Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

АU PMC ХХК-ийн Захирал А.Уянга: Хөрөнгийн менежментийн компани түрээслэгч нарынхаа бизнесийг дэмжихээс гадна тэднийг хүмүүжүүлж, хамтын соёлд сургадаг

ikon.mn
2021 оны 4 сарын 12
Сурталчилгаа

ЦУВРАЛ-2: Оффисийн барилгын түрээсийн менежментийн оновчтой төлөвлөлт, зөвлөгөө

"Түрээслэгчдийн маань бизнест цаг хугацаа алтаар хэмжигдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид тэдгээр хүмүүсийн ажиллах орчин нөхцөлийг тав тухтай байлгаж бизнесийнх нь амжилтад бага ч болов нөлөө үзүүлдэг гэж боддог"

 

Компанийн нэр: “AU Property Management Consulting” LLC

Туршлага:

  • “Pro One” оффисийн хөрөнгийн менежмент 2016-2017
  • “Хоймор” оффисийн хөрөнгийн менежмент 2017-2019
  • Үл хөдлөх хөрөнгийн менежментийн “Аясгал цэн” ХХК 2020 оноос одоог хүртэл
  • “Барилгын дэвшилтэт технологийн төв”-ийн хөрөнгийн менежментийн үйлчилгээ 2020 оноос одоог хүртэл
  • “Хийморь” тансаг зэрэглэлийн хотхоны хөрөнгийн менежментийн үйлчилгээ 2020 оноос одоог хүртэл

Мэргэшил:

  • Япон улсад “Оффисийн хөрөнгийн менежментийн үйлчилгээний судалгаа”-  2017
  • Япон улсад “Tансаг зэрэглэлийн орон сууцны төслийн судалгаа”-  2018
  • Монгол Япон төвийн Жижиг дунд аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах “Бизнесийн үндсэн сургалт” - 2019
  • “Real Estate Academy of Mongolia” – Ментор
  • “Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн ГҮҮР нэгдсэн холбоо” ТББ-н ТУЗ-н гишүүн

-Бид өмнө нь СӨХ-ийн үйл ажиллагаа, түүний оновчтой төлөвлөлтийн талаар ярилцсан. Харин одоо оффисийн барилгад үзүүлэх хөрөнгийн менежментийн үйлчилгээний талаар ярилцах гэж байна. Эдгээр 2 үйлчилгээний хоорондын ялгаа нь чухам юундаа байдаг вэ?

Хамгийн товчхоноор хэлэхэд шууд харилцаж байгаа хүмүүсийнхээ тоогоор ялгаатай. СӨХ дээр бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг дундын эзэмшлийн талбайн хүрээнд сайн бүрдүүлэх нь чухал бол оффист хөл хөдөлгөөн маш ихтэй, дээр нь өмчийн эзэн, түрээслэгч нартай шууд ажил хэргийн шугамаар тулж ажилладаг. Оффис бол түрээслэгчдийнхээ бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг, байнгын харилцаатай ажилладгаараа ялгаатай.

-Тэгвэл оффисийн менежментийн үйлчилгээг хэрхэн зөв, чанартайгаар үзүүлэх ёстой вэ?

