддаг гэдэг нь мэдрэгдэх. Ийм л залуус улсын минь ирээдүй, өнгө төрхийг тодорхойлж ачааны хүндийг үүрч яваа байх.

Цаг хэцүү, нийгэмд бухимдал ихтэй, хээль хахууль гээд л элдэв шалдар булдар зүйлд сатааралгүй зүгээр л ажлаа хийж амжилтаа өөрөө бүтээж яваа Э.Ууганбаяртай залуу хүний амжилт хэрхэн ирдэг, хэрхэн суралцах ёстой, хэрхэн ажиллах хэрэгтэй гээд хэн бүхний асуултын хариуг олохоор ярилцлаа. Нээрэн л аливаа зүйлд өлсгөлөн байж, онгорхой сав шиг байвал амжилт гэдэг атганд нь байдаг бизээ.


-Хоёулаа ярилцлагынхаа эхэнд өөрийн тань товч намтараас уншигчиддаа хүргэе. Э.Ууганбаяр гэдэг хүн ямар сургууль төгссөн, хаанаас ажлын гараагаа эхэлсэн бэ гэдэг асуултаар яриагаа эхлэх үү?

-Ажлын гараа хаанаас эхэлснээ ярих дуртай. Монголд төрж өсөөд энд бакалаврын зэргээ хамгаалсан. Гэхдээ 10 жилээсээ эхлээд аав, ээж хоёроо дагаад янз бүрийн ажил хийж эхэлсэн юм. ШУТИС-д Холбооны сургуулийг аавынхаа мэргэжлийг өвлөж Мэдээллийн инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Оюутолгойн туслан гүйцэтгэгч хэдэн компанид ажиллаж байгаад АНУ руу сургуульд сурахаар мордсон доо. Тэндээ бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан. Ер нь бизнес талдаа сонирхолтой байлаа. АНУ-д Колорадогийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалаад  Microsoft компанид борлуулалт хийж байгаад л буцаж ирсэн дээ.

 

-Хэдэн онд эх орондоо ирэв?

-2016 онд. Миний RE/MAX-т орсон түүх их сонин. Ажлын туршлагатай болох гээд том худалдааны сүлжээ дэлгүүрийн менежер хийж байлаа. Тэгээд RE/MAX-ын логог санамсаргүй харсан нэг л дотно харагдаад болдоггүй. АНУ-д байхдаа Microsoft-ын бүтээгдэхүүн борлуулахаас биш үл хөдлөх хөрөнгө зуучлалын талаар мэдээлэлгүй байлаа. Тэгээд очоод уулзахад үл хөдлөхийн компани Монголд дөнгөж орж ирээд жил болоогүй байсан.  Ингээд л анх агентаар ажилд орж байсан бол одоо өөрийн гэсэн оффисоо нээгээд явж байна.  

-Хүүхэд байхаасаа л ажил хийж сурсан гэж хэллээ. Тэр үед том болоод ийм хүн болно, ийм зүйл хийнэ гэдэг хүсэл мөрөөдөл нь ямархуу байсан бэ? Үзэл бодол төлөвшил хэрхэн сууж байв?

-Үзэл бодол, төлөвшлийн хувьд аав ээж хоёрыгоо дагаж ажил хийж байхдаа л ажил хатуу гэдгийг сурсан.  Монголд нийтлэг нэг зүйл байдаг. Сургуулиа төгсөөд юу хийхээ мэддэггүй. Ямар сургуульд орохоо мэдэхгүй ч юм уу. Миний хувьд АНУ-д байхдаа л ийм төрлийн бизнес зүгээр юм байна гэдгийг ойлгож авсан даа.  

-Хүний нутагт суралцаад ажиллаж байсан туршлага дурсамжаа хуваалцаач. Залуу хүний хувьд сорилтуудтай хэрхэн тулгарч түүнийг даван туулж байв?

-Ялгаа нь гэвэл гадаадад ажиллаж байгаа хүмүүс яагаад ч юм бүх юманд сэтгэлээсээ хандаж ажилдаг юм байна лээ. Орчиноо дагаад тэгдэг байж болох юм. Би эндээс явахдаа Орос хэлтэй очсон. Очоод хоёр жил хэлний бэлтгэлд суусан. Аялга муутай гээд ажлын ярилцлагаас татгалзсан хариу их сонссон. Ингэж явж байгаад Rocky Mountain Verginia гээд Амеркийн дөрвөн мужийг хамарсан борлуулагч нараараа дөрөвт ордог компаниас ажлын санал авч байлаа. Харин дараа нь эмээгээ санаад эх орондоо ирсэн дээ.

