Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

П.Цагаан: Манай улсад тулгамдаж буй 15 асуудлын нэгдүгээрт удирдахуйн чадвар орсон

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021"-ийн үр дүнг өнөөдөр танилцуулна. 

Дэлхийн өрсөлдөх чадварын 2021 оны судалгаанд 64 улс харьцуулагдсанаас Монгол Улс 60-д эрэмбэлэгдэж, хамгийн муу оноотой улс болжээ. 

“Манай төв 10 дэх жилдээ "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан" гийн үр дүнг танилцуулж байна. Манай судалгааны тайлан бол Монголын үе үеийн Засгийн газрын явуулсан бодлогын үр дүнгийн тусгал гэж хэлнэ. Улс орнуудын өрсөлдөх чадварыг засаглал, дэд бүтэц, эдийн засгийн үр ашиг, бизнесийн тамир тэнхээ гэсэн дөрвөн үзүүлэлтээр хэмждэг. Манай улс 60 дугаарт жагссан. Сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэдэг шиг эх орноо бусад улс шиг өрсөлдөх чадвартай болоосой гэсэндээ ингэж судалгаа хийж байгаа юм" хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.Цагаан мэдээллийн эхэнд хэллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Үргэлжлүүлэн тэрбээр "Судалгааны тайлангаас харвал,

  • Монгол Улс ЕБС-д хамрагдаж буй үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа ч дээд боловсролын чанарын үзүүлэлтээрээ хамгийн сүүлд /64 орноос/ жагсаж байна.
  • Манай улсад тулгамдаж буй 15 асуудлын нэгдүгээрт удирдахуйн чадвар орсон.
  • Өрсөлдөх чадвар хамгийн сул орноор Аргентин, Венесуэл, ӨАБНУ, Ботсван, Монгол Улс нэрлэгдэв.
  • Хамгийн өндөр өрсөлдөх чадвартай улсаар Швейцар, Голланд, Дани тодорсон.
  • Монгол Улс засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 58-д эрэмбэлэгдсэн. Энэ нь Швейцартай харьцуулахад энэ үзүүлэлтээр 3 дахин доогуур оноо авсан хэрэг.
  • Баруун Европ, зүүн Азийн орнуудын өрсөлдөх чадвар нэмэгдэн, Латин Америкийн орнуудын оноо буурав.
  • Эрүүл мэнд, боловсрол, инновац, шинэ технологи нэвтрүүлсэн улс орнууд өрсөлдөх чадварын судалгаанд өндөр оноо авсан.
  • Технологийн дэд бүтцийн үзүүлэлтээр Сингапур, Нидерланд, АНУ, Швед улс дээгүүр жагсав.
  • Монгол Улс Засаглалын үр ашиг үзүүлэлтээр 54-т,  бизнесийн байгууллагуудын үр ашгийн үзүүлэлтээр 60-д эрэмбэлэгдсэн.
  • Дэд бүтцийн үзүүлэлтээр Монгол Улс 64 улсаас 62-т эрэмбэлэгдсэн " гэв. 

"Манай улсын энэ жилийн авсан оноонууд бусад өрсөлдөх чадварын судалгаанд орсон улсуудтай харьцуулахад хамгийн бага оноо авч, ухарсан"

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг “Манай улсын төсвийн алдагдал нэмэгдсэн, нэг хүнд ногдох ДНБ буурсан, хилийн хоригийн улмаас худалдаа саарсан зэрэг сөрөг өөрчлөлтүүд гарсан.

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021”-ээс харвал Монгол улс 60-д эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жилийн хувьд 61-т эрэмбэлэгдэж байсан. Өрсөлдөх чадвар хамгийн өндөр улс болох Швейцартай харьцуулахад Монгол улсын өрсөлдөх чадвар 40 оноо болж өнгөрсөн жилээс 3.4 оноогоор буурсан. Цар тахлын нөлөөгаар дэлхийн бүх урсад өрсөлдөх чадвар суларсан нь ажиглагдсан.

Манай улсын энэ жилийн авсан оноонууд бусад өрсөлдөх чадварын судалгаанд орсон улсуудтай харьцуулахад хамгийн бага оноо авч, ухарсан. Энэхүү судалгааны үр дүнд нөлөөлөх боломжгүй гэдгийг хэлмээр байна” хэмээв.