Төрийн байгуулалтын байнгын хороо “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин танилцуулга хийсэн юм.
Монголчууд 2021 онд хувьсгал хийж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны Монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг болсон билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь буюу 84.6 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.