Оффисийн менежментийн үйлчилгээ гэдэг чинь өөрөө харагдаж үзэгдэхгүйгээр сүнс шиг л (инээв) хүмүүс ажиллаж байх ёстой байхгүй юу. Хүн ажлаа хийж байхад урдуур хойгуур нь шал зүлгээд төвөг болоод байх ёсгүй. Өглөө хүмүүс ажилдаа ирэхээс өмнө ирээд бүх цэвэрлэгээ үйлчилгээгээ үзүүлээд, хүмүүсээ цэвэр, эрүүл орчинд угтдаг байх ёстой. Инженер техникийн ажилд нь ямар нэгэн доголдол огт үүсэхгүй байх ёстой. Тог нь байнга тасраад л байж болохгүй. Түрээслэгчдийн маань бизнесийн амжилт, цаг хугацаа алтаар хэмжигдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид хүмүүсийн ажиллах орчин нөхцөлд, бизнесийнх нь амжилтад хүртэл нөлөөлдөг, хамгийн гол туслагчид нь шүү дээ. Дээрээс нь угтах, үдэх үйлчилгээ бол хамгийн чухалд тооцогддог. Бидний ярьдгаар “ресепшин” бол зүгээр нэг царайлаг эмэгтэй үүдэнд зогсож байх нь хангалттай биш юм. Тэр оффисийн булан тохой бүрийг хэн хаана, ямар өрөөнд суудгийг харилцагч нэг бүрээ мэддэг байх ёстой чухал ажлын байр юм. Бүхий л харилцаа ресепшин дээр зангидагдаж байдаг. Тэд хөрөнгийн эзэн шиг үүрэг хүлээж, бүхий л асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой байр суурь юм. Япончуудын нэг үг байдаг. Ресепшин хүн бол хөнгөхөн аальгүйтэх чадвартай байх ёстой гэж. Шууд утгаараа сээтэн хая гэсэн үг биш юм шүү. Маш найрсаг байж, бүхний гүүр бай л гэсэн үг. Миний хамгийн чухалд тооцдог ажлын байр бол ресепшин. Би шинэ ажилтан аваад зөвхөн түүнийг дадлагажуулах гэж 2 сар шахам ажилладаг. Хөрөнгийн менежментийн компани нь түрээслэгчдээ халамжлах ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах ёстой. Манайхан үүнийг огт хийдэггүй гэж хэлэхэд болно.

-Оффисийн хөрөнгийн менежмент гэхээр харилцагч халамжлах гэдэг үг их яригдлаа. Та “харилцагчаа халамжлах” үйлчилгээнийхээ талаар дэлгэрүүлж яриач.

Тухайн оффисийн түрээсийн зардал дотроо харилцагч халамжлах зардлыг заавал тусгаж өгөх хэрэгтэй. Тэгж байж сар бүр, уламжлалт баяр болгоноор төлөвлөгөөтэйгээр үйл ажиллагаануудыг зохион байгуулаад явдаг. Жишээ нь хүүхдийн баяр, наадам, цагаан сар, март 8, цэргийн баяр гээд л манайх чинь баяр ихтэй улс шүү дээ. Баяр бүрт зориулаад төлөвлөгөө боловсруулаад ажилладаг, хэдэн зуун мянган төгрөг зарцуулсан нүсэр арга хэмжээ зохион байгуул гэсэн үг биш шүү. Жишээ нь мартын 8 баярын өдөр хамгийн түрүүнд ажилдаа ирсэн эмэгтэйчүүдэд зориулаад сарнай цэцэг бэлэглэж болно. Нэг түүх ярихад, өмнө нь удирдаж ажиллаж байсан оффистоо спортын арга хэмжээ зохион байгуулсан юм. Хамтарч ажиллах гээд хайгаад л байсан компаниа тэр арга хэмжээн дээрээс олж авч байсан. Цөөхөн хүнтэй компаниуд намрын спортын арга хэмжээ, шинэ жил зохион байгуулахад жаахан уйтгартай байх тохиолдол байдаг шүү дээ. Тэр нөхцөлд тохирсон мэдрэмжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь мэргэжлийн компаний ялгаа юм. Спортын өдөрлөгөөс гадна зангиагүй уулзалт, шинэ жилийн арга хэмжээ, захирал удирдлагуудад зориулсан чадавхижуулах сургалт, нийгмийн хариуцлагын хүрээнд донор өдөрлөг гэх мэт маш олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж болно. Багахан зардлаар мэдрэмжтэй, сэтгэлтэй, санаачлагатай байхад болдог доо. Барилгаараа нэг хамт олон шиг болдог гэж хэлж болно. Бид ингэж менежменттэй ажилласнаар тухайн оффисийн борлуулалтад шууд нөлөөлөхөөс гадна түрээслэгчийнхээ бизнесийг дэмжихэд ч нөлөөтэй юм. Тэд амжилттай байснаараа бидэнд түрээсийн төлбөрөө цагтаа төлнө шүү дээ. Яаж ийгээд түрээсээ л төлчих юмсан гэсэн сэтгэл төртөл ажиллах хэрэгтэй.

