Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний хөгжлийн газраас санаачилсан “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-т шалгарсан ТАВАН төсөл

A.Жаргал
2021 оны 4 сарын 22
iKon.MN

Олон улсаас хөрөнгө оруулалт татах сонирхолтой, тодорхой төсөлтэй үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, компани, старт-апуудад зориулж төслөө чадавхижуулж, сайжруулахад нь дэмжих, цаашилбал, хөрөнгө оруулагчтай нь холбож өгөх зорилгоор “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-ийг Үндэсний хөгжлийн газраас санаачлан, Ирбис Венчурс, Жи-Эм-Жи Консалтинг компанитай хамтран зарлаж, шалгаруулалтын үйл ажиллагаа амжилттай болж дууслаа.  

 

2021 оны 4 дүгээр сарын 19-нд аялал жуулчлал, ХАА, газар тариалан, эрүүл мэнд, мэдээллийн технологи, барилга, хүнсний үйлдвэрлэл, гоёл, хувцас загвар, худалдаа, маркетинг, финтек, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбаруудын 46 төслийг Ирбис Венчурс компанийн зохион бүтээсэн “Irbis Oasis” цахим платформоор хүлээн авсан бөгөөд 4 дүгээр сарын 20-ны өдөр эхний шатны шалгаруулалтыг Үндэсний хөгжлийн газар, Ирбис Венчурс компанийн хамтарсан шүүгчдийн бүрэлдэхүүн хийж, 12 төслийг сонгон шалгаруулсан.

Өчигдөр буюу 4 сарын 21-ний өдөр “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-ийн эцсийн шатны шалгаруулалтыг төр, хувийн хэвшлийн 14 төлөөллөөс бүрдсэн хараат бус шүүх бүрэлдэхүүнд эхний шатнаас шалгарсан 11 төсөлтэй (нэг төсөл өөрийн саналаар татгалзсан) танилцаж, тодорхой асуултуудыг асууж, зөвлөгөө зөвлөмж өгч, цахимаар таван төслийг шалгарууллаа.  Уг шалгарсан таван төслийг дурьдвал,

  • ЧИМЭГЭ Системс
  • Солонго Хараа компани
  • Clinica App
  • Urban Lily
  • Zoson Fashion

Эцсийн шатанд шалгарсан төслүүдийг нэг сарын хугацаанд “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-т хамруулж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүдээс  хөрөнгө оруулалт татахад төслийн тооцоолол, давуу тал, онцлогийг тодруулж, хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулагчдыг төсөлдөө татан оролцуулах, хөрөнгө оруулагчтайгаа таатай, итгэлцэл бүхий харилцааг үүсгэх, цаашид хамтран ажиллах зэрэг арга барилд сургаж чадавхижуулах юм.

Бусад төсөл хөтөлбөрүүдийн адил ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүйгээр, шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагч, менторуудаас үнэ цэнэтэй зөвлөгөө, зөвлөмж авч сайжруулан, олон улсын тавцанд гарахад нь дэмжлэг үзүүлж, Үндэсний хөгжлийн газраас 5, 6 дугаар сард Япон, БНСУ-ын хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжийг олгож дэмжиж ажиллана.

Төрөөс зөвхөн томоохон мега төслүүдийг дэмжихгүйгээр ЖДҮ, старт-апуудыг мөн адил дэмжиж, зөвхөн уул уурхайн салбараас хараат байхаас зайлсхийж, эдийн засгийг солонгоруулах чиг хандлага руу төр болон хувийн хэвшил илүүтэйгээр анхаарч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-ийн төслийн шалгаруулалтын үйл ажиллагааг https://oasis.irbis.sg/ платформоор хүлээн авч, цахимаар хоёр шатны шүүлтийг нээлттэй, ил, тод шударгаар зохион байгуулсан нь шинэлэг боллоо.

 

Эх сурвалж: Үндэсний хөгжлийн газар