Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Дайчлагдан ажиллаж буй резидент эмч нарт ₮500,000-ийн тэтгэмж нэг удаа олгохоор 3.7 тэрбум төгрөг тусгасан

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн.

Ингэхдээ  халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад нэг удаа хоёр сая төгрөг,  улаан бүсэд биш ч эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдад нэг сая төгрөгийн тэтгэмж олгож, цалинг нь 50 хувь нэмэхээр тусгасан.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх нь Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал өмнө нь дөрөвдүгээр сард гарч байсан.

Үүнийг долдугаар сарын 1-нээс эхэлж мөрдүүлэхээр нэмэлт өөрчлөлтүүдийг оруулаад тарифыг шинэчилж өөрчилсөн.

Тиймээс долдугаар сарын 1-нээс улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч болон бусад ажилчдын цалин 50 хувийн нэмэгдлээр тооцож олгогдоно гэсэн үг. Яг өнөөдрийн байдлаар 13,016 хүн ажиллаж байна. Тухайн хүмүүсийн үндсэн цалингийн 50 хувийн нэмэгдэл бодогдож орно.

Энэ нь зөвхөн коронавируст цар тахлын үед үргэлжлэх хугацаанд үргэлжилнэ.

Гэхдээ цаашид нийт эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч, миний бие өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана гэдгээ Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороотой уулзах үеэрээ мэдэгдсэн.

Цар тахлын эсрэг дайчлагдан ажиллаж буй резидент эмч нарын тухайд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн цалин олгож буй. Мөн нэмэлтээр резидент эмч нарт нэг удаагийн 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор 3.7 тэрбум төгрөгийг тусгасан" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/325501472373516