Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэгжихэд бэлэн болсон ураны төслүүд эхнээсээ лицензээ хураалгаж эхэлжээ

Ц.Баасансүрэн, Өдрийн сонин
2021 оны 6 сарын 7
Өдрийн сонин
Зураг зураг
Эх сурвалж: australianmining.com

Супер цикл эхэлсэн гэж шинжээчид ам уралдуулж байгаа энэ үед ураны зах зээл ч өнгөтэй байна. 20-25 ам.доллар дээр олон жил тогтсон ураны үнэ дэлхийн зах зээл дээр 30-40 ам.долларт хэлбэлзэж эхэлжээ.

Ураны үнэ ойрын долоо, найман жилдээ өснө гэсэн таамаг давтамжтай дуулдаж буйг онцолъё. 2010, 2011 оны супер циклийн үед ураны ханш 120-130 ам.долларт хүрч цойлж байсан юм. Манай улсын хувьд 65-66 мянган тонн ураны нөөцтэй гэсэн таамаг тооцоо дуулдаг. Энэ хэмжээ хоёроос гурав дахин өсөх боломжтой гэх тооцоог мэргэжлийнхэн хэлдэг. Яг одоогийн байдлаар гурван компанийн төсөл хэрэгжихэд бэлэн болсон ч иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхны эсэргүүцэл гэсэн ганц шалтгаанаар гацсаар өнөөг хүрээд буй.

Ураны төсөлд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид эхнээсээ лицензээ хураалгаад эхэлчихэж. Нүүрс, зэсээс гадна газрын ховор элемент, ураны салбараа хөдөлгөж чадвал экспортын хоёр том суваг нээгдэнэ гэж эдийн засагчид онцолж байна.

Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай төслүүд гацсаар байна

Ураны салбар 2009-2013 онд 2013 онд ид цэцэглэж байв. “Камеко”, “Арева”, “Денисен майнз” зэрэг аваргууд хөрөнгө оруулж байсан тэр цагт ураны хайгуулд жилд хорь, гучаад сая ам.долларын ажил хийгдэж байжээ. Хайгуулын зуу орчим лиценз байсан тоо дуулддаг. Ураны салбарт хөрөнгө оруулсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид эцэстээ Монголыг орхих шийдвэр гаргасаар олон жил өнгөрч байна.Сүүлийн тод жишээ гэхэд л Канадын “Хан ресурс”. Лицензээ хураалгасан тус компани арбитрт хандаж, арбитрийн шүүх Монголын Засгийн газрыг 100 гаруй сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасныг уншигчид санаж байгаа байх. Сүүлдээ төсвөөс 70 сая ам.доллар гаргаж Канадын компанид өгснөөр маргаан дуусч байв. Яг нарийндаа Канадын компани 20 сая хүрэхгүй ам.долларын хөрөнгө л оруулсан, Засгийн газрын буруу шийдвэрээс болж төсвийн өчнөөн тэрбум төгрөг гадны компанид очсон гэх яриа хөөрөө ч ураны салбарынхан дунд өрнөдөг. 

Өнөөдрийн тухайд ураны салбарт гуравхан компани л торойж үлджээ.Тэд хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй. Ашиглалтад бэлтгэгдсэн хоёр, гурван газар байгаа аж. Нэг нь Францын хөрөнгө оруулалттай “Бадрах энержи” (Хуучнаар “Арева”), нөгөө нь Чехийн хөрөнгө оруулалттай “Гурвансайхан”, гурав дахь нь урд хөршийн хөрөнгө оруулалттай “Эмээлт майнз”. Гэхдээ энэ төслүүд 2010, 2011 оны байдлаасаа ахиж гавьсан юмгүй таг гацчихаад байна.

Иргэний хөдөлгөөнийхөн гурван толгойтой тугал төрлөө гэх төдийхөн шалтгаар төслүүдийг цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацаасаар ирсэн нь нуух юмгүй ил үнэн. “Бадрах энержи”-гийн хувьд “Эрдэнэс Монгол” ХХК, Францын Орано Майнингийн хамтарсан компани. Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байгаа. Компанийн зүгээс Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын байгууламжийн барилгын ажлаа хийсэн.

