Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өдөр бүр “философидож” амьдаръя

ikon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Эд хөрөнгө, алдар хүнд, амжилт, гоо сайхан” – Та бидний хувьд хамгийн сайхан зүйлс мөн үү? Учир нь бид эд хөрөнгөтэй бол, алдар хүндтэй бол, амжилтын оргилд хүрч байвал, гоо сайхан байж, түүнийгээ хадгалж л байвал жинхэнэ “аз жаргал”-тай амьдрана гэж боддог, тэмүүлдэг.  Гэвч философичид энэ санаатай тэр бүр санал нийлдэггүй.

Эпиктетус хэлэхдээ эдгээр зүйлс мэдээж сайхан, гэхдээ хүн эдгээрийг өөрөө удирдах боломжгүй. Хүн өөрийнхөө удирдах боломжгүй зүйлсийг аз жаргалын түлхүүрээ болговол, тэр хүний аз жаргал нь тэр хүнээс биш, харин тэр хүний урирдаж чадахгүй байгаа бусад зүйлээс хамааралтай болно гэжээ. Өөрөөр хэлбэл та жаргалтай амьдрах эсэхээ өөрөө шийдэж чадахгүй болно гэсэн үг.

“Эд хөрөнгө, алдар хүнд, амжилт, гоо сайхан” – Та бидний хувьд хамгийн сайхан зүйлс мөн үү? Учир нь бид эд хөрөнгөтэй бол, алдар хүндтэй бол, амжилтын оргилд хүрч байвал, гоо сайхан байж, түүнийгээ хадгалж л байвал жинхэнэ “аз жаргал”-тай амьдрана гэж боддог, тэмүүлдэг.

Мэдээж хүн өөрөө шаргуу хөдөлмөрлөж, тунгаан бодож, мэдлэг чадвараа ашиглаж байж эд хөрөнгөтэй болно, бас амжилтанд хүрнэ. Хүн өөрөө зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж байж эрүүл саруул, гоо сайхан байж болно. Хүн өөрөө зөв үйлдэл гаргаж, ёс зүйтэй байж, бусдад тусласнаараа нэр хүндийг олж авна. Эдгээрийг хүн ихэвчлэн өөрөө бий болгож байгаа хэдий ч, эдгээр зүйлс нь тухайн хүний “удирдлага”, “хяналт”, “хүсэл зориг”-оос хамааралгүй гэж филолсофич Эпиктетус үзсэн байна. Магадгүй хүн эдгээрийг өөрөө бий болгодог боловч,  эдгээрийг өөрөө удирдах, хянах боломжгүй гэж үзсэн байх. Энэ нь ч үнэний ортой. Чи хэдий чинад нэр хүндийг оловч, чамайг үл зөвшөөрөх, гутаан доромжлох хүн байж л байх болно. Эд хөрөнгө үржиж нэмэгдэхээс гадна элэгдэж хорогдож, үнэ цэнээ алдаж болно. Амжилт бол субьектив ойлголт бөгөөд ямар ч амжилтыг амжилт биш гэж үзэх нэгэн байсаар байх болно. Гоо сайхан, эрүүл мэндээ бид өөрийн хүслээр захирч чадах уу? Энэ мэтээр бодвол Эпиктетусын хэлсэн “эд хөрөнгө, алдар хүнд, амжилт, гоо сайхан” аль аль нь та бидний хүсэл зоригоос хамааралгүй нь үнэн санагдаж байна. Эдгээр зүйлс нь сайхан зүйлс мөн бөгөөд бид эдгээр зүйлсийг өөртөө бий болгоход буруу зүйл огт байхгүй. Гэвч эцсийн дүндээ бид тэдгээрийг удирдах боломжгүй, хянаж чадахгүй тул эдгээр зүйлсийг “амьдралын зорилго”, “аз жаргалын түлхүүр”-ээ болгох нь утгагүй юм гэж үзсэнтэй санал нийлж байна.

