Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хилчин офицер Ж.Баатарцогт Онон голд живж байсан иргэнийг аварчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хилчин офицер эрдэнэт хүний амь насыг аварчээ.

Энэ тухай тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон голын эрэгт энэ сарын 16-ны өдөр амралт, аялал зугаалгаар явж байсан нэг иргэн хөл алдан голд унасан байна. Тухайн иргэнтэй хамт явсан 50 гаруй хүн аварч чадалгүй голын урсгал даган гүйж байхтай хилийн 0132 дугаар ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт таарчээ.

 
Эх сурвалж: ХХЕГ-ын Олон нийттэй харилцах алба

Тэрбээр гол руу орж, живж буй хүнийг татан гаргахад 30 гаруй насны эрэгтэй байсан бөгөөд хүн бүх бие нь хөхөрч, амьсгалах чадваргүй болсон байжээ. Эрэг дээр гарч ирсэн даруйд бусад хүн анхны тусламжийг түргэн шуурхай хүргэж амь насыг нь аварсан байна. Ийнхүү хилчин залуу цэргийн хүний зориг, тэсвэр гарган эрдэнэт хүний амь аварлаа.

Онон голын дундаж өргөн 80 – 160 метр бөгөөд, усны дундаж гүн нь 0.5 – 3 метр хүрдэг хөлгүй гол юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байгааг албаны хүмүүс анхааруулж байна.

Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд гол усанд нийт 22 хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна. Тиймээс ард иргэдийг аялж, зугаалах үедээ сонор сэрэмжээ алдахгүй, зөв боловсон аялж зугаалахыг уриалж байна.

 

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах алба