Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ариунжаргал: Салбар нэгжүүд ачаалалтай байгаа тул цахимаар үйлчлүүлэхийг зөвлөж байна

ikon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ өдрүүдэд иргэдийг олноор  нэг дор төвлөрөхгүй байх, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг сануулж буй билээ. Тэгвэл арилжааны зарим банкуудад иргэдийн оочер дараалал буурахгүй, ачаалал ихтэй байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар ХААН Банкны Салбарын удирдлагын газрын Үйл ажиллагаа зохицуулалт хариуцсан менежер Ц.Ариунжаргалаас утсаар тодрууллаа.

-Танай банкны салбар нэгжүүдийн хувьд ачаалал хэр байна вэ?

-Цар тахлын халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор нийслэлийн салбар нэгжүүдийн хувьд ачаалал ерөнхийдөө ихэслээ. Улс орон даяар нөхцөл байдал хүндхэн хэдий ч манай салбар нэгжүүд бүхий л боломжоо дайчлан харилцагчдадаа банкны үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэхээр зорьж ажиллаж байгаа. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим салбарын ажилтны ар гэрийн хүнээс “Ковид”-ын тохиолдол илэрч ойрын хавьтал болсон, эсвэл өөрөө халдвар авсан зэрэг шалтгаанаар тухайн салбар нэгжийг хэсэг хугацаанд хааж, ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийж байна. Тухайн салбар нэгжийн ажилтнууд маань бүгд PCR шинжилгээ өгч хэвийн болсны дараа дахин нээж ажиллуулах зохицуулалт хийж байгаа. Үүнтэй холбоотой зарим салбар нэгж ажиллахгүй, мөн ажиллаж буй салбар нэгж цөөн хүнтэй ажиллах шаардлага гарч байна. Тиймээс салбар нэгжүүдэд ачаалал нэмэгдэж байгаа юм.

-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллуулж байна вэ?

-Манай салбар нэгжүүд хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Нэг дор олон хүн төвлөрүүлэхгүй байх, үйлчилгээний танхимд хүн хоорондын зай бариулах үүднээс зохих шаардлагуудыг тухай бүр тавьж байгаа. Нөхцөл байдлаас үүсэн салбар нэгжүүдийн ачаалал  их байгаа энэ үед иргэд харилцагчдыг хаа байгаа газраасаа зайнаас буюу цахимаар банкны үйлчилгээ авахыг зөвлөж байна. Ингэснээр харилцагчид маань өөрсдийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлэх боломжтой. Мөн өөртөө үйлчлэх банкны КИОСК машинуудаас төлбөр тооцоо гүйцэтгэх, тодорхойлолт, хуулга авах зэрэг үйлчилгээг авах боломжтой.  Харилцагчдад хандаж хэлэхэд та бүхэн асууж тодруулах зүйл байвал банкны цахим сувгууд болох Viber (94031917), Wechat (Khan Bank), Facebook (Khan Bank), Twitter (Khan Bank)-ийн чатаар хандахыг мөн зөвлөе.