Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын вакцинжуулалтад бүрэн хамрагдсан 75 сая хүнээс 5,800 нь халдвар авч, 74 нь нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн байдлаар АНУ-ын 331 сая орчим хүн амын 20 гаруй хувь нь буюу 75 орчим сая хүн коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа тариулж, бүрэн дархлаажжээ.

Эдгээрээс 5,800 орчим нь буюу 0.008 хувь нь коронавирусийн халдвар авсан тухай тус улсын халдварт өвчинтэй тэмцэх төвөөс өчигдөр мэдээлсэн байна.

Халдвар авсан 5,800 хүний 400 нь хүндээр өвчилж эмнэлэгт хүргэгдсэнээс 74 нь нас баржээ.

Өөрөөр хэлбэл халдвар авсан хүмүүсийн 7 хувь нь хүндэрч, 1.3 хувь нь нас барсан байна.

АНУ-ын эрх баригчид үүнийг хэвийн үзэгдэл, урьдчилж тооцоолсны дагуу гарч буй эрсдэл гэж тайлбарлажээ.

Бүрэн дархлаажсан 75 сая хүнээс 74 хүн халдвар авч нас барсан нь вакцины хамгаалах чадвар үйлдвэрлэгчдийнх нь амласан хэмжээнд буюу 99.99 хувь байгааг харуулж байгаа гэнэ.

Дээрх халдвар авсан 5,800 хүний 29 хувь нь ямар ч шинж тэмдэггүй, зөвхөн шинжилгээгээр илрэх хэмжээнд өвчилсөн байсан байна.

Үүнээс гадна халдвар авсан нийт хүмүүсийн 40 хувь нь 60-аас дээш насныхан буюу эрсдэлтэй насны ангиллынхан байжээ.

Хэдийгээр вакцинжуулалтын үр дүн тооцоолсон хэмжээнд байгаа ч хүн хоорондын зай барих, гараа угаах, амны хаалт зүүх, олон хүн бөөгнөрсөн болон агааржуулалт муу орчноос зайлсхийх хэрэгтэйг АНУ-ын эрүүл мэндийн экспертүүд бүрэн дархлаажсан хүмүүст зөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Business Insider