Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын олиггүй араншингаас

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өдөр ирэх тутам унан доройтож байгааг нь мэдэрсээр байгаа ч тэр бүр хөндөж, сайжруулах талаар огт анхаардаггүй, эсвэл хүсдэггүй шахам болсон монгол хүний ёс суртахуун, зан авирыг шүүмжлүүлэн байн ярьдаг цөөн хүний нэг нь Философийн ухааны доктор, либертари үзлийн Монгол дахь томоохон төлөөлөгч Б.Батчулуун.

Товчхондоо өөрөө өөрийгөө дааж, хэнд ч төвөг удаж, тээг бололгүй амьдрах үзлийг ярьдаг тэрбээр энэ цаг үеийг “Ёс суртахууны цасан нуранги” хэмээн тодорхойлжээ.  

Аливааг бодитоор хардаггүй, муу хэлүүлэхээс айсандаа дүр эсгэдэг буюу үнэн төрхөө илчилдэггүй, бодож санаснаа нээлттэй хэлдэггүй, танил тал хөөж, нутгархах, хэн нэгнээс хамааралтай байх буюу бусдад найдах, өөрөө өөртөө эзэн болж чаддаггүйгээр зогсохгүй худлаа ярьдаг зэрэг монголчуудын дунд хавтгайрсан хамгийн дутагдалтай чанаруудыг тэрбээр задлан шинжилж, “Монголчуудын олиггүй араншигаас” номоо уншигчдад хүргэж байна. 

Өдгөө монгол хүн ёс суртахуун гэдгийг мэдэхээ больсон учраас шүүгчид нь хүртэл гэмт хэрэгт холбогдох болж, дээр доргүй эс өгснийг авах(хулгайлах) эрдэмд нэвт суралцсаныг гээд маш олон асуудлыг шүүмжилжээ.

“Монголчуудын олиггүй араншингууд” номоос зарим эшлэлийг хүргэе.

  • Олуулаа бол буруу байсан ч зөв, ганцаараа бол зөв байсан ч буруу
  • Хамгийн сайн засаглал бол өөрөө өөрийгөө засаглах явдал
  • Соёлжиж иргэншинэ гэдэг бол нийгэмд хамтаараа амьдрахдаа нэгнийхээ хүрээ рүү орохгүй амьдарч сурахыг хэлнэ
  • Үйл хэрэг, үг хэл нь ихээхэн зөрүүтэй байхад таны хүүхэд амьдрал дээр хэрэгжүүлдэггүй зүлээ бусдаас шаарддаг нэгэн болдог.
  • Монголд заль мэх хэрэглэж мөнгө олохыг бизнес гэж ойлгодог.
  • Танил талын бизнесийн хувьд төрийн ивээл байдаг бол түүнтэй өрсөлдөгч бизнесийн хувьд төрийн ялгаварлан гадуурхалт, хавчилт байдаг.
  • Монголоор дүүрэн худал боловсрол, худал эрдэм шинжилгээний ажил, худал бизнес, худал улс төр.
  • Захын тэнэг тушаагаад байх юм бол ухаантай байхын хэрэг юу байна аа. Бусад хүн тэр ч бүү хэл арчаагүй сул дорой нэгэн намайг захираад байвал эрх чөлөө гэж юу болж таарах вэ. 
  • Бусдын төлөө хэчнээн сайн сайхныг бодож хийлээ ч гэсэн заавал тэр хүмүүсээсээ зөвшөөрлийг нь авсан байх ёстой. 
  • Монгол бол эрх мэдэлтэн, баячуудын засаглал тогтсон, танил тал арын хаалгыг шүтсэн орон