Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Итали улс 100 гаруй жил үйлчилсэн киноны хатуу цензураа устгахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
"Парисын сүүлчийн танго" киноны хэсэг

Дэлхий дахинд кино урлаг мэндэлж байх үетэй зэрэгцэн 1914 онд Итали улсад дэлгэцийн бүтээлд тавих ёс суртахуун, шашны цензурийн хатуу хууль үйлчилж эхэлсэн юм.

Зуу гаруй жил үйлчилсэн энэхүү хуулийг халж байгаагаа тус улсын урлагийн сайд Дарио Франческини өчигдөр зарлажээ.

“Киноны агуулгад хориг тавих явдлыг устгаж байна. Уран бүтээлчдийн эрх чөлөөнд төрөөс халддаг явдал үүгээр дуусгавар боллоо” гэж тэр мэдэгдсэн байна.

Ингэснээр киноныхон уран бүтээлээ ямар насны ангиллын үзэгчдэд зориулсныг өөрсдөө ялгаж, ангилах үүрэгтэй болжээ. Харин Италийн засгийн газраас ямар ч хориг тавихгүй болж байна.

Кино зөв ангилалд багтсан эсэхийг салбар салбарын 49 экспертээс бүрдсэн тусгай хороо шалгаж, баталгаажуулах юм.

Өнгөрсөн зуу орчим жилийн хугацаанд улс төр, ёс суртахуун, шашны учир шалтгаанаар олон зуун кино уран бүтээл Италийн засгийн газрын хоригт орж байжээ.

Тэдгээрээс хамгийн алдартай нь найруулагч Бернардо Бертолуччигийн 1972 оны сонгодог бүтээл “Парисын сүүлчийн танго” юм.

1944 оноос хойш Италийн 274, Америкийн 130, бусад улсын 321 кино бүтээлийг Италид үзүүлэхийг хориглож байсныг тус улсын урлагийн яамнаас гаргасан тоо баримт харуулж байна.

Үүнээс гадна 10,000 гаруй уран бүтээлд засвар оруулж, зарим дүрсийг нь хасуулж байжээ.

Хамгийн сүүлд 1998 онд “Toto Who Lived Twice” киног бурхан шашныг доромжилсон агуулгатай гэж Католик сүм хийдийнхэн хүчтэй шүүмжилсний улмаас хориглож байв.

 

Эх сурвалж: AFP