Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батдэлгэр: Цэргээ зодсон гэж тогтоогдоогүй байхад ажлаасаа гарч, таван хүүхдээ тэжээж чадахгүй эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Өмгөөллийн Ага хобугасайр фирм ХХК-ийн өмгөөлөгч Г.Балжмаа, ЗХЖШ-ын 032 дугаар ангид ажиллаж байгаад гарсан О.Батдэлгэр нар мэдээлэл хийлээ.

Гэрэл зургийг mpa.mn

Хурлын эхэнд өмгөөлөгч Г.Балжмаа "Зэвсэгт хүчний жанжин штабаас гардаг тушаалууд, түүний уршгаар хүний амьдрал хэрхэн хохирч байгаа талаар ярих гэж байна. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаагч, ахлах ахлагч цолтой О.Батдэлгэр гэдэг хүн өөрийн амьдрал ахуй, ажил төрөл, нэр төрөөрөө хохирчихоод явж байгаа тухайгаа надад хандсан юм.

2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр та бүхэн сайн мэдэж байгаа байх цахим орчинд 032 дугаар ангид алба хааж байсан алба хаагчийн эгчийн зүгээс гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу О.Батдэлгэр гэдэг хүнд хоёр үндэслэлээр гомдол гаргасан байна.

Нэгдүгээрт, Батдэлгэр ахлагчид зодуулсны улмаас шүд нь цуурч, гүйлсэн булчирхай цочсон.

Хоёрдугаарт, намайг дарамталж өөрийн дансаар мөнгө авдаг байсан гэсэн асуудлаар ЗХЖШ-т ханджээ.

Гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулна гээд одоог хүртэл эцсийн шийд нь гараагүй байгаа. Энэ асуудлаас болоод БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүссэн байгаа юм. Эрүүгийн хуулийн 28.3 хэсэгт заасан "Захирагч захирагдагчдаа хүч хэрэглэсэн" гэсэн үндэслэлээр 6 сараас 1 жилийн хугацаагаар хорих ялтай, өөр санкцгүй эрүүгийн хэрэг үүссэн байгаа" гэлээ.

Олон сайхан залуу над шиг битгий хохироосой

Гэрэл зургийг mpa.mn

Болсон үйл явдлын талаар иргэн О.Батдэлгэр "2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Б.Дэлгэрхишиг гэж хүнээс бэлтгэл байлдагч Г.Бямбадорж цэргийн ангид алба хааж байх хугацаандаа надад зодуулж гүйлсэн булчирхай цочиж, шүд нь цуурсан гэдэг өргөдөл гомдол надад ирсэн. Энэ гомдлын дагуу ЗХЖШ-аас ажлын комиссын дарга, хурандаа Ариунболд, дэд хурандаа Батжаргал нар ирж шалгасан.

Гуравдугаар сарын 22-нд шалгасан хэрнээ одоо хүртэл шийдвэр өгөөгүй. Гэтэл Дугаррагчаа хурандаа "чи мөнгө авсан нь батлагдсан. Ажлаас гарах өргөдлөө өг. Нэг хоногийн дотор өргөдлөө цохуулаад урагшаа явуул" гэсэн аман тушаал өгсөн. Шалгалтын явцад миний буруутай нь тогтоогдоогүй байхад эрүүгийн гэмт хэрэг хийсэн мэтээр ажлын байранд дарамт шахалт үзүүлж, дарга нар намайг бузар булайгаар дууддаг байсан. Энэ бүхнийг туулсаар сарын дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. 

Би 2012 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдан ирж, авхаалж самбаагаараа олон залуучуудын дундаас шалгарч, ангидаа улирах хүсэлт өгөөд 2013 оны тавдугаар сарын 14-ний өдрийн ЗХЖШ-ын даргын 513 дугаар тушаалаар тус ангид цэргийн цагдаагийн ротод буудагчаар томилогдож байсан.

Ажлаасаа гартал тус ангид буудагч, пулемётчин, 2020 оны нэгдүгээр сарын 16-ны хүндэт харуулын салааны ахлагч албан тушаалаар томилогдож байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй. Үлгэр жишээчээр хандаж байсан. Ингэж ажиллаж байхад гүтгэлгээс болж ажлаасаа гарч, таван хүүхдээ тэжээж чадахгүй ажил хайгаад дээрээс нь 6 сараас нэг жилийн хугацаагаар хорих ял оноох заалттай эрүүгийн гэмт хэрэгт цагдаад шалгагдаад явж байна.

Надаас өөр олон сайхан залуу битгий хохироосой, үр хүүхдээ тэжээж яваа талхны мөнгөнөөсөө битгий салаасай гэсэндээ өнөөдөр зоригтой алхам хийн хэлж байна" хэмээн ярилаа.