Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжим бүжгийн коллежийн багш нар сургуулийнхаа хашаанд БҮТ-ийн барилга барихыг эсэргүүцэн хөгжимтэй жагсаал хийлээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөгжим бүжгийн коллежийн багш нар Монгол Улсын Консерваторын ард байрлах Хөгжим бүжгийн дунд сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцэж, өнөөдөр сургуулиасаа БШУЯ хүртэл хөгжимтэй тайван жагсаал хийлээ. 

Энэ үеэр БШУЯ-нд холбогдох шаардлагыг хүргүүлсэн юм. 

Монгол Улсын Консерваторын зарим удирдлагын зүгээс анх сургууль өргөтгөх, цаашлаад цогцолбор барьж, бага зайд Боловсролын үнэлгээний төв барих гэрээнд анх гарын үсэг зурсан боловч гэрээнд зааснаас өөр ажил хийгдэж буй тул багш, ажилчид ийнхүү эсэргүүцэхэд хүрчээ.

Жагсаж буй багш нарын төлөөлөл “Манай сургуулийн удирдах зөвлөлийнхөн энэ талаар юу ч мэдээгүй. Энэ талаарх мэдээллийг цахим хурлаар өгөхдөө худал хэлээд буруу ойлголт төрүүлээд дэмжүүлсэн төдий. Монгол Улсад хөгжмийн дээд боловсрол олгодог ганц боловсролын байгууллагынхаа газрыг тэлэх тухай ярихгүй, булааж аваад өөр барилга барих гэж байгаа нь харамсалтай. БШУ-ны Сайд өөрийн биеэр шаардлагатай танилцаж, булхайтай үйл ажиллагааг мэдээсэй гэж хүсэж байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Жагсаж буй багш нарын төлөөлөл “Өнөөдрийн тайван жагсаалд Хөгжим бүжгийн коллежийн багш, сурагчид, сурч төгссөн урлаг соёлын ажилчид нэгдээд зогсохгүй  гадаадад сурч, ажиллаж буй хүмүүс ч гарын үсгээрээ нэгдэж буйгаа илэрхийлсэн. Нийт 2,000 гаруй хүний гарын үсэг бий” гэв.

Жагсаж буй багш нарын төлөөлөл “Шаардлагыг бид өнөөдөр давтан хүргүүлж байгаа ба боловсролын байгууллагын орчинд хууль бус ажиллагаагаа явуулж, өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулах барилга барихаа зогсоо гэсэн утгатай. 

Шаардлагыг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар сая гарч ирж авахдаа БШУ-ны Сайд 14:00 цагт та бүхний төлөөллийг биечлэн хүлээн авч уулзаад, дараагаар нь хэвлэл мэдээллийнхэнд албан ёсоор мэдээлэл хийнэ гэсэн” гэв.

Монгол Улсын Консерватори нь

  • Анх 1937 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны 04 сарын 10-ны өдрийн 45 дугаар тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байсан.
  • 1945 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв хорооны 1945 оны 6 сарын 1-ний өдрийн № 34/30 тоот тогтоолоор “Хөгжимт драматик сургууль”,
  • 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957 оны 9 сарын 12-ны өдрийн № 385 тоот тогтоолоор “Хөгжим бүжгийн дунд сургууль”,
  • 1991 онд БНМАУ-ын Боловсролын сайд, Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын хамтарсан 1991 оны 11 сарын 29-ний өдрийн № 326/473 тоот тушаалаар “Хөгжмийн коллеж”,
  • 1996 онд Монгол Улсын Гэгээрлийн яамны сайдын 1996 оны 11 сарын 12-ны өдрийн № 126 тоот тушаалаар “Хөгжим бүжгийн коллеж” хэмээн нэрлэгдэж байсан.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2017 оны 08 сарын 24-ны А/84 тоот тушаалаар Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага) болж, бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөн.

Монгол Улсын Консерватори нь үүсэн байгуулагдсанаасаа хойш урлагийн чиглэлээр 7,000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасан байна. Монгол Улсын нийт урлагийн салбарын мэргэжилтнүүдийн 70%, мэргэжлийн хөгжимчдийн 90% нь тус сургуулийг төгссөн байдаг аж.