Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн тамирчинд Польшийн засгийн газар улс төрийн орогнол олгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дасгалжуулагчдаа шүүмжилсэн хөнгөн атлетикийн тамирчин Кристина Тимановскаяг Ням гарагт Беларусийн албаныхан хүчээр эх орон руу нь буцаахыг оролдсон ч Токиогийн Ханеда нисэх буудлын цагдаа нар зогсоосон билээ.

Тимановскаяд Польшийн засгийн газар улс төрийн орогнол олгохоор болсноо Даваа гарагт зарлажээ.

24 настай тамирчин бүсгүй маргааш буюу Лхагва гарагт Польш улс руу нисэхээр болсон ба одоогоор Токио дахь Польшийн элчин сайдын яамны байранд байгааг тус улсын гадаад хэргийн дэд сайд Марчин Пшидач мэдэгдсэн байна.

Беларусийн Спортын Эв Нэгдэл сан түүний Варшав хүртэл нисэх тасалбарын үнийг төлжээ.

Тимановская өчигдөр эмэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд өрсөлдөх хуваарьтай байсан юм.

Тэрбээр Инстаграм хуудсандаа дасгалжуулагчдынхаа хариуцлагагүй байдлыг шүүмжлэн ярьсан нь тэмцээнд оролцуулалгүйгээр нутаг буцаах шалтгаан болсон байна.

Беларусийн Үндэсний Олимпын Хороо эмчийн дүгнэлтээр буюу сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар Тимановскаяг тэмцээнд оролцуулахгүй болсноо тайлбарлажээ.

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) болсон явдлын талаар Тимановскаятай ярилцаж, Беларусийн олимпын хорооноос бүрэн тайлбар авахаар ажиллаж байгаагаа мэдээлсэн байна.

Чех улсын засгийн газар бас Тимановскаяд улс төрийн орогнол олгох боломжтойгоо илэрхийлжээ.

“Хэрвээ тэр саналыг маань хүлээн авбал бид бүх чадлаараа туслахад бэлэн байна” гэж Чехийн гадаад хэргийн сайд Якуб Кулханек твиттер хуудсандаа мэдэгджээ.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хүү Виктор гуравдугаар сард үндэснийхээ олимпын хорооны ерөнхийлөгчөөр сонгогдсон ч ОУОХ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байв.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОУОХ аав, хүү хоёрыг Токио 2020 зуны олимпын наадамд оролцохыг нь хориглож байжээ.

 

Эх сурвалж: Reuters