-Хувь хүний зүгээс үл хөдлөхийн салбартаа ямар амжилт ахиц дэвшлийг илүү авчиръя гэж зорьж ажиллаж байна?

-Миний хийдэг ажил гэвэл би зуучлалын компанийн агентыг удирдаж ажилладаг хүн. Яг энэ ажлынхаа хувьд би юу хийж чадах вэ гэвэл “зууч” гэдэг энэ нэршлийг муу нэртэй, үнэ нэмдэг гэдэг ойлголтоос салгаж яг олон улсын жишигт хүрсэн ёс зүйтэй, шударга, хичээнгүй тийм сайхан бизнес сэтгэхүйтэй агентуудыг бэлдэхэд л хувь нэмрээ оруулахыг бодож зорьж байна.

-Өөрийгөө дайчлах, суралцах тал дээр зорилгодоо хүрэхийн тулд цаг төлөвлөлт менежментээ хэрхэн хийж байгаа вэ?

-Би 30 настайдаа аав болсон. Өмнө нь би 30 хүрч байж хүнтэй сууна хүүхэдтэй болно гэж ярьдаг байлаа.  30 хүрэхээсээ өмнө би өөрийгөө хөгжүүлэхийн тулд байнгын суралцдаг, долоо хоногтоо фитнест хоёр удаа явдаг ч юм уу олон зүйл хийдэг байсан. Аав болсон чинь арай өөр аргаар өөрийгөө хөгжүүлэхгүй бол болохгүй юм байна гэж бодох болсон. Би 30 хүрээд гэр бүлтэй болоод бизнесийн хувьд ч хоёр компани зэрэг нээж ажиллуулсан гээд олон зүйл давхцсан үе байлаа. Тэр үед би өөрийгөө яаж хөгжүүлэх вэ? гэхээр ерөөсөө цагаа л төлөвлөхгүй бол болохгүй болж байгаа юм. Хамгийн эхэнд гэр бүлээ тавих ёстой бусад цагт нь ажлаа амжуулна гэдэг зарчимтай. Одоо бол надад нэг цаг, нэг минут ч маш үнэ цэнтэй. Энэ цагаа 100 хувь үр дүнтэй зарцуулж илүү их зөвлөж бусдыг чиглүүлээд явдаг болсон.

-RE/MAX-ынхны үнэт зүйл, үнэ цэн гэвэл та юуг онцлох вэ?

-Бидний үнэт зүйл гэвэл би хүн гэж хэлнэ. Энд 1200-1400 хүн ажиллаж байна, энэ тоо өдөр бүр нэмэгддэг. Дандаа амбицтай, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байдаг. Тэр нь надад таалагддаг. Энэ нь ч хамгийн үнэ цэнтэй гэж би боддог. Хамгийн үнэ цэн тэрэндээ л байдаг байх. Яг ингээд амбицтай санхүүгийн эрх чөлөөнд хүрчихээд тогтмол цалинтай биш байдлаар ажиллаад санхүү, гэр бүлээ авч яваад гэр бүлийнхэндээ ч цагаа зарцуулаад хүссэн зүйлээ хийнэ гэдэг амбицтай хүмүүс байдаг нь үнэ цэн юм уу даа. Өөр олон зүйл бий. Олон жилийн түүх, сургалтын систем гээд нэрлэж болно. Гэхдээ миний хувьд агентуудаа л үнэ цэн гэж хэлнэ дээ.  Брокерууд ч гэсэн байгаа шүү дээ. 58 салбарын надтай адил 58 хүн байна. Бүгд л хөгжье, суръя, дараагийн төвшинд гаръя гэсэн үнэ цэнтэй хүмүүс байна.

 

-Монгол улсын хувьд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хэр хангалттай гэж харж байна. RE/MAX -т хэр ирээдүй байгаа гэж хэлэх вэ?