-Үл хөдлөх хөрөнгийн эзэд мэргэжлийн компанид хөрөнгийн менежментийн үйлчилгээгээ даатгаснаараа тэд ямар үнэ цэнийг хүртэх боломжтой байдаг бэ?

Хөрөнгийн эзэд өөрийн үл хөдлөх хөрөнгийнхөө тухай ойлголтыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. “Үл хөдлөх хөрөнгө чинь яг л хүүхэд шиг шүү дээ” гэж би хэлэх дуртай. Бид хүүхдээ мартдаггүй биз дээ. Надад тэнд нэг барилга байгаа түүнийгээ яахаа мэдэхгүй байна. Зарах уу? Нураагаад дахиад өөр барилга барих уу? гэж ярих хүмүүстэй таарч байлаа. Барилга амьтай гэж бодох хэрэгтэй. Өвөл даарна, дулаан хувцас хэрэгтэй. Өөр юу юу өвөл хэрэг болох билээ гээд. Ямар хэрэгцээ барилгад чинь гарах вэ гэдгээ жагсаагаад мэддэг байх хэрэгтэй. Үүнийг огт анхаардаггүй. Орчин үеийн барилгууд л сайн чанартай байх, цэвэр цэмцгэр байх, үйлчилгээ сайтай байх албагүй шүү дээ. Байнга арчлаад, тордоод явбал үргэлж шинэ юм шиг байж болно. Ямар ч төлөвлөгөөгүй гал унтрааж ажиллахаа болих хэрэгтэй. Японд хөрөнгийн менежментийн чиглэлээр туршлага судлаад явж байхад 60, 70 жил болж байгаа оффисийн барилгуудаар орж судлахад манай хотын төвийн шинэ шахуу барилгаас л цэвэр цэмцгэр сайхан байсан. Бид яагаад барилгаа ингэж сайхан авч явж чадахгүй байна вэ гэж асуумаар болж байлаа. Суурин соёл бий болоод удаагүй, дөнгөж хотжиж эхлэж байгаа болохоор одоо л хөгжих байх, тэр хөгжлийнх нь суурийг тавих юмсан гэж өөртөө хариулж, өөртөө бяцхан “оч” өгч явна.  Бид дөнгөж хөгжиж байгаа энэ үедээ асуудлаа зөв тодорхойлоод, хөгжөөд явбал барилгууд маань 100 жил ч шинээрээ байхыг үгүйсгэхгүй юм. Үүний тулд илүү мэргэшсэн, стандарт норм дүрмийн дагуу үйлчилгээ үзүүлж ажиллах хэрэгтэй, хэрвээ чадахгүй бол заавал өөрөө хийх гэж цаг алдалгүйгээр мэргэжлийн компанитай ажиллаад үзээрэй гэж зөвлөе.

-Хөрөнгийн эзэд өөрсдөө бүх үйл ажиллагаагаа удирдаж явуулах гээд байх шиг байдаг. Тэгвэл яагаад мэргэжлийн компанид хандах ёстой юм бэ?

