“Гэрэгэ киоск” төхөөрөмжид өөрийн мэдээллээ оруулж, шүүхийн баримт бичгийн бэлэн загварыг А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэн авах шинэ үйлчилгээг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байрлах “Киоск” төхөөрөмж дээр өнөөдөр /2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр/-өөс нэвтрүүлж эхэллээ.
Энэхүү нээлтийн ажиллагаанд "Легал дата" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Алтангэрэл, "Гэрэгэ системс" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа болон Шүүхийн захиргаа удирдлагын газрын, Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нар оролцсон юм.
"Гэрэгэ киоск"-ийг 2017 оны 10 дугаар сард зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг цахимаар авч, хураамж төлөх боломжтой байдаг. Тус киоскийг 2020 оноос дүүргүүдийн нийт шүүх болон шүүхийн тусгай архивын байранд байршуулан архивын лавлагаа авах төлбөр болон Улсын тэмдэгтийн хураамж төлөх зорилгоор ашиглаж ирсэн.
Энэ удаа "Легал дата" ХХК, "Гэрэгэ системс" ХХК хамтран шүүхэд иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг загваруудыг “Гэрэгэ киоск”-ийн системд нэвтрүүлж хэвлэн авч, ашиглах боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэд цаг, хугацаагаа хэмнэх, шүүхийн үйлчилгээ иргэд олон нийтэд илүү хүртээмжтэй, түргэн шуурхай хүрэх боломж бүрдэж байна. Түүнчлэн энэхүү системийг үндэсний технологийн компани "Гэрэгэ системс" ХХК, хуульч судлаачдад хэдийнээ танил болсон хууль зүйн чиглэлийн судалгааны бүтээлийн цахим сан болох legaldata.mn тэй хамтран хөгжүүлснээрээ онцлог болж байна. Legaldata нь 2016 оноос үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа ба одоогоор тус цахим санд 140 гаруй судлаачийн 780-аад бүтээл байршаад байгаа билээ.
“Гэрэгэ киоск” машинаас нэхэмжлэл болон хүсэлтийн дараах загваруудыг хэвлэж авах боломжтой.
Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байрлах “Киоск” төхөөрөмж дээр энэхүү үйлчилгээ нэвтрээд байгаа бөгөөд цаашид бусад шүүхэд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.