Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын Консерваторыг цаашид кампус хэлбэрээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарсан"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Консерваторын ард байрлах Хөгжим бүжгийн дунд сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг Хөгжим бүжгийн коллежийн багш нар эсэргүүцэж, өнөөдөр хөгжимтэй тайван жагсаал хийж, БШУЯ-нд шаардлага хүргүүлсэн билээ. 

Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Консерваторын төлөөллүүдтэй уулзсан бөгөөд уулзалтын талаар болон дээрх асуудалтай холбоотой тайлбар мэдээллийг өглөө. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр "Өнөөдөр түр хорооныхон Монгол Улсын Консерватор төлөөллийг хүлээн авч уулзаад, яамны байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Консерватор, яам хооронд хийсэн гэрээ, төсвийн талаарх мэдээлэл муутай байгаа юм байна гэж бид ойлголоо.

Монгол Улсын Консерваторыг цаашид кампус хэлбэрээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарч, тавдугаар сараас ажлын хэсэг ажилласан. Тус ерөнхий төлөвлөгөөгөөр ашиглалтын хугацаа нь дуусчихсан, 650 хүүхдийн сургуулийг шинээр буюу шинэ стандартаар барих, номын сан, спорт заал гэх мэт олон улсын жишиг бүхий өргөтгөсөн барилга барих макет хийгдсэн байдаг.

Консерваторынхон харин өнөөдөр хулгайлагдсан газрыг нь авч өгснийх нь төлөө хийж буй тэмцэл гэж би харж байна.

Монгол Улсын Консерваторын баруун хойд буланд баригдсан орон сууц нь Консерваторын багш нарын орон сууц гэсэн нэртэй ч 4-5 багш л ороод, өөр багш ороогүй. Өөрөөр хэлбэл энэ нь цэвэр арилжааны зориулалтаар баригдсан барилга болсон байна. Мөн үүний яг урд нь байгаа 16 гарааш буюу Консерваторын 0.3 га газар нь хулгайлагдсаныг мэдээгүй байсан бөгөөд тус газрыг БШУЯ, Консерваторын газрын эзэмшилд буцаагаад авч ирсэн.

Харин БҮТ барих гэж байгаа барилгын суурь дээр Монгол Улсын циркийн сургууль барих төөвлгөөтэй байсныг зориулалтын дагуу дээрх 0.3 га газарт барихаар болсон.

Өөрөөр хэлбэл, Монгол улсын 2021 оны төсөвт 15 тэрбум төгрөгийн өртөгтэй Монголын БҮТ, Боловсролын хүрээлэн, мэдээллийн төвүүд барьж байгуулагдах төслийн мэдээллийг тус сургуулийн удирдлагууд багш ажилчид, сурагчдадаа дутуу өгсөн байна.

Монгол Улсын Консерватор бол зөвхөн газрын эзэмшигч, өмчлөгч нь БШУЯ. Үүнийг ойлгоогүйгээс болж үл ойлголцол үүссэн байсныг өнөөдөр төлөөллүүдтэй уулзах үеэр ярилцаж ойлголцсон” гэв.