-Зарим хүмүүс, ер нь надтай уулзаж байгаа хүмүүс ч хэлдэг,RE/MAX-ынхан олуулаа юм байна. RE/MAX -аас гарсан зарим хүмүүс ч бас ярьж л байдаг.  Худлаа юм байна лээ, мөнгө олдоггүй юм байна лээ гээд л... Бид одоо олуулаа юм шиг харагдаж байгаа ч үл хөдлөх хөрөнгө зуучлалын худалдан борлуулах зах зээлийн дөнгөж 10 хүрэхгүй хувь дээр ажиллаж байна. Тэгэхээр цаана нь гараас гарт дамжиж борлуулалт хийж байгаа өчнөөн олон үл хөдлөх хөрөнгө байна. Зах зээл гэдэг нь хэн сайн ажиллаж байгаагаас л шалтгаалдаг зүйл л дээ.  

-Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгддэг ажилууд байгаа юу?

-2017 онд төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулаад RE/MAX-тай хамтраад RE/MAX foundation гэж байгуулсан. Бид борлуулалт болгоноос тодорхой хувийг нэг газрыг дэмжиж ажиллахад зарцуулж байна. Хамгийн анх  Япон Монголын хамтарсан эмнэлгийг нэг жилийн хугацаанд ивээн тэтгэж ажилласан. Гэрээгээ дуусгаад “Ид шидийн орон-2”-ыг байгуулагдах гэж байгаа гэж сонсоод очиж хамтран ажиллаж ивээн тэтгэсэн. Нийт 40 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн хоёр жилийн хугацаанд. Зөвхөн мөнгө гэлтгүй нийт агентууд өөрсдийн цаг заваа зарцуулаад илүү гарсан ном, эм тариа зэргийг хандивласан. Тэгэхээр манай агентууд зөвхөн мөнгө олох гэж борлуулалт хийх биш борлуулалт хийх бүртээ хүүхдэд туслаж байна гэсэн сэтгэлээр ажиллаж байгаа нь мэдээж маш сайхан мэдрэмж байдаг болов уу гэж бодож байна.

-Бид бүгд л эхэндээ маш томоор мөрөөддөг. Харин цаг хугацааны эрхээр бага багаар боломжгүй мэт санагдаж сайхан мөрөөдлүүд маань мартагдаж тоосонд дарагддаг. Бид үнэхээр боломжгүй зүйл мөрөөддөг үү эсвэл бид боломжийг олж харж хардаггүй юм болов уу таны бодол?

-Боломж бол хаа сайгүй байгаа. Боломжийг хэн сайн ашиглаж чадаж байна гэдгээс хамаараад хүмүүсийн мөрөөдөл биелээд байгаа юм. Тэр олон боломжоос би RE/MAX-т л ажиллаж байна, энд боломж байна. Манайх үнэхээр мөнгө олох санхүүгийн эрх чөлөөнд хүрэх маш том боломж. Гэтэл түүндээ хүрдэггүй зүгээр л боломж байна гээд орж ирдэг хэрнээ тэр боломжиндоо хүрэх үйлдлийг хийдэггүй. Боломжийг олж харлаа гээд атгаж авахгүй бол тэр зүгээр л алдагдсан боломж. Үйлдэл хийж байж л хүмүүсийн мөрөөдөл биелнэ. Амархан байсан бол хүн болгон мөнгө олж байгаа шүү дээ.

-Боломжоо нээх гэдэг нь өөрийн тань хэлдгээр цаг минут бүрийг төлөвлөх нь боломжоо атгаснаас ялгаагүй юм уу даа?

-Үйлдэл гарга.. Үйлдэл гарга.. хамгийн чухал нь үйлдэл шүү дээ...

-Хамгийн ойрын зорилго, ирээдүйгээ хэрхэн харж байна?

-Яг энэ салбартаа гэвэл эхний ээлжинд ёс зүйтэй агентуудыг алгуурхан бэлдээд явж байгаа. Энэ нь бусдадаа нөлөөлөөд манайхаас үйлчилгээ авч байгаа хүмүүс RE/MAX ёс зүйтэй үйлчилдэг юм байна, ямар нэг мөнгө нэмдэггүй юм байна, шударгаар татвараа төлөөд явдаг юм байна гэдэг мессежийг нийтэд өгөөд явах юм. Миний ойрын төлөвлөгөө гэвэл том үнийн дүнтэй барилгын хөрөнгө оруулалт дээр төвлөрч ажиллах. Барилга барих газрыг нь олж өгөөд хөрөнгө оруулагч нарт холбож өгөөд хамтран ажиллах байгууллагаа ч холбож өгөх. Үүн дээр төвлөрч ажиллах тал дээр анхаарч эхлээд байгаа.

