Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Оюунгэрэл: Өмнөх өөртэйгөө зууралддаг хүн шинэ карьер эхлүүлж чаддаггүй

ikon.mn
2021 оны 6 сарын 28
Сурталчилгаа

Хэвлэл мэдээллийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж буй С1 телевизийн өдрийн албаны дарга, үл хөдлөх хөрөнгө зуучлалын RE/MAX CLASSIC оффисын брокер эзэмшигч Ч.Оюунгэрэлтэй ажил амьдралын талаар энгүүн яриа өрнүүллээ. Том тоотой хөрөнгө эргэлдэж байдаг нэг салбар, нийгмийн хариуцлага, нээлттэй, ил тод, шударга, үнэн мэдээллийн эрэлд “хатдаг” өөр нэг салбар. Тэрбээр энэ хоёр салбарт амжилттай ажиллаж, амжуулж яваа бүсгүй. 


-Гадаад суурьтай бизнес хуулиас эхлээд олон асуудлыг шийдээд маш сайн  хөгжчихсөн байдаг-

-Би таныг С1 телевизийн өдрийн албаны дарга гэдгээр эчнээ танина. Уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Намайг Ч.Оюунгэрэл гэдэг. С1 телевизийн өдрийн албаны дарга, хэвлэл мэдээллийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа. Мөн RE/MAX CLASSIC оффисын брокер овнер, гурван охины ээж. Аав, ээжийн хайртай охин гээд нэрлээд байвал олон л тодорхойлолт байна. 

 

-18 жил ажилласан туршлагатай хүний хувьд өнөөгийн сэтгүүлзүйг өөрийнхөөрөө дүгнэвэл?

-Сэтгүүлч мэргэжил миний багын мөрөөдөл. Би мөрөөдлөөрөө 18 жил амьдарсан. Харин одоо бол би хүнд өөрийгөө танилцуулахдаа унаган мэргэжил маань сэтгүүлч гэж ярих дуртай. Хэвлэл мэдээллийн салбар маань их өөрчлөгдөж байна. Тухайлбал телевизийн салбар сошиалд орон зайгаа алдаж, улмаар мэргэжлийн сэтгүүлзүй биш сонирхогчийн сэтгүүлзүй хүчээ авч засаглал гэхээсээ илүү нийгмийн захиалгын сэтгүүлзүй тал руу яваад байна уу даа гэж санаа зовдог. Гэхдээ энэ бүх өөрчлөлт цаг зуурынх нь гэж итгэж найдаж байна. 

-Сэтгүүлч хүн үл хөдлөхийн салбарт гэнэтхэн “үсрээд” орчихоогүй байх. Үл хөдлөхийн салбар том тоотой хөрөнгө эргэлдэж байдаг учраас бүсгүй хүн хөл тавихад зориг шаардана биз?

-Би RE/MAX-ийн үйлчлүүлэгч байсан. Энэ франчайз бизнес Монголд орж ирээд удаагүй байхад байраа түрээслүүлэх зэрэг үл хөдлөхтэй холбоотой ганц, нэг ажлаа RE/MAX-ийн агентаар хийлгүүлж байсан юм. Ингээд RE/MAX-ийн оффисуудаар үйлчлүүлэхээр орж гараад явахад дотоод соёл нь маш гоё санагддаг байлаа. Мөн агентуудын мэргэжлийн байдал, имидж бүрдүүлэлт зэрэг нь сэтгэл татдаг байсан. Манай уламжлалт компаниудаас нэг тийм өөр гэдэг нь ороод гарахад л мэдрэгдэж байлаа.  Битүүхэн сонирхоод, бодоод л явсан. Ингээд бага хүүхдээ хоёр нас хүргээд өнгөрсөн 2020 оны зургаадугаар сард RE/MAX-ийн франчайз эрхээ худалдаж авсан. Энэ эрхийг авъя гээд л шууд өгчихгүй, найман үе шаттай. Хувь хүний мэдээлэл, санхүүгийн байдал, гэмт хэрэгт холбогдсон эсэх, амьдралын түүх намтрыг шалгадаг. Маш удаан хугацаанд судалдаг юм билээ. Би цар тахлын эхэн үед энэ бизнесийг сонирхож яваад цар тахалтай уралдуулан франчайзаа авч байсан. Цар тахлын нөхцөлд жил орчим ажиллахдаа муугүй амжилттай ажилласан гэж харж байгаа. Амжилттай ажиллаж байгаа шинэ оффисуудын нэг гэж бодож байна. Борлуулалт маань сараас сард өсч байна. Агентуудын тоо ч гуч орчим боллоо. Үүнээс маш их урам зориг авч ажиллаж байна. 

