Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

$26 саяыг хожсон сугалааны тасалбарыг угаалгын машинд устгасан тохиолдол АНУ-д гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужид зохион байгуулагддаг SuperLotto Plus сугалаанаас $26 саяыг хожсон тасалбарыг нэг эмэгтэй хувцастайгаа хамт угаалгын машинд хийснээс саятан болох боломжоо алджээ.

Сугалааны тохирол өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд ялагч гарч ирэхийг хүлээх хугацаа нь Пүрэв гарагт дууссан байна.

$26 саяын азтан Лос Анжелес хотын захын Arco AM/PM хүнсний дэлгүүрээс тасалбар авсан хүн гэдэг нь тодорхой байжээ. Гэвч сүүлчийн өдөр хүртэл хэн ч хожсон мөнгөө авах хүсэлт гаргаагүй байна.

Харин Лхагва гарагт нэгэн эмэгтэй Arco AM/PM дэлгүүрт ирээд авсан тасалбараа өмднийхөө халаасанд хийснээ мартаад угаалгын машинд хийсэн тухай ярьсныг тус дэлгүүрийн худалдагч хэвлэлд ярьжээ.

Хяналтын камерны тусламжтай тэр эмэгтэй үнэхээр сугалааны тасалбар авч байсныг шалгаж тогтоосон гэнэ.

Калифорни мужийн сугалаа зохион байгуулагчид камерны бичлэгийг шалгаж үзэхээр болжээ. Гэхдээ хонжвороо авах хугацаа өнгөрсөн, бас тасалбар эзэмшиж байсныг батлах баримт байхгүй тул мөнгийг өгөх боломжгүй гэнэ.

Хэрвээ эмэгтэй сугалаанд хожсоноо баталж чадсан бол $26 саяыг олон жилийн турш бага багаар цувуулж бүрэн авах, эсвэл нэг удаа $19.7 саяыг бэлнээр авахын аль нэгийг сонгох байжээ.

Ялагч тодроогүй тул одоо $19.7 саяыг Калифорни мужийн нийтийн эзэмшлийн дунд сургуулиудад хандивлах юм байна.

Ялагчийн тасалбарыг борлуулсан дэлгүүр $130,000-ын шагнал хүртэх ажээ.

Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон ч авалгүй өнгөрөх тохиолдол ховор боловч байдаг гэнэ. 1997 оноос хойш тус бүр $20 саяас дээш дүнтэй дөрвөн хонжворыг хэн ч нэхэмжлээгүй өнгөрсөн тухай SuperLotto Plus байгууллагын төлөөлөгч Хорге Де Ла Круз ярьжээ. Тэдгээрээс хамгийн том нь 2015 онд тодорсон $63 саяын хонжвор байсан гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press