Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүжин: Улаанбаатар хотод гурван шугамтай метрог ₮9.6 их наядын өртөгтэйгээр найман жил барих тооцоолол гаргасан

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зам тээвэр, дэд бүтцийн салбарын залуус нэгдэж нийслэл Улаанбаатар хотыг тэлж хөгжүүлэх бодлого төлөвлөлтийг боловсруулснаа өнөөдөр танилцууллаа.

“Хөгжлийн хуралдаан” ТББ-ын тээврийн менежер Э.Тэмүүжин "Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр төлөвлөгөө боловсруулсан. Дэлхийн хотуудад зам тээвэр дээрээ суурилж өргөжин тэлэх  энэхүү концепцийг Transit Oreiented Development буюу Тээврийн оролцоот дэвшил хэмээн нэрлэдэг.

Автомашины түгжрэл, зам тээврийн ослууд, тээвэрлэлтээс шалтгаалсан эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд бүрэн зураглалаар нь томоор харах хэрэгтэй. Тээврийн хөгжил бол хөгжлийн үндэс юм. Бидний хувьд төмөр зам, авто зам, авто тээвэр, нийтийн тээвэр, метро гэх мэтээр тээврийн багц төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн.

Үүнээс Улаанбаатар хотын авто замын шинэ сүлжээг танилцуулъя. Манай хот Энхтайваны гэгдэх ганцхан л өргөн чөлөөтэй. Үүнээс гурван том өргөн чөлөөтэй болох боломжтой. Өөрөөр хэлбэл байгаа замуудаа уулзвар болгож ухаалгаар холбоно гэсэн үг. Эдгээр замууд дээрээ зорчигч тээврийн цахилгаан автобус, залгаа автобус, давхар автобус, хүнд машин механизмын ачаа тээвэрлэлт явах зэргээр цогцоор төлөвлөсөн" гэв. 

Тодруулбал, хотын тэг дундуур чөлөөтэй нэвт явдаг хурдны зам үүсэж, тэмдэг өргөн чөлөөтэй болох юм. Энэ замаар Монголын анхны BRT тусгай замын автобус явахаас гадна эйрподоос шууд хотын төв рүү гадна, дотнын төрийн айлчлал шууд нэвтрэх мөн цагдаа, түргэн гээд онцгой тээвэрлэлт хотын нэг захаас нөгөө зах хүртэл саадгүй явах юм. Эдгээр гол замуудтай болсноор автомашины түгжрэл, иргэдийн амьдралын түвшин, эдийн засгийн өсөлт гээд маш олон асуудалд тустай байгаа юм.

Бид төсөл нэрээр улсаас нэг ч төгрөг авахгүйгээр судалгаа шинжилгээгээ хийж боловсруулсан. Бид уг төлөвлөгөөгөө танилцуулах гээд хүсэлт өгдөг боловч хүлээж авдаггүй болохоор ийнхүү танилцуулж байна хэмээн нэмж хэллээ. 

Төслийн баг метроны хувьд Улаанбаатар хотод гурван шугамтай байхаар тооцсон бөгөөд нийт 9 их наяд 600 тэрбум төгрөгийн өртөгтэй. Найман жилийн хугацаатай барина гэж тооцжээ.