Тэгвэл “амьдралын зорилго”, “аз жаргалын түлхүүр” юу бэ гэдэг асуулт гарч ирнэ. Философичдын байр суурь энэ тал дээр өөр байх нь дамжиггүй. Магадгүй энэ асуултанд хариулах нь филсофийн хамгийн чухал зорилтуудын нэг мөн байх. Энэ нийтлэлийг бичигч миний бие хүртэл энэ асуултын хариултыг хайсаар, боломж олдвол бусдын үзэл бодол, гаргалгаа, онолыг олж мэдэхийг хичээсээр явна. Та бас тунгаан бодоод үзээрэй.  Нөгөө талаар нэгэнт бидний амьдрал цаг хугацаатай, бас бид “эд хөрөнгө, алдар хүнд, амжилт, гоо сайхан”-ыг хянаж чадахгүй бол өөрт олдсон цаг хугацааг юунд зориулах вэ гэсэн дараагийн асуулт гарч ирнэ.  Амьдралаа “дэмий үрэхээргүй” амьдрах нь чухал гэж ихэнхи ухаантнууд хэлэх байх. Амьдралаа дэмий зүйлд өнгөөрөхгүй байх гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө ойлгох нь дамжиггүй. Зарим нь өдөр бүр аялж, спортоор хичээллэж, дуртай хоолоо идэж, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхөд анхаарах нь чухал гэж прагматик бөгөөд энгийн хариу хэлнэ. Зарим нь буян үйлдэж, бусдад туслахад анхаарах ёстой гэж илүү гэгээлэг, иргэнлэг өнцөгөөс харах байх.  Зарим нь нийгмээ өөрчлөх, хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийх, түүхэнд нэрээ үлдээх гэх мэт баатарлаг, амбиц ихтэй ч гаргалгаанууд гаргах байх. Буруу хариулт байхгүй бөгөөд бүгдийг нь зэрэг хийхийг хүсэх нь ч элбэг байх болно.   Эпиктетусын хариулт их сонирхолтой. Тэрээр амьдралаа дэмий зүйлд үрэхгүйн тулд хүн өдөр бүр “философидож” амьдрах хэрэгтэй гэжээ.  “Философидож” амьдрах гэдгээ их энгийнээр буюу өдөр бүр тунгаан бодож, сурч, түүх болон уран зохиол уншиж, өнгөрсөнийг болон одоог ойлгож амьдрахыг хэлнэ гэжээ.

“Эд хөрөнгө, алдар хүнд, амжилт, гоо сайхан”-ыг өөртөө тодорхой хэмжээгээр бий болго, гэхдээ аз жаргалаа тэдгээрээс биш харин өөрийн удирдаж чадах, өөрийн хянаж чадах зүйлээсээ олж авч сураарай гэсэн захиасыг сануулахыг хүслээ.

Энэ бичлэгээрээ таныг “эд хөрөнгө, алдар хүнд, амжилт, гоо сайхан”-ыг үл тоомсорло гэсэн санаа огт агуулаагүй болно. Эдгээр зүйлсийг бий болгох хэрэгтэй, гэхдээ аз жаргалтай амьдармаар байвал эдгээрийг аз жаргалын түлхүүрээ гэж харалгүйгээр, хамгийн их ач холбогдол өгөлгүйгээр зөв тохируулж амьдрах нь чухал гэж үзсэн философичдын санааг сануулахыг хүслээ. “Эд хөрөнгө, алдар хүнд, амжилт, гоо сайхан”-ыг өөртөө тодорхой хэмжээгээр бий болго, гэхдээ аз жаргалаа тэдгээрээс биш харин өөрийн удирдаж чадах, өөрийн хянаж чадах зүйлээсээ олж авч сураарай гэсэн захиасыг сануулахыг хүслээ. Таны удирдаж чадах, хянаж чадах цорын ганц зүйл бол таны бодол юм.

Эпиктетусын хэлсэнээр “философич” бол нэг төрлийн “эмч” юм. Эмч нь хүний бие организм, эд эрхтэнг эмчилдэг бол филсофич нь хүний “бодол, сэтгэл”-ийг эмчилдэг гэж сургаж байжээ. Заавал филсофичоор хичээл заалгана гэдэг нь одоо үед  хоцрогдсон тул бүгдээрээ өөрөө өөртөө “философич” болж, өдөр бүр “философидож” амьдрахыг хичээцгээе. Дахин сануулахад “философидож” амьдрах гэдэг их энгийн бөгөөд өдөр бүр сэтгэн бодож, сурч, уншиж, өнгөрсөнийг болон одоог ойлгож, тунгааж амьдрах билээ.  

 

О.Эрдэнэдалай

“Мелвилл Эрдэнэдалай” Хуулийн Фирмийн гүйцэтгэх захирал

2021.05.21