Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

О.Аминаа: Үл хөдлөхийн зуучлагчид өдөрт 200 хүнтэй утсаар ярих үе байдаг

ikon.mn
2021 оны 6 сарын 16
Сурталчилгаа
 

Дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тэргүүлэгч RE/MAX-ийн франчайз бизнес Монгол Улсад 2015 онд албан ёсоор орж ирсэн. RE/MAX MONGOLIA бүсээс брокер эрх авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхны гурван оффисын нэг нь RE/MAX INFINITY. Үл хөдлөхийн салбарт туршлагатай агентуудаараа танигдсан тус оффисын GOLD зэрэглэлтэй агент О.Аминаатай уулзаж ярилцлаа. Тэрбээр Чех Улсад эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Сурсан мэдлэгээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар зорьж,  хүний төлөөх сэтгэлтэй бизнес хөгждөгийг үлгэрлэж яваа нэгэн.

 

-Сүүлийн үед хүмүүсийн  байрны сонголт хааш чиглэж байна вэ?

-Цаг үеэ дагаад сонголт үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Бүтээн байгуулалт өрнөж байгаа Хан-Уул дүүрэг ялангуяа Яармаг чиглэлд орон сууцны худалдан авалт RE/MAX-ийн сүүлийн нэг жилийн борлуулалтын тайлангаар нийт борлуулалтын 45-аас доошгүй хувийг эзэлсээр байна. Мөн сургууль цэцэрлэг, төрийн үйлчилгээ төвлөрсөн хэсэгт эрэлт ихтэй хэвээр. “Ковид-19” халдвар гарснаас хойш хотоос зайдуу хувийн амины орон сууцны эрэлт маш ихээр нэмэгдсэн.

 

-Та яагаад үл хөдлөхийн салбарыг тэр дундаа RE/MAX-ийг сонгосон бэ?

-Би Чех Улсад эдийн засагч мэргэжлээр суралцсан. Монголдоо ирээд импорт болон үндэсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2-3 компанид ажилласан. Удирдлагын өгсөн үүргийн дагуу ажиллаж тогтмол цалинтай байхаас илүүтэй өөрийгөө сорьж хэдий чинээ сайн ажиллана төдий чинээ орлого олох боломжийг энэ салбараас олж харсан. Харин сайн танил ахынхаа зөвлөснөөр RE/MAX-ийг сонгоод, RE/MAX INFINITY  оффист 2019 оны намраас эхлэн агентаар ажиллаж байна.

-Таныхаар үл хөдлөх хөрөнгийн зуучлагч гэж хэн бэ? Тэд юу хийдэг вэ гэдгийг танайхаар үйлчлүүлэхээр төлөвлөж буй харилцагчдад хандаж тайлбарлавал?

-Үл хөдлөхийн зуучлагч гэхээр борлуулагч л гэж боддог. Эсвэл тухайн иргэний, хэн нэгний үл хөдлөх хөрөнгийг зуучлахдаа мөнгө нэмж зардаг “ченж” гэх ойлголт ч бий. Үүнд би харамсдаг. Бид бол санхүүгийн зөвлөх үйлчилгээг банкны эдийн засагчаас авдагтай адил үл хөдлөх хөрөнгийн салбарын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг хүмүүс. Зөвхөн байр орон сууц, үл хөдлөхийг зарах худалдах бус тухайн харилцагчид зөвлөх үйлчилгээ өгөх, хэрхэн үл хөдлөхөө хурдан борлуулах, нөгөө талд худалдан авах гэж байгаа хүн юунд анхаарах нь зүйтэй вэ гэдгийг зөвлөдөг. Тиймээс би бусдад зөвлөгөө өгөн тусалж сонголтод нь эерэгээр нөлөөлөхийг эрмэлзэн ажиллаж байна.

 

-Хэдийгээр та энэ салбарт агентаар ажиллаад удаагүй байгаа ч сүүлийн саруудад RE/MAX MONGOLIA-ийн хамгийн олон борлуулалттай эхний таван шилдэг агентийн нэгээр тодорчээ. Таны сэтгэлд тод үлдсэн гүйлгээний түүхээ хуваалцвал?

