Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжээгүй, гурван төрлийн зээл гараагүй бол банкны зээлийн гаралт улам буурсан байх байлаа

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тавдугаар сарын 31-ний байдлаар төсвийн орлого 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Энэ тоо бол өнөөгийн нөхцөлд чамлахааргүй дүн бөгөөд 2020 оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. 

Энэ жилийн хувьд экспортын гол түүхий эдүүдийн үнэ бидний төсөөллөөс таатай байна. 

Оны эхний таван сарын байдлаар и-баримт системд бүртгэгдсэн борлуулалтын нийт дүн 39.5 их наяд төгрөг байгаа нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 25 хувийн өсөлттэй дүн. Борлуулалтын орлогыг салбар бүрээр харвал жигд өсөлттэй байгаа. 

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа цогц хөтөлбөр тэр дундаа гурван төрлийн зээл эдийн засгийн үзүүлэлтүүд өсөлттэй гарахад нөлөөлсөн. Хэрвээ 10 их наядын хөтөлбөр хэрэгжээгүй, гурван төрлийн зээл гараагүй бол банкны зээлийн гаралт буурч байгаа. Зээлийн хөтөлбөр эдийн засгаа дэмжих, ажлын байрыг хадгалах зорилготой бөгөөд халамж, тэтгэмж биш гэдгийг онцолж хэлмээр байна. 

Эдийн засгийн сайн үр дүнгүүд их үнэтэй олдож байгаа. Цар тахлын үед иргэдийн амь нас, эрүүл мэндээс давсан эдийн засаг гэж байж болохгүй. Бид аль болох зөв тэнцвэр олсон шийдвэрүүдээ хадгалаад явах хэрэгтэй. Хатуу хөл хорио тавих хэмжээний эрсдэлд хүрэхгүйгээр тал талаасаа хичээгээд явах ёстой.

Эдийн засаг ерөнхий дүнгээрээ өсөлттэй байгаа ч түр зуурын шок үүсэж байна. Өдөртөө, долоо хоногтоо хилээр ороод ирдэг байсан хүнс болон өргөн хэрэглээний бараанууд саатсанаас үүдэн шок үүсэж байгаа. Хилийн боомтууд болон тухайн бүсэд хэрэгжиж байгаа хязгаарлалтуудаас үүдэн тээврийн тоо цөөрөх, үнэ өсөх нөхцөл бүрдэж байна. Үүн дээр зохицуулалтын хариу арга хэмжээг Засгийн газраас аваад явах ёстой" хэмээн ярилаа. 

Ажлын байрыг дэмжих зээл олголт энэ сарын 14-ний өдрийн байдлаар 65.7 хувь, репо санхүүжилтийн зээл олголт 24.9 хувь, орон сууцны ипотекийн зээл олголт 2021 онд төлөвлөсөн хэмжээний 38 хувьд хүрээд байна. Мөн 15,784 зээлдэгчдэд хөдөө аж ахуйг дэмжсэн 207.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртлэх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож, зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог ашиглах зохицуулалт хийж буй.
Энэ сарын 14-ний байдлаар нийт 6,060.9 тэрбум төгрөгийн 57.7 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,313.8 тэрбум төгрөгийг нийт 17,785 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/69btDVICkr/