-Баг хамт олны хувьд өргөжих төлөвлөгөө байгаа байх. Яг ямар хүн энэ салбарт ажилладаг юм. Хувь хүнийхээ үүднээс ямар хичээл чармайлт гаргах ёстой вэ? Хортой шартай өөрийгөө дайчилдаг хүмүүс байх ёстой юу. Жишээ нь, танай агентын хувьд онцлог юу вэ?

-Онгорхой сав шиг хүмүүс л энэ салбарт амжилт олно. Хаалттай биш. Сургалт хангалттай. Дээр нь миний ажлын туршлага байна. Ментор хийж байгаа хүмүүстэй уулзаад ч юмуу шинэ бүхнийг соргогоор хүлээж аваад хэрэгжүүлж чаддаг хүмүүс амжилттай байдаг. Ямар сургалт байна тэнд очоод суучихдаг илүү сурвал илүүг олно гэдгийг мэддэг хүмүүс. Тэрнээс хаалттай сав шиг би бүхнийг мэднэ гээд явж байдаг хүмүүс мөнгө олж чадахгүй тэгээд гараад явдаг даа.

 

-Таны хувьд яг энэ салбарыг сонирхож байгаа хэрнээ шийдвэр гаргаж чадахгүй байгаа хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Миний энэ ажлыг сонгосон нэг шалтгаан байдаг. Би хүмүүстэй харилцах дуртай юм байна.  Би үүнийгээ Америкт Microsoft компанид борлуулалт хийж байхдаа мэдсэн. Өмнө нь Монголд жирийн инженер, ном уншаад л сууж байдаг хүн байсан. Дотогшоо гэх юм уу. Гэтэл би хүнтэй харьцах дуртай юм байна. Энд ирээд ажиллахад би өдөр болгон шинэ хүнтэй танилцаж байдаг. Утасны контакт цаг тутам нэмэгдэж байдаг. Олон хүнтэй харьцдаг. Энэ утгаараа хүнтэй харьцах дуртай хүмүүс энэ салбарт орж ирвэл их зүгээр. Танилын хүрээлэл сайтай хүмүүс байвал түүнийгээ ашиглаад энэ салбарт амжилт олж болно. Бас нөгөө талдаа дотогшоо хүмүүс байвал өөрийгөө жаахан задлаад үзье, туршиж үзье гэвэл бас зүгээр. Одоо манай зарим агентууд сошиалд ганц ч зураг тавьдаггүй хүмүүс байсан. Сошиалд идэвхтэй биш, найз нөхдийн хүрээнд ч идэвхтэй биш  тийм хүмүүс энэ салбарт орж ирэхээрээ задрах хэрэгтэй болно өөрийгөө таниулах хэрэгтэй болно. Бусад хүмүүст бас өөрийгөө хэр амжилттай явж байгааг харуулмаар байна. Тэгэхээр ямар ч хүн орж ирээд ажиллах боломж байгаа шүү гэж л хэлье.  

-Боломжоо нээ - Өөрийгөө нээ гэдэг үг сүүлийн үед яригдах болсон. Өөрийн тань хувьд амьдралдаа хэр их боломжийг нээсэн гэж бодож байна. Түүний нэг нь RE/MAX байж чадав уу? Хувь хүнийхээ үүднээс өөрийгөө нээсэн нэг цаг үе байдаг шүү дээ. Тэр үеэ дурсаач?

