Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон тооны цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг олзлон авч, нэг командаар удирддаг бүлэг этгээдийг олж тогтоосон"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас сүүлийн үед цахим орчинд ихээр үйлдэгдэж буй гэмт хэргийн талаарх мэдээллийг өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван "Манай улсад ихээр үйлдэгдэж буй нийгэмд хор хохирол ихтэй гэмт хэргүүд нь цахим залилан, цахимаар худал мэдээлэл тараах, насанд хүрээгүй хүүхдэд садар самууныг сурталчлах, цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг нь түгээмэл гарч, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч, ойр дотны хүмүүсээс нь мөнгө залилж авах, банкны нэвтрэх нэр болон нууц үгийг мэхэлж авах болон таах зэргээр хохироож байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг этгээдүүдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн бөгөөд 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 

Шалгалтын явцад иргэд цахим хаягийнхаа нууц үгийг гар утасны дугаар, төрсөн өдрөөрөө хийдэг. Цахим хаягийнхаа хамгаалалтын горимуудыг бүрэн ашиглахгүй байна. Мөн хаягийн ард байгаа хүнийг нягтлахгүйгээр мөнгө шилжүүлж хохирох нь их байгаа юм. 

Түүнчлэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараах хэрэг ч гарсаар байна. Зарим тохиолдолд гэмт этгээдүүд тусгай зориулалтын программ ашиглаж байгаа юм. Хэргийн жишээг дурдвал холбогдогч Э, Г, Ж, Т, Ч нар нь үгсэн тохиролцож, иргэдийн хаяг руу хортой холбоос тараах замаар нэвтрэх нэр, нууц үгийг олзлон авч, өөрсдөө нэвтрэн бүртгэлтэй мэдээллүүдийг өөрчлөн олон тооны хаягийг цуглуулжээ.

Үүнийгээ ашиг олох зорилгоор бусдад зарах, тодорхой мэдээллийг хандалтыг нэмэх, сэтгэгдэл бичих зорилгоор их хэмжээний хаягийг нэг командаар удирдах программ хангамж зохион, гадаадад сервэрээ байрлуулсан хэргийг цагдаагийн байгууллага тогтоон, мөрдөн шалгаж байна.

Энэ явцад бусдаас тодорхой захиалга авдаг, олон нийтийн сүлжээнд хэн нэгнийг харлуулах, эсвэл илтэд хэн нэгнийг дэмжих үйлдлийг хийдэг нь тогтоогдсон" гэв.

Иргэд энэ төрлийн хэргийн хохирогч болохгүйн тулд цахим хаягтаа нэвтрэх нууц үгээ тогтмол солих, хэн нэгэн таахад амар хялбар байлгахгүйн тулд гар утасны дугаар, төрсөн өдөр зэргийг нууц үгээр ашиглахгүй байхыг анхааруулж байна.