 

-Франчайз бизнес таны сонирхлыг яагаад татав? 

-Би хэвлэл мэдээллийн салбарт 18 жил ажилласан. Өдий ажил, амьдралын туршлага хуримтлуулсан хүнийхээ хувьд бизнес эрхлэх ёстой юм байна, тэр нь франчайз байвал илүү давуу талтай юм байна, бэлэн загвар дээр өөрийн дураар ажиллах маш зүгээр гэж бодоод франчайз бизнес сонирхож эхэлсэн. Caffee Benne, KFC, CU-г хүртэл сонирхлоо. Кофе зарах уу, тахиа зарах уу, сүү өндөг зарах уу. Эсвэл байшин зарах уу гэж бодсон. Хэрэв ямар нэг зүйл худалдах бол том зүйл зарах ёстой, тэр нь байшин байвал бүр гоё юм байна гэж бодоод RE/MAX-ийн франчайзыг сонгосон. Тэгэхээр миний хувьд франчайз бизнес яагаад сонирхол татсан бэ гэвэл гадаад суурьтай бизнес хууль эрхзүйн орчноос эхлээд олон төрлийн асуудлыг шингээгээд маш сайн  хөгжчихсөн байдаг. Тэр утгаараа бизнесээ босгоход цаг, эрсдэл бага.  Франчайз нь яагаад RE/MAX вэ гэвэл энэ байгууллагад бусдыг татдаг нэг зүйл байдаг. RE/MAX “Бид өрсөлддөггүй, хамтардаг” гэсэн уриатай. Мөн үргэлж сурч хөгжиж, ахиж дэвшиж, нийгмийн идэвхтэй байдал улам бүр сэтгэл татаж байгаа. 

 

-Та өмнө нь контент борлуулдаг ажилтай байсан. Одоо бол ажилтнаа халамжилдаг ажилтай. Та хэнийг, ямар ажилтныг төлөвшүүлэхийг зорьж байна вэ?

-Захирлууд олон төрлийн арга барилтай. Зарчимч, хатуу, дарангуйлагч эсвэл нээлттэй, зөөлөн. Миний хувьд агентуудынхаа дунд нь ороод багийн нэг хэсэг болон ажиллах хамтдаа ажиллаж хөдөлмөрлөөд, алдаж оноод явах захирал юм байна гэж өөрийгөө харж байгаа. Хувь хүний зан төлөв маань энэ. Миний оффис аз жаргалтай агентуудаар дүүрэн байгаасай л гэж хүсдэг дээ. Ажил хийгээд л мөнгө олох гэж ядраад л, нөгөө талд чи мөнгө олсонгүй гэхгүй ямар нэг хавчлага байхгүйгээр хүмүүс жаргаж ажиллах ёстой гэж боддог. Манайх ер нь энтертаймент талдаа оффис. СУИС-ийн багш, СТА дуучин, жүжигчин, хөгжимчин, сэтгүүлч гээд олон мэргэжлийн агентуудтай, их энтертаймент оффис. Шинэ салбарт орж ирж байгаа хүмүүс эхлээд өөрийгөө “унтраах” нь чухал. Энэ салбарыг нэгэнт сонгоод агентаар ажиллахаар шийдсэн бол эхлээд өөрийгөө “унтраах” дараа нь өөрийгөө “зарлах” нь хамгийн чухал байдаг. Түүнээс урьдын ажил амжилттайгаа зууралдаад байвал шинэ карераа эхлүүлж ч чадахгүй бүтэлгүйтэх нь бий. Товчхондоо дандаа онц авдаг газраа байвал чи хөгжихгүй. Муу дүн авах газартаа очоод тэндээ онц автлаа суралц гэдэг дээ.