-Их сургууль төгстлөө ямар нэгэн байдлаар урсгалаараа бусад хүмүүс шиг явсан байгаа юм. Америк явъя гэдэг шийдвэрийг 2010 онд гаргасан. Тэр үед тодорхой хэмжээний цалин аваад хүмүүст салбартаа үнэлэгдээд явж байсан үе. Гэхдээ тэр хэвээрээ байхыг хүсээгүй. Өөрийгөө жаахан сорьж нээж үзье гэж бодоод Америк явсан. Тэнд суралцаж байхдаа борлуулагч хийж үзээд өөрийгөө танисан. Би дотогшоо хүн биш юм байна. Энд бол би дандаа ном уншаад л сууж байдаг байсан гэж хэлсэн дээ. Ямар сайндаа эмээ маань намайг 23 хүртлээ ганцаараа ном уншаад өрөөнөөсөө гарахгүй суучихлаа. Энэ яачихсан хүүхэд вэ гээд гандан орж хүнтэй танилцуулаад өгөөч гэж ном уншуулж байсан гэдэг. /инээв/  Би тийм л хүнтэй харьцах дургүй дотогшоо байсан. Борлуулагч хийгээд шинэ танилтай, найзуудтай болоод шинэ хоббитой болоод л өөрийгөө нээж эхэлсэн. Энд ирээд  RE/MAX-т ороод дахиад өөрийгөө нээсэн. Борлуулагчаас эхлээд ийм ирээдүйтэй салбарыг багаас нь эхлээд ахиад явж байна. Одоо хүртэл өөрийгөө нээсээр л явна. Хүн удирдаж ажиллаад өөрөө салбараа нээгээд өөртэйгөө адилхан агент хийж байсан хүмүүсийг удирдан чиглүүлээд аж амьдрал, ирээдүйд олох орлого мөнгөний эрх чөлөөнд хүрэх боломж нь надаас хамаарах болж эхлэхээр би илүү шинээр сэтгэж түрүүлж алхаж явах хэрэгтэй болдог. Энэ бүхэнд л үргэлж өөрийгөө шинээр нээсээр байна.

 

-Олон хүн нэг хэвийн өглөө ажилдаа ирж цагаа бүртгүүлж орой тардаг ийм хэвшмэл амьдралын урсгалаар яваад байна. Магадгүй үүнийг давж чадаад өөр зүйлд өөрийгөө сорьж зорьж чадсан хүн амжилтанд хүрээд байна уу даа...?

-9-18 цагийн хооронд ажилладаг, орой тарах цагаа хүлээгээд сууж байгаа хүн бол ажлаа сольсон нь дээр л дээ. Заавал RE/MAX гэхгүй шүү дээ. Өөр салбар, өөр боломж зөндөө байгаа. Манай дээр ажиллаж байгаа хүмүүс бол 24 цаг хангалттгүй байна л гэдэг. Тэгэхээр ажилдаа дуртай байна гэсэн үг. Дургүй байвал яваад өгч болно шүү дээ. Хэн ч надаас цалин авахгүй. За больё тогтмол цалинтай газар оръё гэдэг ч юмуу эсвэл өөр наймаа хийе гэнэ биз дээ. Тэгэхгүй байгаа нь энд боломж байна л гэсэн үг.

-Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж муу байна гэдэг. Үүнийг эвдэж чадсан салбар болчихов уу. RE/MAX бизнес хийгээд өсөж хөгжих өөр ямар боломжууд байдаг юм бэ?  

-Манай улсад хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр муу гэдэг нь үнэн. Америкт машинаа засуулахад сэлбэг нь хямдхан, засварчин үнэтэй байдаг. Гэтэл Монголд сэлбэг нь үнэтэй, засварын хөлс бага байдаг. Энэ бол зүгээр жишээ. Хэнтий аймагт баригдсан “Андлалын хөшөө” байна. Түүнийг барисан хүнтэй би Америкт явж байхдаа танилцсан. Хоёр тэрбумаар хийсэн хөшөө гээд байгаа тэр хүний хөшөөг хүн бүр муулж гоочилж байна. Хүмүүс зөвхөн тэр хөшөөнд орсон цемент, хүрэл өөр юу байдаг юм материалын үнийг хараад байгаа юм.  Гэтэл тэр хөшөөнд тэр хүний оюуны бүтээл хөдөлмөр шингэсэн. Эндээс л хүний хөдөлмөрийг түрүүнд хардаггүйн жишээ ил байна. Яг мөнгөтэй хүмүүстэй ярихад хоёр тэрбум төгрөг энгийн нэг хаусны мөнгө шүү дээ. Үүнтэй адилхан нэг зүйл RE/MAX-т ажиглагддаг.  Манай нэг агент 11 тэрбумын Монголд байхгүй хамгийн үнэтэй зуучлалын гүйлгээ хийгээд 350 сая төгрөгний шимтгэл авлаа. Гэтэл эд нар мөнгө нэмж байна. Ямар ажил хийсэн гэж ийм шимтгэл авдаг юм гэдэг ч юмуу ийм байдлаар ханддаг. Зүгээр 100 сая төгрөгөөр байраа заруулахад л 2 сая төгрөгний шимтгэлийг манайх авдаг. НӨАТ орсон дүн 2 сая 200 мянга. Улсад татвараа тушаагаад бүх юм нь ил тод явж байдаг. 2 сая төгрөг авахад бүхэл бүтэн сар ажилласан хүний цалинг ганцхан байр зараад авчихлаа гэдэг. Гэтэл тэр хүн чинь цаанаа ямар их ажил явуулж байгаа билээ. Ямар их ур чадвар гаргаж байна. Хүний хөдөлмөрийг үнэлж мэдэхгүй байна шүү дээ.