Сайн авч яваа өмчийн эзэд мэдээж байлгүй яахав. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр хараад хэлэхэд зөвхөн аж ахуйн ажлыг хөрөнгийн менежмент хийж байна гэж ойлгоод байх шиг, тийм биш шүү дээ. Цогц үйл ажиллагаа байгаа. Ашиг орлогод нөлөөлөх санхүүгийн үр өгөөжийг зөвөөр тооцох, төлөвлөх, ирээдүйн үнэ цэнийг бий болгох маркетингийн төлөвлөлт, тав тухыг хангах байгууламжийн менежмент гээд тасралтгүй ажиллах үйл явц шүү дээ. Хөрөнгийн эзэн дангаараа бүгдийг хийчихдэг ажил биш юм.  Түрээслэгчийнхээ өнцгөөс өөрийнхөө үзүүлж байгаа үйлчилгээг хараад үзэх хэрэгтэй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж чадаж байна уу үгүй юу?, түрээсийн төлбөр хураахаас өөрөөр харилцаа байхгүй байна уу? гээд үйлчилгээ талаас нь хараад үзээсэй гэж боддог. Түрээслэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа аваад юу хүсч байгаа, ямар үйлчилгээ маань сэтгэлд нийцэж байгааг асууж үзэх хэрэгтэй. Оффисийн зах зээлийн өрсөлдөөн ширүүн байна шүү дээ, таны барилга юугаараа ялгарч байна вэ, түрээсийн талбай чинь 100% дүүргэлттэй байж чадаж байна уу, түрээслэгч нар чинь хэр чанартай компаниуд байна вэ гээд таны үл хөдлөх хөрөнгө хэр үнэ цэнэтэй байна вэ гээд дүн шинжилгээ хийж үзэх нь одоо цагт чухал юм. Дүн шинжилгээнээс үүдэн танай компаний бүтэц, үйлчилгээний чанар нь санхүүгийн үзүүлэлтээр дүгнэгдэж гарч ирнэ. Дийлэнх тохиолдолд барилгын менежментийг хэт данхайсан удирдлагын бүтэцтэй, эсвэл шаардлагагүй орон тооны ажилтантайгаар удирдаж ажиллаж байна. Мэргэжлийн компанид хөрөнгийн менежментийн үйлчилгээгээ даатгаснаар наад зах нь цалингийн зардал, хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой ерөнхий удирдлага, зохион байгуулалтын зардал буурдаг. Хамгийн багадаа үйлчлэгч тогтохгүй байх нервээс салдаг. Үйл ажиллагаа нь тасалдалгүй, стандарт норм дүрэмтэй ажиллана. Санхүүгийн зөв тооцоололтой болно. Яаж ажиллавал ашигтай ажиллах вэ? Өрөөний хуваалтаа яаж хийвэл үр ашигтай байх вэ? гэх мэт маш олон шийдлүүдийг гаргаж өгөөд, түүнийгээ хэрэгжүүлж ажилладгаараа давуу талтай.

Ж.Саранчимэг, Барилгын дэвшилтэд технологийн төвийн Захирал

 

 

"Бид, оновчтой олон гарц, шийдлийг хамтдаа гаргасан..."

-Танай байгууллага оффисийн түрээсийн үйлчилгээ явуулаад хэдэн жил болж байна. Хөрөнгийн менежментийн үйл ажиллагаагаа хэрхэн удирдаж ирсэн бэ? ”Аясгал цэн” компаниар үйлчлүүлж эхлээд ямар үр дүнд хүрсэн бэ?

Манай Барилгын дэвшилтэт технологийн төв байгуулагдаад 10 жил болж байгаа. Хүмүүсийн мэддэгээр 100 айлын уулзвар дээрх “Ампер хаус” дэлгүүртэй барилга шүү дээ. Бид бол өмнө нь барилгынхаа ашиглалт, хөрөнгийн менежментийн үйлчилгээгээ өөрсдөө хийдэг байсан. Тухайн үед Монголд хөрөнгийн менежментийн үйлчилгээ хараахан хөгжиж эхлээгүй байсан учраас ихэнх компаниуд мэдрэмжээрээ энэ үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин Уянга захиралтай уулзалт хийсний дараа тусдаа мэдлэг, ур чадвартай мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ёстой юм байна гэдгийг ойлгоод үйлчлүүлэхээр шийдсэн. Манайх  Аясгал цэн компанитай хамтарч ажиллаад жил гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд бид хамтдаа олон оновчтой гарц шийдлүүдийг гарган ажилласан. Санхүүгийн хувьд маш шударга ил, тод нээлттэйгээр тайлангаа тавьж ажилладаг. Өмнө нь бид санхүүгээ төлөвлөхдөө их засвар, болзошгүй эрсдэл гэх мэт зүйлсүүд дээр хуримтлал үүсгэх хэрэгтэй гэдгээ анзаардаггүй явж ирсэн байсан. Ковид бол бас л болзошгүй эрсдэл шүү дээ. Сая хэд хэдэн удаагийн хөл хорионы үед бид түрээслэгчдээ дэмжиж ажилласан. Манай борлуулалтын орлого ч өслөө, их засвараа ч хийж чадлаа. Оффисийн маань дүүргэлт 100 хувь болж маш амжилттай явж байгаа. Эцэст нь хөрөнгийн эзний хувьд менежментийн үйлчилгээ авснаар санхүү, хүний нөөцөө удирдах болон өдөр тутмын жижиг асуудлуудаас салж, ачаа хөнгөрдөг юм байна. 

-Үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээтэй оффист бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудын хувьд ямар давуу талууд бий болдог вэ?

Ер нь тав тух, эерэг харилцаа, цогц үйлчилгээ шүү дээ. Хүн чинь нэг тийм халамжлуулах өөртөө байнга анхаарал халамж тавиулж байх дуртай амьтан. Тав тухтай, тайван, цэвэр цэмцгэр орчинд хүн өөрөө ч эрхэмсэг, өөртөө илтгэлтэй байдаг. Тэгэхээр хүний ажлын бүтээмжид нөлөөлж байна. Эсрэгээрээ эзэнгүй хаягдсан юм шиг ханхай газарт, аль өрөөнд ямар байгууллага байгаа нь мэдэгдэхгүй ажиллах чинь сэтгэл зүйн хувьд ч гэсэн таатай байхгүй шүү дээ. Жишээ нь манай нэг түрээслэгч компани эхлээд өөрсдөө нүүж ирснийхээ дараа манай үйлчилгээ таалагдсан болохоор хамтарч ажилладаг өөрсдийн хамааралтай компаниудаа бүгдийг нь дагуулаад нүүгээд ирсэн. Хөрөнгийн менежментийн компани түрээслэгч нарынхаа бизнесийг дэмжихээс гадна тэдгээр компаниудаа хүмүүжүүлж, хамтын соёлд сургадаг. Өрөөндөө тамхи татаад, нийтийн 00-д хогоо ил задгай хаяад байсан газрууд чинь цэвэр, цэмцгэр орчинд ороод ирэхээрээ ичээд тэр үйлдлээ гаргахаа байчихдаг, дүрэм журамд суралцдаг.

Б.Оюунбулаг, Үлэмж Тэлэхү ХХК-ийн Захирал

 

"Ямар ч үл хөдлөхийн ашиглалтын менежмент маш чухал гэдгийг ойлгож авсан даа"

-Танай оффисийн түрээсийн менежментийн үйлчилгээ шинэчлэгдсэнээрээ ямар давуу талуудыг бий болгож байна вэ?

Манайх компани цахилгаан болон усны тоолуурын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. БАТ центр оффисийг түрээслээд 8 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Аясгал цэн” компани энэ барилгад хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө товчоор хэлэхэд энэ үл хөдлөх хөрөнгө эзэнгүй орхигдсон юм шиг л байсан. Бид хэзээ мөдгүй нүүхэд бэлэн нүүх газраа хайж байлаа. Харин одоо бүх зүйл өөрчлөгдөж нүүх бодлоо ч орхиод, худалдаж авахыг хүсэх болсон. Илүү тав тухтай, илүү сэтгэл хангалуун байгаа. Ядаж л гаднаас орж ирэхэд ресепшинтэй болсон. Угтах үйлчилгээтэй болсноор олон өөр өөр байгууллагууд байгаа ч тухайн орчноо эерэг дулаан уур амьсгалтай, нэг хамт олон шиг болгодог их чухал ач холбогдолтой санагдсан. Эдний үйлчилгээнээс харж байхад өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээгээ үнэхээр сайн үзүүлдэг. Дээрээс 2 цаг тутам ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа. Ямар нэгэн асуудал гарахад маш хурдан дор дор нь шийдэж өгдөг. За гэж хэлээд алга болчихдоггүй. Их засвар хийгдээд, засаж болох юу л байна бүгдийг засаж, ашигтай талбай, цайны өрөө, гаднах зогсоолын асуудлаа хүртэл боломжоороо шийдэж өгсөн. Тэгэхээр ямар ч үл хөдлөхийн ашиглалт маш чухал гэдгийг ойлгож авсан даа.