 

-Охиддоо бие даасан, хүчтэй байдлыг багаас нь суулгах хэрэгтэй-

-Хоёр ч ажил зэрэг амжуулж байгаа хүн ажил амьдралын балансыг хэрхэн тэнцүүлж байна вэ? 

-Би нэг газраа удаан суудаггүй, гүйдэг төрлийн хүн. Цаг хугацаатай уралдаад, ямар нэг зүйл хийгээд л явж байвал өөртөө сэтгэл хангалуун байдаг. RE/MAX-ийн франчайз эрхийг авахаас өмнө ч зөвхөн телевизийн ажлаа хийгээд явсангүй. Олон бизнес эхлүүлээд бүтэлгүйтсэн тохиолдол ч бий. Ер нь завгүй амьдралдаа дассан, дуртай хүн. Хүүхдээ төрүүлсэн ч нэг сар хүргээд л ажилдаа орчихдог, нийгмийнхээ дунд орж байж л санаа амардаг. Тэр утгаараа өөрийгөө олон хүнд зориулагдсан хүн гэж хэлэх дуртай. Би сайн дурын олон байгууллагад гишүүнчлэлтэй, удирдах зөвлөлийн ажил хийдэг. Тэгэхээр цагийн менежментийг тухай тухай үед нь хийгээд л явчихдаг. Түүнээс маш их төлөвлөж суугаад сүйд болдоггүй. Мэдлэгтэй цаг зарцуулахаас илүү мэдрэмжтэй цаг зарцуулахыг хичээдэг дээ. 

-Хоёр ажлын хажуугаар гурван охиноо өсгөх ээжийн ажил бас бий. Охидоо хэн болгож өсгөхсөн гэж хичээж байна вэ? 

-Би Судар, Ном, Эрдэм гэсэн гурван охинтой. Баян чинээлэг, чамин тансаг гэхээсээ илүү хайрлах сэтгэлтэй, өрөвдөх зүрхтэй сайн хүн л болоосой гэж хүсдэг дээ. Энэ нийгэмд хүн болох нь л их чухал байна. Эмэгтэй хүнд бие даасан байх чадварыг багаас нь суулгах нь зүйтэй санагддаг. Учир нь байгалийн захиалга, нөхөн үржихүйн асуудал зэрэг давхар давхар шалтгаанаар эмэгтэй хүн хүчгүй амьдрах нь бий. Тэгэхээр охидоо хүчтэй, бие даасан, сайн хүн болгож л төлөвшүүлэхийг хичээдэг дээ. 

-Нэгэнт эмэгтэйчүүдийн талаар ярьсных RE/MAX-т “REAL WOMANS” гэж клуб байдаг байх аа? Бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн нэгдэл гэж хараад байгаа. 

-Тийм ээ, би энэ клубын удирдах зөвлөлийн гишүүн. Эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэх, эмэгтэйчүүд олуулаа нийлж нийгэм, гэр бүлдээ зөв зохистой юм хийх зорилготой клуб. Одоогоор бид 300 гаруй гишүүнтэй болоод байна. Гэртээ суугаад стресстсэн, ажил бизнес нь зогсонги байдалд орсон эсвэл шинээр карьераа эхлүүлэх гээд хаанаас эхлэхээ мэдэхгүй байггаа эмэгтэйчүүдэд сургалт, семинар, хөгжлийн хөтөлбөр зэрэг онлайн арга хэмжээг олныг зохион байгуулсан. Адилхан эмэгтэйчүүд учраас бие биенээсээ суралцаж чадвал энэ хэцүү цаг үеийг даван туулж, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэхээр, “Олуулаа бол хүчтэй” гэсэн уриатайгаар ажилладаг. 