-Энэ ажлын цаана бас их судалгаа явж байх шиг байна?

-Зуучлал гэдэг чинь өөрөө зүгээр нэг зар тавьчихаад хүнтэй очиж уулзана гэсэн үг биш. Бид бүх төрлийн мэдээлэлтэй байх ёстой.  Жишээ нь Америкт яаж ажилладаг гэхээр зуучлагч хүн зөвхөн зуучлагчаа л хийнэ. Зараа тавиад хүн ирэхээр байраа танилцуулаад л болдог. Үргэлжлүүлээд хуульч нь зохицуулаад хамгийн сүүлд нь гэрээ контракт хийдэг хүн нь аваад явдаг. Гэтэл Монголд энэ бүхнийг өөрсдөө хийдэг. Хоёр талыг уулзуулна эвлэрүүлнэ. Хоёр талд ашигтай байхаар гэрээг байгуулна гээд л амархан бүтчихдэг борлуулалт гэж байхгүй.  500 мянган төгрөгний түрээсийн борлуулалт хүртэл амар биш шүү дээ. Хүмүүс зүгээр зар тавиад хүн ирэхээр нь дундаас нь мөнгө аваад байна гэж хараад байдаг. Одоо бас өөрчлөгдөж байна. Өмнө нь 2 хувь гэхээр жишээ нь тэрбумын байр зарлаа гэхэд 20 саяыг авах гээд байна. 10 саяыг л авчихаач дээ. Болно ш дээ гээд байдаг. Богинодоо 7 хоног уртдаа 1 сарын ажил байж магадгүй. Гэхдээ тэрэн дээр нэлээн ажиллагаа орж байгаа олон хүн орж ажиллаж байгаа гэдгийг ойлгох ёстой.  

-Гэр бүлдээ их хайртай юм аа. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулж болох уу?

-Манай эхнэр  RE/MAX MONGOLIA төв оффист ажилладаг анх энэ франчайзыг оруулж ирэхэд бүх орчуулгыг хийсэн мундаг бүсгүй байдаг юм. Одоо гэр бүл болоод бид хоёр хүүхэдтэй болсон. Хоёр дахь хүүхдээ төрүүлтлээ манай салбарт ажиллаж байсан. Би тэгэхээр даргыгаа авч суугаад би өөрөө дарга нь болчихож байгаа байхгүй юу /инээв/

-Ийм бэлэн модель загварыг ашиглаж ажиллах нь зөв үү эсвэл магадгүй бид нарын мөрөөдөл өөр нэг франчайзыг бий болгох байх ёстой юу. Энэ хоёрын аль нь илүү чухал гэж бодож байна.?  

-Франчайз орж ирснээр маш олон давуу талтай. Хүн болгон л яриад байгаа, CU орж ирээд дэлгүүрүүдийн чанар сайжирсан. Ядаж л ороход мэндэлдэг болсон гээд. Эндээс стандарт тогтоод байна. Хэрэгтэй болоод орж ирээд хүмүүс үйлчлүүлээд байна. Бусад дэлгүүрээс илүү бид нар үйлчлүүлээд байна. Тэгэхээр нөгөө дэлгүүр бас жишигээ дагаад гоё стандарттай болж эхэлж байна гэх мэт. Үүнтэй адилхан RE/MAX-ыг анх оруулж ирээд агентуудынхаа зургийг тавиад ийм хүн танд үйлчилж байгаа шүү ямар нэг компани биш гэдэг байдлыг хэлээд хүмүүсээ танилцуулахаар арай илүү итгэл төрөөд “Аан миний байрыг энэ хүн зарах юм байна”, “Амьдралдаа гаргах энэ том шийдвэрийг энэ хүн хариуцаж байгаа юм байна” гээд стандарт тавиад эхэлсэн. Дээр нь ёс зүйтэй ажиллана. Манайх ёс зүйн хороотой. Иймэрхүү байдлаар ажиллаад одоо бусад компанийг харахаар агентуудаа танилцуулдаг болсон байна. Бүгд гоё зурагаа авахуулаад манайх ингэж ажилладаг, манай маркетингийн төлөвлөгөө энэ байна гэх зэргээр ажиллаж эхлээд байна. Эерэг зүйл дагуулж байгаа гэж боддог. Бид ажиллах системийг нь авч байгаа болохоос Америкийн компанид нар ажлаагүй. Америкаас эрхийг нь авсан нь үнэн боловч бүх ашиг нь Америкруу явдаг биш. Манай компани гэхэд л “Арслан Пропертиз”  ХХК гээд татварын албан дээр бүртгэлтэй татвар, нийгмийн даатгалаа төлдөг компани. Бид нар зөвхөн сургалт, системийг нь аваад ажиллаж байна.   