-Худалдан авагч маань миний зөвлөснөөр авах гэж байсан үл хөдлөх хөрөнгөөсөө татгалзсан тохиолдол гарсан. Тэр харилцагч маань хотын төвд ажилтай, 5-14 насны гурван хүүхэдтэй, бүгд хотын төв хэсэгт сургууль цэцэрлэгт явдаг байж таарсан. Би тэдэнд ойрын таваас арван жилд хаана амьдарвал цагаа хэмнэж болохыг, тэдний хэрэгцээ, шаардлага нь юу байна вэ гэдгийг илүү тодруулснаар Яармагт үнэтэй хаус худалдан авахаасаа татгалзаж хотын төвдөө байраа томруулж, сайжруулж авсан. Тэр харилцагч маань “Дээрх худалдааны гүйлгээнээс илүү гарсан мөнгөө өөрийн бизнестээ нэмэрлээд илүү боломжийг гаргаж ирж чадсан. Чиний зөвлөгөө маш үнэ цэнтэй байлаа, чамд баярлалаа” гээд маш гоё сэтгэлийн үг хэлж байсан. Тэр харилцагчийн хэлсэн үгийг санахаар би одоо ч урамшдаг.

-Нууц биш бол таны  сарын орлого хэд вэ? Энэ салбарын зуучлагч санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд юу нөлөөлөх вэ?

-Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид өндөр үнэтэй орон сууц борлуулаад том тоотой мөнгө олоод байна гэх ойлголт нийгэмд бий. Гэхдээ энэ хүн бүрт байнга давтагддаг орлого биш. Би ажилд орсноосоо хойш гүйлгээг том, жижгээр нь ялгаж ажиллаагүй. Харин бизнесээ яаж тогтвортой, тууштай, байнгын орлоготой байлгах вэ гэдэгт анхаарсан. Тухайлбал сүүлийн хагас жил багаар төсөл дээр тодорхой борлуулалтын төлөвлөгөө гаргаж сард 20 гүйлгээ хийнэ гэсэн зорилго тавьж төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж ирлээ. Хүн мэдээж орлогоо ахиулахыг хичээнэ, миний хувьд сарын орлого 10 саяд хүрч байсан.

-Карьерын хувьд хаа хүртэл өсөх боломжтой ажил вэ? Таныхаар амжилттай ажиллахад юу чухал вэ?

-Хүн бүр өөрийн гэсэн давуу тал, ур чадвартай. Хүнийг маш сайн ойлгож, өгөөжтэй асуултуудыг тавиад бусдын оронд өөрийгөө тавьж ойлгохыг хичээх нь миний амжилтын нэг үндэс гэж боддог. Карьерын хувьд хэлэхэд энэ салбарт олон үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нар ажиллаж байна. Цаашид хэн хэрхэн илүү төрөлжиж судалгаатай, тууштай ажиллаж чадсан нь карьерын хувьд өсөж дэвжинэ гэж боддог. Хүнд амласнаа биелүүлдэг, цаг барьдаг, хариуцлагатай бол энэ ажилд насны, амжилтын, санхүүгийн хязгаар үгүй.

 

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би ажлын цагтаа хийх зүйлсээ төлөвлөснийхөө дагуу хийдэг, төлөвлөснөөсөө гажихыг хүсдэггүй. Сүүлийн зургаан сар төсөл дээрээ өдрийн найман цагийг зарцуулж ажиллаж байна. Ер нь бол өдөрт ажлын, хувийн мөн суралцах гэсэн үндсэн гурван хэсэгт хувааж цагийн хуваариа зохицуулж баланслуулж ажиллаж амьдрахыг хичээдэг. Хувийн гэдэгт дуртай спортоороо хичээллэх, бүжиглэх, найз нөхөдтэйгөө уулзах зэрэг дуртай зүйлээсээ заавал оруулдаг. Зарим өдөр их ачаалалттай ажиллаж өдөрт 200 дуудлага авах тохиолдол байдаг. Ийм өдрийн дараа дуртай зүйлээ хийгээд маргааш нь эрч хүчтэй шинэ өдрийг эхлүүлэх сайхан.

-Та шинээр үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт хөл тавьж буй хүнд яагаад RE/MAX INFINITY оффисыг санал болгох вэ?

-Манай Infinity хамт олон маань их найрсаг, нээлттэй хамтарч ажиллаж чаддаг. RE/MAX Mongolia-гийн анхны оффисуудын нэг, шинэ агентын сургалтын цогц хөтөлбөртэй, салбартаа 6-10 гаруй жил ажилласан туршлагатай зөвлөх агент реалторуудтай. Тэр утгаараа манай оффис түүчээлэгч гэж ам бардан хэлж чадна.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.