Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакцин тариулсан эрэгтэй Covid19-өөс өөр шалтгаанаар нас баржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дархлаажуулалтад ашиглахыг нь хүлээн зөвшөөрсөн буюу туршилтын бус коронавирусийн эсрэг вакциныг дэлхийд анх удаа тариулсан эрэгтэй Пүрэв гарагт нас барсныг Их Британийн албаныхан өчигдөр мэдээлжээ.

Түүнийг вакцинтай холбоогүй өөр шалтгаанаар нас барсныг эмч мэргэжилтнүүд тогтоосон байна.

Британийн засгийн газраас Pfizer вакцинд зөвшөөрөл олгосны дараа 81 настай Уилльям Шекспир өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр эхний тунгаа тариулснаар коронавирусийн эсрэг туршилтын бус вакциныг дэлхийд хамгийн анх тариулсан эрэгтэй болсон юм.

Түүний өмнө уг вакциныг тариулсан ганцхан хүн байсан нь 90 настай эмэгтэй Маргарет Кинан байжээ.

Rolls-Royce компанид олон жил ажилласан Шекспир анхны вакцины тунгаа Ковентригийн Их сургуулийн эмнэлэгт тариулсныг тухайн үед хэвлэлүүд өргөнөөр мэдээлж байв.

Тэрбээр Covid-19 өвчний эсрэг вакцинжуулалтын анхдагчдын нэг болсноос гадна Английн их зохиолчтой адил нэртэй нь олны анхаарлыг татаж, улам алдаршуулж байжээ.

Тухайн үед сошиал ертөнцөд Шекспир вакцин тариулсан үйл явдлыг “The Taming of the Flu” хэмээн нэрлэж байсан нь их зохиолчийн “The Taming of the Shrew” жүжгийн нэрийг өөрчилж хошигносон хэрэг байв.

Уилльям Шекспир нь эхнэр, хоёр хүү, олон ач зээтэй хүн байсныг Ковентри хотын захиргаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.