Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Павит Рамачандран: Сүүлийн 30 жилд Монгол Улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжин итгэлтэй түнш нь байсандаа баяртай байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Азийн хөгжлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулсны 30 жилийн ой энэ онд тохиож байна. 

ЗХУ-ын тусламж, дэмжлэггүй болсноор улсын төсвийн 30%-аа алдаад байсан 1990 оны эхэн үеийн Монгол Улсад тус банк анх 31 сая долларын санхүүжилт олгож байжээ. Улмаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, санхүүжилт нэмэгдэж, эрчим хүч, харилцаа холбоо, тээвэр зэрэг салбараас гадна чадавхжуулах төслүүд эхлүүлж байж. 1995 онд 89 сая ам.доллар байсан санхүүжилтийн хэмжээ 2010 онд 110 сая, 2020 онд 390 сая ам.доллар хүрч өсжээ.

Ялангуяа, цар тахал тархсан өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна нийгмийн эмзэг бүлгийг дэмжихэд тус банкны санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэсээр байна. 

Энэхүү 30 жилийн тэмдэглэлт ойд зориулан тус банкнаас бүтэн жилийн турш цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь АХБ, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран “КОВИД-ын дараах шинэ эхлэл” сэдэвт сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдаан байв.

Уралдаанд хэвлэмэл, цахим болон видео ангиллаар нийт 40 бүтээл ирснээс бүтээлч, шинэлэг байдал, хөндсөн сэдвийн ач холбогдол, судалгааны үнэн бодит байдал, мэргэжлийн хэм хэмжээг баримталсан зэрэг шалгууруудаар шүүж, өнөөдөр дүнг нь танилцуулсан юм.

Уралдааны “Шилдэг нөлөөллийн шагнал”-ыг tand.mn сайтын сэтгүүлчдийн хамтран хүргэсэн “КОВИД-ын оношлуураар “эерэг” гарсан Монголын боловсрол” цуврал нийтлэл, “Шилдэг санаачилгын шагнал”-ын эзнээр “Asian Mining” сэтгүүлийн сэтгүүлч Г.Байгаль шалгарсан бол Тусгай байрт МОНЦАМЭ агентлаг, Өдрийн сонины сэтгүүлч Г.Батзориг нар шалгарлаа.

Уралдааны шагнал гардуулах ёслолыг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нээсэн бөгөөд “Сүүлийн 30 жилд Монгол Улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж, итгэлтэй түнш нь байж ирсэндээ бид баяртай байна. Энэхүү тэмдэглэлт ой бидэнд 30 жилийн хамтын ажиллагааны түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан, цаашдын түншлэлийн зорилгоо тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг цогцлооход дэмжлэг үзүүлэх эрмэлзэл, хүчин чармайлтаа бид эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан бататгах болно. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хамтын ажиллагаа, үзэл бодлын индэр ямар хэрэгтэйг бид хамтдаа харж байна. Бүтээлүүд өндөр түвшинд бичигдсэн, баримт судалгаатай байсан учраас шалгаруулахад хэцүү байлаа” хэмээв.