Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Философийн тухай

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Философичид юу хийдэг вэ? 

Анх удаа болзоонд явахынхаа өмнө Сиймус/Ирландын алдартай дуучин/ хүүхний тэнгэртэй ахаасаа хүүхнүүдтэй хэрхэн харьцах талаар зөвлөгөө хүсэхэд ах нь ингэж хэлж:

"Их амархан ирланд охид ердөө гуравхан сэдвээр л ярьдаг юм. Хоол хүнс, гэр бүл, философи. Чи түүнээсээ юу идэх дуртайг нь асуу, тэгвэл тэр өөрийгөө таалагдаж гэж бодно. Гэрийнхнийх нь тухай ярилцвал өөрийг нь хүндэтгэж байна гэж бодно. Харин философийн сэдвээр яриа өдвөл, өөрийг нь ухаантай гэж бодож байна хэмээн ойлгоно. 

"Баярлалаа ах аа. Хоол, гэр бүл, философи. Амархан юм байна".

Сиймус болзсон хүнтэйгээ уулзангуутаа ингэж асуув:
"Чи байцайнд дуртай юу?" 
Гайхаж, мэгдсэн охин:
"Өө, үгүй"
"Чи ахтай юу?"
"Байхгүй"
"Аан хэрвээ ахтай байсан бол ах чинь байцайнд дуртай байх байсан болов уу?

Философи гэж үүнийг хэлдэг юм даа...

Харвардын их сургуулийн философийн ангийг төгсөөд, тэндээ философиор мастер болон докторын зэрэг хамгаалан, амьдралынхаа ихэнх хугацаанд Чикаго, Колумб, Массачусэтсийн их сурьгуульд багшилсан философич Роберт Пол Вольфийн "Философийн тухай" номын 10 дахь хэвлэлийг Философийн ухааны доктор, либертари үзлийн Монгол дахь томоохон төлөөлөгч Б.Батчулуун орчуулжээ.

Философийн тухай номуудыг хэн бүхэн шууд уншаад ойлгодоггүй ч "Философийн тухай" номын хувьд маш ойлгомжтой энгийн үг хэллэг ашигласнаас гадна хошин, сонирхолтой жишээ, философичдын намтрыг оруулж өгсөн байна. Платон, Аристотель, Хюм, Хоббс, Локк нарын суут сэтгэгчдээс гадна орчин үеийн философичдын бүтээлээс хэсэгчлэн оруулжээ.

"Миний хувьд этикийн орчин үеийн асуудлуудыг онцолж байна. Энэ хүрээнд нэлээд ноцтой асуудлуудыг хөндсөн. Тухайлбал

  • Хүнд өвчтэй, төгсгөлөө хүлээж буй хүнд хоол унд эс өгөх
  • Хүний эрхтэн худалдах
  • Өвчтөнд өвчнийх нь тухай үнэнийг хэлэх эсэх

зэргээс гадна

  • Компьютерээр юуг оруулж болох, тэр дундаа сексийн ханамжийг орлуулж болох уу
  • Ижил хүйтсний гэрлэлт
  • Урлаг гэж юу болох, бэлгийн амьдралыг илэн далангуй үзүүлэх нь урлаг мөн эсэх

гэм мэт сэдвүүдийг агуулснаараа уншигчдын анхаарлыг татах болов уу" хэмээн номын автор Б.Батчулуун онцолсон юм.

Найман бүлэгтэй уг номонд маш олон сонирхолтой сэдвийг хөндсөн бөгөөд бүлэг тус бүрд хамаарах орчин үеийн асуудлуудын талаар хэсгүүд тун ч анхаарал татна. Тухайлбал,

  • ЦАХИМ ОРЧИН
    Компьютер график хэдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Улмаар харилцан үйлдэл шаардах болсон бөгөөд нүднийхээ өмнө өрнөх электрон гайхамшгийг зүгээр хараад суух биш дэлгэцэн дээрх үйл явдалд өөрөө оролцох ёстой болж байна.

    Компьютерийн хүчин чадал сайжирч, программ мэдрэмж нь хөгжих хэрээр жинхэнэ болон цахим бодит байдлын ялгаа багасан, яваандаа арилж ч болох юм. Ер нь тархинд сэрлийн хэлбэрээр очиж буй цахим болон химийн өдөөгчийг зарчмын хувьд дуурайлгаж болно. Тэгвэл юу болох вэ, тухайлбал секс ханамжийг орлуулж болох уу?...
     
  • КОМПЬЮТЕР СЭТГЭДЭГ ҮҮ?
    Ертөнцийн юмс үзэгдлийн дотор хүн л тооцоолж, дүгнэлт хийж, туршлагаасаа суралцаж, дүрэм журмыг дагаж, өөрийгөө ухамсарлаж чаддаг. Сүүлийн 20 жилд дээд зэргийн хурдтай, маш их чадамжтай компьютер зохион бүтээгдсэнээр энэ бүх байдал нь өөрчлөгдөв. Компьютер хүнээс хамаагүй хурдан, нарийвчлалтай, маш тодорхой тооцоолж чадна. Мөн логик дүгнэлт ч хийчихнэ.

    Тэгвэл компьютер ухамсарладаг уу, компьютер таны өвдөлтийг мэдрэх үү, компьютер биднээс ухаантай юу, ер нь бид гэж хэн бэ, юуг компьютерээр орлуулж болох вэ?...
     
  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ХУВЬ ХҮНИЙ ЭРХИЙН ЭСРЭГ ТЭСРЭГ ЧАНАР: Тамлан зовоолтын тухайд
    Маш олон хүнтэй газар тэсрэх бөмбөг тавьсан алан хядагчаар бөмбөгний байршлыг хэлүүлэхийн тулд тамлан зовоож болох уу. Маш олон хүний амь нас тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар яригдаж байгаа үед асуултын хариулт тодорхой. Гэвч нөгөө талаас тамлан зовоолт үр дүнгүй талаарх байр суурь бий.

Эдгээр онцолсон сэдвүүдээс гадна дэлхийн дулаарал, ижил хүйстний гэрлэлт, стеройд ба спорт, порнографи урлаг ба цензур, соёр иргэншлийн мөргөлдөө/Ислам ба Өрнө дахин/-ний талаар орчин үеийн "халуун" сэдвүүд "Философийн тухай" номд багтжээ.