Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндээ аварч, эдийн засгаа сэргээх Засгийн газрын төлөвлөгөө ЭСРЭГЭЭРЭЭ хэрэгжиж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хоёрдугаар сарын 11-23-нд буюу Цагаан сарын баярын үеэр нийслэлд хатуу хөл хорио тогтоож "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулсан. 

Хөл хорио эхлэх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халдварын нөхцөл байдлын талаар юу гэж хэлж байсан болон одоогийн нөхцөл байдлыг харьцуулав.

ВИДЕО: 2021.02.12-ны ЭМЯ, ЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцах үеэр

Тухайн үед буюу хөл хорио тогтоохоос өмнөх долоо хоногоос хөл хорио тогоосны дараах долоо хоног хүртэлх хугацаанд дунджаар халдварын 40 гаруй шинэ тохиолдол батлагдаж байсан бол гуравдугаар сар гарснаар халдварын тоо нэмэгдэж эхэлсэн юм.

Энэ өдөр Ерөнхий сайд "Хөл хорионы хугацаанд Улаанбаатар хотын бүх өрхийг шинжилгээнд хамруулна. Энэ арга хэмжээг хийхийн тулд яагаад хатуу хөл хорио тогтоох хэрэгтэйг тайлбарлая. Бид самналт хийж байна гэсэн үг. Хөл хорио тогтоохгүй бол самналт хийсэн газраас өөр газруудад очоод халдвар тараах юм бол энэ том арга хэмжээ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ БОЛНО.

Энэ ажлын ард гарчихвал эрсдэлийн ангиллаар бараг "Улаан" түвшинд явж байгаа Улаанбаатар хотыг "Шар", "Ногоон" руу оруулаад бизнесүүдээ, эдийн засгаа нээх, халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад ЭНГИЙН АМЬДРАЛЫН ГОРИМД ШИЛЖИХ зорилтыг тавьж байгаа" хэмээн хэлж байв. 

Үүнтэй зэрэгцэн "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх ₮10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж эхлэхээ зарласан. 

Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

Гуравдугаар сарын 1-нээс хойш халдварын тоо тогтмол өсөж байгаа бөгөөд өдөрт бүртгэгдэх халдварын тоо хөл хорио тогтоож байх үетэй харьцуулахад 14 ДАХИН ӨССӨН байна. Гуравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын гарах хөдөлгөөнийг нээснээр өнөөдөр 18 аймагт COVID-19 бүртгэгдэв.

Түүнчлэн хоёрдугаар сарын 11-23-нд тогтоосон хөл хорио үр дүнгүй болсон гэдгийг мэргэжилтнүүд мөн хэлж буй. 

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн "Эхний хөл хорио маш их үр дүнтэй болж, халдварыг хумьж чадсан ч харамсалтай нь дараагийн хоёр хөл хорионы хугацаа богино байсан болохоор халдварын гинжин хэлхээ тасрахгүй, хорионы дараа халдвартай хүмүүс их гарч ирсэн" гэдгийг хэлсэн юм. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өмнө нь хэлж байв.

Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд мэдээлэл хийх үеэрээ "1,500 хүнд шинжилгээ хийгээд 62 батлагдсан тохиолдлыг илрүүлж байна. Ийм байхад 415 мянган өрхөд шинжилгээ хийж 40 тохиолдлыг илрүүлэх нь хамгийн үр ашиггүй, шаардлагагүй ажил болно" гэдгийг ийнхүү хэлж байжээ. 

Ингэж хэлснээс хойш 50 хоногийн дараа “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж, 558,000 хүнд PCR шинжилгээ хийж, халдварын 221 тохиолдлыг илрүүлсэн. 



Богино хугацаатай хөл хорио болон тухайн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгүй байсан нь ийнхүү харагдаж байна. Гэтэл Засгийн газар ЭМЯ-ны удаа дараагийн санал, зөвлөмжийг хүлээж авалгүй эдийн засгаа аварна хэмээн "гүрийсээр" байгаа.

Харамсалтай нь бодит байдал дээр эдийн засаг аврагдах нөхцөл байдал халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотой хүндрээд байна. Тодруулбал, экспортын гол гарц болох урд хөрш хилээ хаагаад 15 хонож байгаа бөгөөд хэзээ нээх нь тодорхойгүй байна

Өдөрт дунджаар 40 шинэ тохиолдол батлагдаж байх үеийг "Улаан" түвшинд байна хэмээн дүгнэж байсан Засгийн газар өнөөдөр халдвар 400 даван батлагдаж байхад тодорхой арга хэмжээ авахгүй байгаад ямар нэгэн тайлбар алга. 

Энэ бүхнээс дүгнэхэд өнөөдөр эрүүл мэндээ аварч, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө ЭСРЭГЭЭРЭЭ хэрэгжиж байна.