-Залуу хүний хувьд суралцах хэр шаардлагатай гэж боддог вэ? цаашдаа шат ахиж суралцах ёстой юу эсвэл удирдан чиглүүлэх ёстой энэ ажлаа хийе гэж боддог уу?

-Ухаантай хүмүүс байнга суралцах ёстой гэдгээ мэдэж байдаг. Тэнэг хүмүүс би бүхнийг мэднэ гэж хэлдэг гэсэн Ворн Валтын хэлсэн үг байдаг. Үүнтэй адил хүн бүр суралцаад л явах хэрэгтэй. Машинаа барьж явахдаа хүртэл подкаст сонсож хүмүүсийн яриа сонсох зэргээр... ярилцаж байхад хүртэл нэгнээсээ суралцах боломж байдаг.

 

-Хэр их мөрөөддөг вэ? Мөрөөдөл том байх тусмаа илүү сайн илүү том зүйлийг бүтээх нь байдаг гэж ярьдаг даа?

-Их мөрөөднө өө. Гэхдээ одоо гэр бүлтэй хүн учраас үргэлж эхнэртэйгээ хамтдаа хийх бүтээх зүйлээ мөрөөддөг болсон. Одоо эхнэр бид хоёрт нэг мөрөөдөл зорилго байгаа. Тэр нь юу вэ гэвэл Монголдоо бизнесээ жигдрүүлээд өргөжүүлээд илүү тогтвортой сайхан болгоод дараа нь АНУ-д бас нэг байшин аваад тэндээ бизнестэй болно гэж бодож байгаа. Энэ бол мэдээж биелэх боломжтой мөрөөдөл. Дараа дараагийн алхмаа зохицуулаад биелүүлээд явж байна. Шийдвэрээ эхнэртэйгээ хамтдаа гаргаад л зорьж байна даа.

-Монгол улсын эдийн засгийн нөхцөл, бодит байдалд санаа зовдог өөрчлөхийг хүсдэг зүйл байдаг уу?

-Би ямар нэгэн нам эвсэлд харъяалалгүй, аль ч намын хэн ч байсан зөв зүйлийг нь дэмждэг, сошиалд хэлэх үгээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлчихдэг талтай. Саяхан ерөнхийлөгчийн талаар сошиалд өөрийн бодлыг бичлээ л дээ. Гэтэл хүмүүс наадахаа болиоч ээ ч гэдэг юм уу, заримтай нь ч бараг муудалцаж таарч байх шиг байна. Зүгээр л үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө. Гэхдээ нийгэмд болж бүтэж байгаа зүйл зөндөө байгаа. Тэр болгоныг зөвийг нь зөвөөр хараад явахгүй бол болохгүй бүтэхгүй болгоныг харах юм бол үнэхээр “бүтэхгүй тэ” гэдэг шиг бүтэхгүй байгаа байхгүй юу. Одоо жишээ нь, манай уул уурхайн компанийн ачаа Эрээнд хоёр сар гаран гацсан л байна. Уул уурхайн компаниуд нь юмаа авъя гээд бараг бид нарт алданги тооцоод явж байгаа. Гэтэл тэр их мөнгийг нь болгоод бүтээгээд бараагаа авъя гэхэд машин нь ч байдаггүй. Энэ болгонд бухимдаж хэт төвлөрөөд байхгүй өөр ямар боломж байна гэж харж л явахгүй бол хэцүү. Одоо шатахууны үнэ нэмэгдэж байна, дагаад бараа, жишээ нь хүүхдийн живхний үнэ нэмэгдсэн ч тэр болгонд нь бухимдах биш энэ нөхцөл байдал энэ үнийн өсөлтийг давсан орлоготой яаж болох вэ? гэдэг байдлаар л амьдралд хандаж ажиллаж байна.

-Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Төгсгөлд нь амьдралдаа баримтладаг зарчим, шинэ боломж ойлголт хандлагын тухай залуустаа өөрийн үзэл бодлоос хуваалцвал...

-Саяхан Монгол телевизээр “Аппрентис” гэдэг нэртэй шоунд оролцсон. Тухайн үед бол хүндрэлтэй асуудлууд эхнээсээ л гарч байлаа. Дөрвөн удаагийн ярилцлага дамжин шалгуур давж байж орж байгаа юм. Хамгийн сүүлийн шатанд нь шалгараад тэнцлээ гэдгээ мэдсэн. Гэтэл гэрээсээ хоёр сар хол байна, бас 24 цагийн турш микрофон зүүж байнгын камер дагаж явна гэхэд тэгж камерын өмнө гарч үзээгүй хүнд хэцүү л санагддаг юм билээ. Гэхдээ л өөрийгөө сорьж үзье, амьдралд тохиолдох л зүйл үүнийг л даваад гаръя, энэ боломжоос нэг зүйл ч гэсэн суръя гэж бодсон. Амьдралдаа тулгарсан бүх зүйлд, ямар нэгэн хэцүү зүйл тохиолдоход, ямар нэгэн хэцүү хүнтэй таарахад за би энийг даваад гаръя энэний ард ахиад үүнээс илүү хэцүү хүнтэй олон таарна гэдэг байдлаар л ханддаг. Аливаа асуудалдаа хойшоо суухгүй л байх хэрэгтэй. Манай зарим агентууд ч гэсэн хэцүү хүнтэй харилцагчтай таарахаараа би больё чадахгүй юм байна хэцүү хүн байна гэх тохиолдол гардаг. Тэр үед нь би “Чи чадна, даваад гарах хэрэгтэй дахиад үүнээс ч хүнд зүйл тохиолдсон ч даваад гарна” гэж хэлдэг. Нэг их айхтар ухаантай зүйл хэлэхгүй ч гэсэн хандлага харилцааг нь, хардаг өнцгийг нь өөрчлөхийг хичээдэг. Боломж гарах юм бол ашиглаарай, ямар л боломж байна бүгдийг нь. Боломж бол хаана ч байдаг. Гэхдээ ашиглахгүй бол нас чинь яваад өгнө. 40, 50 хүрчихээд боломж гэж ярьж байснаас яахав болохгүй юм байхгүй л дээ, гэхдээ л илүү эрт залуу байгаа дээрээ бүх боломжоо л ашиглаарай гэж хэлье. RE/MAX миний хувьд боломж байсан. Би боломжоо нээсэн. Одоо хүртэл аз жаргалтай үнэн хаппи байдаг. Ажиллахад, харилцахад ч гэсэн ярианы темп таардаг, амбицтай хүмүүстэй амбицтай зүйл ярихаар, зүгээр зургаан цагаа хүлээгээд хараад сууж байгаа хүмүүстэй ярихаас шал өөр байдаг. Тэгэхэд сонирхолтой, идэвхитэй, амбицтай хүмүүстэй харилцах боломжийг олгосон RE/MAX даа баярлаж явдаг. Тэгээд амбиц гэхээр зарим хүмүүс буруу ойлголттой яваад байх шиг байна. Манайхан хэтэрхий дотогшоо цэвэр ичимтгий гэдэг тэр зан хаана ч хүргэхгүй. Тэгэхээр амбицтай байсан нь л дээр. Одоо гадаадын их сургуульд оръё гэх юм бол тэр дотогшоо хүн дотогшоо эссэ бичээд явуулаад үз л дээ. Очоод дотогшоо яриад үз л дээ. Гэтэл нөгөө сургууль нь гоё ярьдаг нээлттэй амбицтай хүн авах гээд байхад өөдөөс нь тийм байдалтай байвал болохгүй л дээ. Тэгэхээр би бол муу амбиц гэж хардаггүй юм. Тэгэхээр амбицтай байгаарай залуусаа гэж хэлье дээ.

-Ярилцсанд баярлалаа

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.