Тодруулж хэлбэл, туршилтын үйлдвэрээ барьчихсан. Онцолж хэлэхэд, Зөөвч-Овоо ордын батлагдсан нөөцийн хэмжээ 93291 тонн болж өсөөд буй. Ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирсэн төсөл. Дашрамд дурдахад, “Эрдэнэс Монгол” компанийн охин компани “Мон атом” тус компанийн 34 хувийг эзэмшдэг. “Бадрах энержи”- гийн хувьд мөн л гаж хөгжилтэй хурга, ишиг ярьж дайрдаг иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцлээс болж төслөө урагшлуулж ажил болгож чадахгүй өнөөг хүрээд буй.

Дорноговьд ашиглалтын гурван лицензтэй, Сүхбаатар зэрэг аймгуудад хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ч иргэний хөдөлгөөний эсэргүүцлээс болоод нэмэлт хайгуулын ажлууд нь тийм ч ахицтай биш байгаа. Туршилтын үйлдвэр барьчихсан хэрнээ гурав дахь жилдээ судалгаа хийх гээд чадахгүй яваа. Өдгөө УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинг Дорноговийн Засаг дарга байхдаа Францын хөрөнгө оруулалттай энэ төслийг
гацаахад том нөлөөтэй байсан, тэрнийхээ шанд сонгуульд нэр дэвшиж гишүүн болсон гэх явган яриа дуулддаг. 

“Гурвансайхан”-ы чехүүд “Хан ресурс”-ын араас арбитрт хандаж магадгүй нь

Ураны салбартаа дэлхийд гэж яригддаг “Денисен майнз” 2015 онд Чехийн “Ураниум индастри” компанид лицензээ зарчихаад Монголыг орхиж байв. Тэр цагаас хойш “Гурвансайхан” компанийн төслүүдэд сүрхий ахиц гаралгүй өнөөг хүрч. Одоогоор хайгуулын ажлын үр дүнгээ шинэчлэх чигийн ажил хийж яваа.Энэ компанид Засгийн газар буюу “Мон атом” хувь эзэмшдэг, ашиглалтын лицензээ авч, төслийн ажил жигдэрвэл 34 хүртэлх хувь эзэмших боломжтой. 34 хувиа цаг алдалгүй өгөх сонирхол хөрөнгө оруулагч талд байдаг ч “Мон-Атом”-ын зүгээс элдэв тайлбар хэлж хойш суудаг тал анзаарагддаг. “Гурван сайхан” компани жилд тэрбум 200 сая төгрөгийн зардалтай ажилладаг, 700-800 сая төгрөг нь лицензийн төлбөр, элдэв татваруудад зарцуулдаг гэсэн мэдээлэл албаны мэдээн дээр нь дурайж байна. Тус компани “Бадрах энержи” шиг иргэний нийгэм, шүүх цагдаагийн асуудалтай олон жил болж.

Саяхан нэг лицензийг нь хураах шийдвэрийг шүүхээс гаргачихаж. “Их, бага шарга” гэдэг ТББ шүүхэд хандсан аж. Улсын дээд шүүхийн Ц.Цогтын даргалсан, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа нарын шүүгчид оролцсон хурлаас лицензийг нь цуцлах шийдвэр гарчээ. Хөндлөнгийн шинжээч оролцуулаагүй, зөвхөн нэг талын мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гарсан гэх мэт гомдлыг хөрөнгө оруулагчид нь хэлж байгаа аж. Лицензийг нь алдсан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум дахь Өлзийт хэмээх шинэ орддоо арав гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэнэ.

Уг ордын уран маш бага агуулгатай учраас Канад, Австрали, Казахстанд өргөн хэрэглэдэг цооногоор хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар шингээж гаргаж авах технологи нэвтрүүлэх гэж байж. Дэлхийд
жилд 60 мянган тонн уран олборлодгийн тал хувийг нь ийм аргаар олборлодог юм байна. Өлзийтийн орд 3,000 тонн ураны нөөцтэй, илүү сайн судалбал нөөц нь гурваас дөрөв дахин өсөх магадлалтай хэмээн
геологичид онцолдог. Үлдсэн гурван орд нь Дундговийн Өлзийт, Гурвансайхан Өндөршил сумдад бий. Энэ гурван орд дээр ч лицензийг нь цуцлуулах асуудал аль хэдийнэ шүүх дээр оччихож.

