Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарынхан тавьсан шаардлагуудыг нь биелүүлэхгүй бол ажил хаяхаа мэдэгдэв

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Түр хороо хамтран өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Тэд УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн яам зэрэг эрх бүхий долоон субъектэд гурван төрлийн шаардлага хүргүүлсэн тухайгаа уг хурлаар танилцуулсан юм. Тодруулбал, 

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх
  • Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах
  • Эрүүл мэндийн салбар бүхэлдээ улаан бүс болсон тул улаан, ногоон гэж ялгаварлахгүй байхыг шаардаж байгаа юм.

Тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд хамтын маргаан үүсгэх, тэмцлийн шат дараатай арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Мөн үр дүн гарах хүртэл ажил хаялт зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Улаан, ногоон бүс гэхгүйгээр аль ч эмнэлэгт КОВИД-19-ийн халдвартай хүн ирж байна. Засгийн газраас зөвхөн Улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянга гаруй хүнд цалинг 50 хувь нэмэгдүүлж, хоёр сая төгрөг олгох, бусад ажилтанд нэг сая төгрөг өгнө гэж шийдвэрлэснийг бид эсэргүүцэж байна.

Эрүүл мэндийн салбарынхан хамаг хүчээрээ ажилласаар байхад төр засгийнхан баяр ёслол тэмдэглэх, хүн олноор цуглуулах гэх мэтээр эрсдэлийг нэмэгдүүлсээр буй. Наадам тэмдэглэхийг бид эсэргүүцэж байгаа. Наадамд оролцох тамирчид, урлаг соёлынхон халдвар авлаа гэхэд тэднийг хэвтүүлэх эмнэлэг байхгүй" гэв.

Ө.Анхболд: Эмнэлгийнхний ачаалал 3-4 дахин хэтэрсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Түр хорооны дарга, СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд "Эмнэлгийнхний ачаалал 3-4 дахин хэтэрсэн. Гэвч үүнийг тэвчин хоёр жил ажиллаж байна. 

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр энэ оны эхний улиралд улсын дундаж цалин 1.3 сая байгаа. Харин эрүүл мэндийн салбарын дундаж цалин 647 мянга байна.

Салбар даяараа улсын дундаж цалингаас хоёр дахин бага цалингаар ажиллаж байна гэсэн үг. Иймд үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Өндөр ачаалалтай ажиллаж байгаа бид яагаад улсын дундаж цалингаар цалинжиж болохгүй гэж. Бид шаардлагынхаа төлөө тууштай тэмцэх болно" гэлээ.