-Бид харьцангүй шинэ үйлчилгээний талаар ярилцаж байна. Энэ цогц үйлчилгээг үзүүлэхдээ хүний нөөцөө хэрхэн сургаж авдаг вэ? Ямар мэргэжлийн хүмүүсийг түлхүү авч ажиллуулдаг вэ?

Цэвэрлэгээ үйлчилгээ чиглэлийн хүмүүс олонх нь байдаг. Тухайн барилгын дундын эзэмшлийн талбайн хэмжээнээс хамаарч ажилтаны орон тоо гардаг. Би хувьдаа энэ цэвэрлэгч гэсэн ажлын байрны нэршлийг хэрэглээнээс халж, үйлчилгээний ажилтан гэж нэрлээд бүр мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй болгомоор санагддаг. Би гэртээ шалаа сайн угааж , гэрээ цэвэрлэж чаддаг юм чинь үйлчилгээний ажилтан хийж чадна гэж бодоод байдаг. Ажилтан бүрийнхээ ямар ажил хийж байгааг эерэг талаас нь тайлбарлаж, хамтран ажиллах чухал санагддаг. Японы томоохон компаний захирлуудаас сургалт авч байхад “Танай компанийг сонгоод ажилд орсон ажилтаныг зөв удирдаад, зөв чиглүүлээд, урам зоригтой ажиллуулж чадахгүй байвал хүний цагийг битгий үрээд бай, явуул” гэж хэлсэнийг байнга санаж, үзэл баримтлалаа болгож ажиллахыг хичээдэг. Ажилтан чинь хийж байгаа ажлаасаа ичээд, зовоод, тавгүйтээд байж болохгүй шүү дээ. Үйлчилгээний ажилтаны хийдэг ажил маш хариуцлагатай, тогтсон стандарт норм, дүрмийн дагуу гүйцэтгэдэг ажил байдаг. Бид эрүүл мэндийн салбарын анхдагч ажлыг хийж байна шүү дээ.  Ковидын нөхцөл байдалд хамгийн чухалд тооцогдох ажлын байр гэж нэрлэхэд буруутахгүй байх. Тухай оффист ажиллаж байгаа 100, 200 хүний амь нас цэвэрлэгээ үйлчилгээний чанартай шууд холбоотой гэдгийг ойлгочихсон байхад бусдад халдвар тараахгүй, өөрөө халдвар авахгүй мэргэжлийн ажиллах ёстойгоо тухай ажилтан маш сайн мэдэж ажлаа хийнэ. Чухал ажил хийж байгаагаа хүн өөрөө мэдрээд эхэлхээрээ цаанаасаа өөртөө итгэлтэй, урам зоригтой ажилладаг. Проперти менежментийн үйлчилгээг ямар шатанд гүйцэтгэхээс хамаарч шат шатны ажлын байрыг бэлдэх шаардлагатай. Жишээ нь Asset management дээр санхүүгийн шинжээч, судлаач, эдийн засагч нар түлхүү ажиллана. Facility management буюу байгууламжын менежментэд инженер техникийн үйлчилгээ үзүүлэх баг, харилцагчид чиглэсэн үйлчилгээ үзүүлэх хөрөнгийн менежер, ресепшн, үйлчилгээний ажилтан гээд тухайн барилгын нөхцөлд тохирсон ажилтанууд байх шаардлагатай байдаг.

-За одоо хоёулаа бяцхан зөвлөгөө хэсэгтээ оръё. Хотын аль нэгэн газар 10 давхар оффисийн барилгатай одоогоор дөнгөж 30 хувийн дүүргэлттэй хөрөнгийн эзэнд та юу гэж зөвлөх вэ?