Өлзийт ордынх нь лицензийг цуцлуулсан ТББ шүүхэд ханджээ. Шүүх хурал болоод лицензийг нь хураачихвал гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид болох чехүүд Канадын “Хан ресурс” шиг олон улсын арбитрын шүүхэд хандаж мэдэх нь. Төгсгөлд нь онцлоход, манай улсын ураны ордуудын нөөцийг тандвал жилд 1,000 тоннын олборлолт хийлээ гэхэд 100 жил, 2,000 тонныг олборловол 60 жилийн турш хэрэгжих боломжтой юм билээ. 

Хятадын хөрөнгө оруулагчид ашиглалтын лицензээ хүлээсээр байна 

Хэрэгжих боломжтой дараагийн төсөл нь БНХАУын хөрөнгө оруулалттай. Тодруулж хэлбэл, Мардайн хуучин орд дээрх Гурванбулагийн үндсэн ордыг Хятадын Цөмийн энергийн корпорац эзэмшдэг. Хайгуулыг нь хийж дууссаны дараа Хятадын тал биржийн системээр худалдаж авчээ. Өмнөх компаниуд шиг ашиглалтын лицензээ авч чадахгүй яваа аж.

Ашиглалтын лицензийг нь дэмжиж өгүүлэх учиртай газар нь “Мон атом” компани. Тус компанийн хувьд ураны салбарын хэрэгжихэд бэлэн болсон төслүүдэд ашиглалтын лиценз өгүүлэх тал дээр яагаад ч юм хойрго хандаад байдаг гэж ураны салбарынхан уул уурхайн чигийн хурал, арга хэмжээ, хэлэлцүүлгүүдэд онцолж ярих нь чих дэлсдэг. Хятадын цөмийн энергийн корпораци буюу CNN-ийн хөрөнгө оруулалттай “Эмээлт майнз” компани лицензээ авахаар шүүхэд хандаад байгаа юм.

Монголын шүүх тус компанийн лицензийг өгөхгүй гэсэн утгатай шийдвэр гаргавал урд хөршийн хөрөнгө оруулагч мөн л арбитрт хандах байх гэж учир мэдэх улс ярьж байна.

“Мон атом“-ын хувьд жилд тэрбум 200 сая төгрөгийн зардалтай хэрнээ төсөвт нэг ч төгрөг оруулдаггүй. Харин захаасаа лицензээ хураалгаж эхэлсэн гадны хөрөнгө оруулагчдын компаниудын тухайд таг гацсан төсөлтэй хэрнээ төсөвт жил бүр хэдэн тэрбумаар нь татвар, хураамж төлсөөр арав гаруй жилийг ардаа үджээ.

Ураны төслүүдийн хэрэгжилтийг тоймлоод хэлэхэд бид хоёр сонголтын өмнө улсаараа ирчихэж. Эхний сонголт нь ураны хэд хэдэн компанийг “Хан ресурс”- ийн замаар оруулж төсвөөс өчнөөн сая ам.доллар гаргаж гадаадын хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр болгож өгөөд өөрсдөө хохироод үлдэх.

Дараагийн сонголт нь хэрэгжихэд бэлэн болсон цөөхөн хэдхэн төслүүдээ хөдөлгөж экспортын шинэ том сувагтай болж Казахстан шиг ураны экспортоосоо жилд олон сая доллар олсон шигээ хөгжих. Уранаа нүүрс зэсийн дараах экспортын том суваг болгоё гэвэл дурын нэг иргэний үндэслэл муутай гомдлыг сонсоод Засгийн газрын олгосон зөвшөөрөл буюу лицензийг цуцалчихдаг шүүхтэй баймаагүй байна. 

Зураг