-Эмэгтэй хүн мэдлэг нэмэхийн хэрээр үзэсгэлэнтэй болдог гэж танай нэг брокер бүсгүй хэлж байсан. Хувь хүний хөгжил трэнд болсон энэ цаг үед та өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ? 

-Надад Ремаксжих маш чухал байна. Миний ойрын хоёр жилийн төлөвлөгөө энэ салбараа илүүтэй мэдэх, мэдрэх цаг хугацаа гэж харж байгаа. Би чинь огт оор салбараас огил үсрээд ороод ирсэн хүн шүү дээ. Өөрийгөө хөгжүүлэх хамгийн гол хэрэгцээтэй зүйл бол үл хөдлөхийн бизнесээ ойлгох, үүний төлөө л тэмүүлж байна. 

 

-Ялъя, дийлье гэсэн амбиц байгаагүй бол би энэ бизнесийг хийхгүй байсан-

-Таны харж байгаагаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын алдаа, оноо юу байна вэ? 

-Би энэ салбарт шинэ хүн, 11 сар л ажиллаж байна. Одооноос л үл хөдлөхийн салбарыг гадарлаж эхэлж байгаа. Тэгэхээр хөгжлийг цаг хугацааны хувьд дүгнэх болоогүй. Том агуулгаараа бол үл хөдлөх зуучлалын бизнес маш хүчтэй хөгжиж байгаа. Манайд зуучлалын бизнес залуу салбар. Хөгжлийнхөө оргил өөд маш эрчтэйгээр мацаж байгаа. Ойрын таван жилд энэ бизнес BOOM болтлоо хөгжинө. 

-Зуучлал гэхээр худалдагч, худалдан авагч хоёрын дундаас мөнгө унагадаг мэтээр ойлгох хүмүүс байдаг.

-Энэ бизнес асар их хөдөлмөрөөр бүтдэг шүү гэж хэлмээр байна. Агентаас асар их хөдөлмөр шаарддаг ажил. Тэр хэрээрээ өндөр хариуцлага яригдаж байдаг. Үл хөдлөх хөрөнгө бол маш том худалдан авалт. Агент 300 сая төгрөгийн байрыг талх шиг зарчихдаггүй, хүнд харагддаггүй хөдөлмөр явж байдаг. Одоо авч байгаа зуучлалын төлбөр энэ хөдөлмөртэй харьцуулбал бараг багадаа орно. Тэгэхээр хүний энэ их хөдөлмөрийг үнэгүй хүртэж болохгүй шүү дээ. Мөн мэргэжлийн байгууллага байна гэдэг эдийн засгийн  эрсдэлийг бууруулж байгаа. Би ойрын таван жил энэ бизнесийг гаргаахгүй мэддэг болохыг зорьж байна. Ер нь ялъя, дийлье гэсэн амбиц байхгүй байсан бол энэ бизнесийг хийхгүй байсан. Үүнийг би насан туршын карьер гэж ойлгож байгаа. 

-Нэг хэсэг Яармагт л байр авах гэж их яарцгаасан. Одоо хүмүүсийн байр авах сонирхол хааш чиглэж, үнэ, чанар, байршил ер юуг чухалчилж байна вэ? 

-Үл хөдлөхийн трэнд олон хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгдөж, савлаж байдаг зүйл юм байна. Яг одоо бол улирлын чанартай савлагаа их явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл газар, зуслангийн хаус түрээсийн үйлчилгээ эрэлттэй байгаа. Ойрын ирээдүйд би дөрвөн улирлын хаусын эрэлт өснө гэж харж байна. Энэ нь ямар шалтгаантай вэ гэхээр нэг үеэ бодвол Улаанбаатар хотын хүн амын анхдагч хэрэгцээ хангагдсан гэж үзэж байгаа. Нэг хэсэг хашаа байшингаасаа байранд орно гэдэг бүхэл бүтэн нийгмийн давалгаа байсан. Тухайн үед нэг, хоёр өрөө байртай болсон хүмүүс одоо гурав дөрвөн өрөө байртай, гурав дөрвөн өрөө байртай хүмүүс нь хаус, пентхаустай болгох гээд нийгмээ дагаад өөрчлөгдөж байна. 

