Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн тамирчныг эх оронд нь хүчээр буцаах оролдлогыг Японы цагдаа нар таслан зогсоожээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Беларусийн албаныхан тус улсын хөнгөн атлетикийн тамирчин бүсгүйг хүчээр эх оронд нь буцаах гэсэн ч Японы цагдаа нар зогсоожээ.

Өнөөдөр буюу Даваа гарагт эмэгтэйчүүдийн 200 метрийн, Пүрэв гарагт 4x400 метрийн буухиа гүйлтийн тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байсан Кристина Цимановская дасгалжуулагч нарынхаа хариуцлагагүй байдлыг сошиал сүлжээнд шүүмжилсэн шалтгаанаар Токио 2020 олимпын наадмаас эрт буцах болоод байсан юм.

Токиогийн Ханеда нисэх буудлын цагдаа нарын тусламжтайгаар онгоцонд суулгүй үлдсэн Цимановская Олон Улсын Олимпын Хороотой холбогдож, тусламж гуйжээ.

Тэрбээр дасгалжуулагч нарынх нь хариуцлагагүй байдлаас шалтгаалан Беларусийн олон тамирчин энэ удаагийн олимпын наадамд оролцож чадахгүй болсон талаар Инстаграм хуудсандаа мэдээлсэн юм байна.

Ням гарагт Беларусийн албаныхан түүнийг олимпын хотхоноос хүчээр дагуулан нисэх буудал руу авч явжээ.

Олон Улсын Олимпын Хороо тамирчин бүсгүйтэй холбогдож, аюулгүй байдлыг нь хангах болсноо мэдэгдсэн байна.

 

Беларусийн Үндэсний Олимпын Хороо сэтгэл зүйн тогтворгүй байдлын асуудлаас үүдэн Цимановскаяг тэмцээнээс хасах болсон шалтгаанаа тайлбарлажээ.

24 настай тамирчин бүсгүй өнөөдөр Герман, Австри улсуудаас орогнол хүсэхээр төлөвлөж байгааг Беларусийн тамирчдын холбоо мэдээлсэн байна.

1994 оноос хойш Беларусийг тасралтгүй удирдаж байгаа ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсрэг иргэдийн тэмцэл нэг жилийн турш үргэлжилж байгаа.

Уг тэмцэлд оролцсон хэд хэдэн алдартай тамирчин шоронд хоригджээ. Тухайлбал сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин Елена Левченко, декатлончин Андрей Кравченко нар тэдний дотор байгаа юм.

Шоронд хоригдохоос гадна олон тамирчин ажилгүй болох, шигшээ багаас хөөгдөх зэрэг арга хэмжээ авхуулжээ.

 

Эх сурвалж: AFP