Эхлээд яагаад түрээслэгч нэмэгдэхгүй байгаагаа зөв оношлох хэрэгтэй. Яг юунаасаа болоод байна. Түрээсийн орох, гарах урсгал хэдэн хувьтай байна вэ, гарч байгаа түрээслэгчдээсээ асуумж бөглүүлээд үзээрэй. Өрсөлдөгч оффисуудаа судлах хэрэгтэй. Танайхаас юугаараа ялгараад, ямар үйлчилгээ үзүүлж байна. Маш сайн судлах хэрэгтэй, тэгж байж өөрийн нөхөцлөө ойлгоно шүү дээ. Судалгаанаас дүгнэлтээ зөв боловсруулж гаргах чадвартай байх хэрэгтэй, тэгээд зорилго тавь, хэр хугацаанд дүүргэхийг хүсч байгаагаа цаасан дээр буулга, маркетингдаа анхаар гэж зөвлөнө. Магадгүй шинээр концепц гаргах хэрэгтэй ч юм билүү. Хүн гэж бодвол таны барилга яг хэн юм бэ? Та ямар хүнтэй адил байгаасай гэж хүсч байгаа вэ гэдгээ тодорхойлоорой. Өрсөлдөөн их байна шүү дээ үйлчилгээнийхээ онцлог давуу талаа гаргаад маш хурдан өөрчлөлт хийх мэдрэмжтэй байх хэрэгтэй.

-Дараагийн зөвлөгөө шинээр бизнес эхлэх гээд оффис хайж байгаа болон байршлаа солих гэж байгаа үйлчлүүлэгчид хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Түрээслэгч нарын зан төлөвийг судлаж байхад шийдвэр гаргалтад нөлөөлөх хамгийн чухал нөлөөлөл нь байршил, үнэ, авто зогсоолын хүрэлцээ 3 байдаг юм билээ. Гэхдээ хотын төвийн оффисуудад зогсоол бараг байхгүй тэгэхээр үүнтэй эвлэрэхээс өөр арга байхгүй л дээ. Сүүлийн үед хөрөнгийн менежментийн үйлчилгээтэй оффисийн борлуулалт, түрээсийн үйлчилгээ амжилттай явж байгаа. Энэ нь манай компаниуд хөрөнгийн менежментийн үйлчилгээний тухай ойлголттой болж байгаагийн илрэл юм болов уу. Өөрт нь зориулсан үйлчилгээтэй, эзэнтэй оффист ажиллах нь мэдээж таатай байна шүү дээ. 

-Тэгвэл маш олон оффисууд баригдаж байна. Зах зээл ч гэсэн их том харагдаж байна. Үүнд хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх бизнес эхлүүлье гэж байгаа хүн танд хандвал юу зөвлөх вэ?

Маш сайн судлаарай л гэж хэлнэ дээ. Үйлчилгээгээ бүрэн цогцоор нь үзүүлэхэд юу юу чухал нөлөөтэй байна вэ? Бизнес эрхлэгчид юу хүсэж байгааг мөн мэдэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн түрээсийн үйл ажиллагааг удирдаж, хөрөнгийн эзэнд мөнгө цуглуулж өгөх үйл ажиллагаа эсвэл дан ганц ашиглалтын үйлчилгээг хариуцах үйл ажиллагаа биш шүү гэдгийг ойлгоорой. 1-рт хөрөнгийн, 2-рт байгууламжийн, 3-рт борлуулалт, түрээсийн гэсэн 3 цогц менежментийн үйл ажиллагаанаас алийг нь үзүүлэх боломжтой байна вэ гээд чиглэл чиглэлээр нь хангалттай сайн судлаарай. Судлаад ажиллах болсон бол багаа сайн бүрдүүлэх хэрэгтэй, сургаарай гэж хэлье.

-Маш чухал мэдээллүүд, үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Уншигчдад үнэхээр хэрэгцээтэй мэдээлэл болно гэдэгт илтгэлтэй байна.

Монголын маань үл хөдлөхийн салбар улам бүр мэргэшиж, хүн төвт барилга, хүн төвт үйлчилгээгээр хүрээгээ тэлээсэй гэж хүсэж байна. Баярлалаа

Холбоос:

https://www.facebook.com/Ayasgal-CLEAN-110962753808296

https://www.facebook.com/Ayasgal.uyang

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.