Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Вакцинд хамрагдахгүй байгаа хүмүүс мутаци үүсэхэд их нөлөө үзүүлж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
https://sharij.net/u-covid-19-net-mutatsiy-kotoryie-delayut-ego-opasnee-voz

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийлээ.

"Коронавирусийн эсрэг аль ч вакциныг хийлгэсэн хүндрэл, нас баралтаас 90-100% хамгаална"

Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Вакцины цэгийг нэмэх тал дээр бид эмнэлгүүдэд чиглэл өгч буй. Вакцины цэгүүдэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид хоёрдугаар сарын 23-наас хойш огт амраагүй тул зуны цагт амралтыг нь өгөх нь чухал байгааг хэлье.

Мөн цэгүүдэд ажиллаж буй эмнэлгийн ажилчид хоол цайгаа ууж, эрч хүчтэй ажиллах хэрэгтэй. Заримдаа өдрийн цайг нь ч уулгахгүй хэл ам хийх тохиолдол гардаг. Тиймээс зөвөөр ойлгохыг хүсье.

Дэлхийн хүн амын ердөө 26 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан. Африк болон зарим улс орон нийт хүн амынхаа дөрвөн хувийг л вакцинд хамруулжээ. Бид вакцины цэгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана.

Гуравдугаар тунгийн хувьд бид вакцины үр нөлөөг эхэлж анхааралтай судлах шаардлагатай.

Халдвар тархаж байгаагийн гол шалтгаан нь хүн амын хөдөлгөөн юм. Тиймээс наймдугаар сард ямар нэг байдлаар найр, хурим хийж олуулаа цуглахгүй байхыг хүсье.

Бид хичээвэл вакцины үр нөлөө сайн гарна. Одоогоор манай улсын хүн амын 58 хувь нь вакцины хоёр тунг хийлгэсэн байна. Энэ нь маш сайн үзүүлэлт.

Гэхдээ вакцинд хамрагдахгүй байгаа хүмүүс энэ вирусийн мутаци үүсэхэд хамгийн их нөлөө үзүүлж байна. Мөн эмнэлгийн ачааллыг нэмж байгаа нь шалтгаанд вакцинд хамрагдаагүй хүмүүс орж байна.

Үнэхээр вакцин хийлгэж болохгүй шалтгаантай иргэд байгаа. Гэхдээ хийлгэх боломжтой ч вакциныг эсэргүүцэж байгаа иргэд бий. Коронавирусийн аль ч вакциныг хийлгэсэн тухайн хүнийг уг өвчнөөр хүндэрч, нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална" гэв.

"Вакцинд бүрэн хамрагдсан хүний тооноос хамаарч гуравдугаар тунгийн асуудал яригдана"

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Вакцины бүүстэр тун буюу гуравдугаар тунг хийх гэж яарахаас илүү дархлаажуулалтад бүрэн хамрагдсан хүний тоог нэмэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн ч хоёрдугаар тунг хийлгээгүй 200,000 гаруй хүн байна.

Тиймээс үндэсний хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн хүний тооноос хамаарч гуравдугаар тунгийн асуудал яригдана" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/336487258026872