Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттулга: Аялж зугаалж яваа иргэн та тайван явж, амрах газартаа амран замдаа зорчоорой

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний их баяр наадмын үеэр монголчууд долдугаар сарын 10-18-нийг дуустал нийт ес хоног амарна. 

Энэ хугацаанд иргэд амарч, зугаалах нь ихсэх тул нийслэлээс орон нутгийн замд зорчихдоо юуг анхаарах талаар цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг өглөө. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга "Жолооч нар эн тэргүүнд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ёстой.

Мөн нийслэлээс орон нутагт зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч та хамгийн хариуцлагатай байх учиртай юм. Хайртай гэр бүл, ирээдүй болсон үр хүүхдүүдийн тань амь нас, эрүүл мэнд зөвхөн таны гарт бий. Иймд жолооч та

  • хурдаа тохируулж явах,
  • ядарсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх
  • зөвшөөрөгдсөн хэсэгт замын хөдөлгөөний дүрмээ баримтлан гүйцэд түрүүлэх,
  • шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх гэх зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмүүдийг ягштал баримталбал ослоос урьдчилан сэргийлэх боломжтой. 
Ослын голлох шалтгаан нь хурд байдаг. Нийт ослын 80 гаруй хувь нь хурд хэтрүүлснээс үүддэг тул хурдаа тохируулахыг онцгойлон анхааруулъя. Мөн зорчигч та суудлын бүсээ заавал зүүх үүрэгтэй. Урд суудалд жолоочийн дэргэд сууж байгаа бол жолоочид байнгын хяналт тавьж явах үүрэгтэйг сануулж байна" гэлээ.

Түүнчлэн тэрбээр "Цагдаагийн байгууллагаас 2021 онд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Ирээдүйгээ хамгаалъя" арга хэмжээг Оюу Толгой ХХК-тай хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд өдөр тутамд сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байгаа. Мөн орон нутгийн замд хурд хэмжигчүүд ажиллуулж, хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тул жолооч та бүхэн дүрмээ баримтлаарай. Аялж зугаалж яваа иргэн та тайван явж, амрах газартаа амран замдаа зорчоорой" хэмээв.