-Ажлаасаа 11 сая төгрөг цүнхлээд харьсан агент маань ажил хөдөлмөрөөрөө бахархсан байх- 

-Мөнгө аль ч салбарт сонирхолтой сэдэв. Агентаар ажиллаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой юу? 

-Саяхан 10 тэрбумын үл хөдлөх хөрөнгө борлуулаад шимтгэлийн орлого 345 сая төгрөг авсан агент байгаа. Манайд өчигдөр шимтгэлийн орлого гээд 11 сая төгрөг нэг агент авсан. Ажлаасаа 11 сая төгрөг халааслаад харихдаа тэр агент маань өөрөөрөө, ажил хөдөлмөрөөрөө бахархсан байх. Би оффисоо байгуулчхаад хамгийн эхний орлогоо хараад WOW гэж л бодсон. Яагаад гэхээр чи өнөөдөр гурван өрөө байшингаа зараад л зуучлалын төлбөрийн нэхэмжлэхээ өгөхөд өдөртөө мөнгө нь ороод ирдэг. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгө зуучлагч гэдэг хурдан үр дүн нь гарч хурдан урам зориг өгдөг ажил. 

-REMAX-ийн 50 гаруй оффис үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь таных. Оффисын онцлогоо хэрхэн тодорхойлох вэ? Магадгүй сэтгүүлч мэргэжлийн онцлог энэ салбарт хэрэг болж байна уу?

-Хэвлэл мэдээллийн салбарынхан хамгийн мэдрэмжтэй хүмүүс гэж би хувьдаа боддог. Миний 20 жил өдөр бүр өөр өөр хүнтэй уулзаж санал, бодлоо солилцож явсан туршлага, мэргэжил маань үл хөдлөхийн ажилд маань үнэхээр давуу тал болж байна. Би сэтгүүлч мэргэжилтэй. Тэр утгаараа хүссэн хүсээгүй мэргэжилтэйгээ уялдуулчих гээд байгаа. Уулзалтын өрөөгөө хүртэл телевизийн студи шиг тохижуулчихсан байх жишээтэй. Тэгэхээр хүний сурсан юм, дассан орчин өөрийн мэдэлгүй л нөлөөлж байдаг юм байна. Би дүрс, дуу видеотой хослуулж контентод тулгуурлаж борлуулалт хийнэ гэж боддог. Энэ төрлийн контент цөөнгүй олныг хийгээд байгаа. 

 

-Сүүлийн асуулт. Та өнөөдрийн өөрийгөө хэрхэн бүтээсэн бэ? 

-Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул иргэн. Аймагтаа арван жилийн сургуулиа төгссөн нийгмийн идэвх өндөртэй, санасандаа заавал хүрдэг, ном их уншдаг, шүлэг яруу найрагт хорхойтой хүүхэд байлаа. Ном их уншдаг байсан учраас сэтгүүлч эсвэл номын санч болно гэж мөрөөддөг байсан. Хүүхдүүдийн мөрөөдөл маш их өөрчлөгддөг. Минийх нэг их олон өөрчлөгдөөгүй санагдаж байна. Уран нугараачаар бас хичээллэдэг байсан. Хүн бүр мөрөөдөлдөө хүрэх боломжгүй. Би мөрөөдөлдөө хүрэхдээ, өнөөдрийн өөрийгөө бүтээхэд дардан биш замаар явсан гэж өөрийгөө боддог. Нийгмээрээ хямарсан, дэлгүүрийн лангуу давснаас өөр бараагүй цөвүүн цагийн хүүхэд. Дөрвөн оюутантай айлын нэг нь учир сургалтын төлбөр, амьдрах байр орон сууц гээд ихэнх асуудлаа өөрөө л зохицуулаад ирсэн. Зөөгч, бармен, угаагчаар ажиллаж байлаа. Хөдөөний оюутнууд хотод ингэж л амьдралд хөлөө олдог доо. 

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье. 

Г.Тэгшсүрэн

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.