Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар 400 гаруй хөнгөн өвчтөн гэрээр эмчлүүлж байна. Хүндрэл, бэрхшээл гараагүй

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэвлэлийн ажилтан, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Шинжилгээний цаг олдохгүй, цэгт хүмүүсийн бөөгнөрөл үүсэж байна. Цэгийн тоог нэмэх боломжгүй юу?

Б.Ууганбаяр: -Шинжилгээний цэгийг нэмэх эсэх дээр шийдвэр гараагүй байна. Дүүрэг бүрд цэг ажиллаж байгаа. Лабораторийн хүчин чадалд тааруулан шинжилгээ авна. Хавьтал болсон хүмүүсийн шилжилгээг хийж байгаа учраас лаборатори ачаалал ихтэй байгаа.

- Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авахгүй байна гэх иргэдийн мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Ж.Байгалмаа: -Батлагдсан тохиолдлыг эмнэлэгт хүргэхээр очихдоо ойрын хавьтал буюу гэр бүлийнхнээс нь шинжилгээ авч байгаа. Энэ үйл ажиллагааг 24 цагт багтааж хийхийг хичээдэг. Гэхдээ сүүлийн 7 хоногт халдварын тоо огцом нэмэгдсэнээс үүдэн хүндрэл гарч байна. Гэр бүлийн хавьтлаас гадна албан байгууллагын хавьтлууд бий. Зарим байгууллага дээр 200 хүртэл хүнээс шинжилгээ авах шаардлага гарч байна. 

Ер нь бол олон улсад хийгдсэн судалгаанаас харахад дам хавьтал болсон хүнээс халдвар илрэх нь 1.5 хувьтай, ойрын хавьтлуудын 20-40 хувь халдвар авч байна. Тиймээс халдварын тохиолдол нэмэгдсэн энэ үед ойрын хавьтлаас шинжилгээ авч ажиллаж байгаа. 

-Улсын томоохон эмнэлгүүдэд хэчнээн ор дэлгэх боломжтой вэ?

Б.Ууганбаяр: -Одоогоор нийт 2,107 ор дэлгэх бэлтгэлийг Эрүүл мэндийн яам холбогдох эмнэлгийн байгууллагууд хангаад байгаа. Харин Бөхийн өргөө, Яармагийн Спортын ордонд ор дэлгэх асуудал нь одоогоор зөвхөн бэлтгэл ажлын хүрээнд яригдаж байгаа зүйл. Эхлээд эмнэлгийн орнууд дээрээ тулгуурлана.

Мөн улсын томоохон эмнэлгүүдэд коронавирусийн халдвартай тэмцэх ажлын хүрээнд ор дэлгэх асуудлыг чухалчлахгүй байна. Учир нь бусад эрүүл мэндийн үйлчилгээгээ бодох ёстой. Бүх эмнэлгээ COVID-19-ийг эмчлэх эмнэлэг болгож болохгүй. Үүнд тодорхой зохицуулалтын хийгээд явж байгаа.

Мөн халдвар авсан хүмүүсийн 84-90 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа тул хөнгөн өвчтөнүүдийг гэрээр нь эмчилж буй. Өнөөдрийн байдлаар 400 гаруй хөнгөн өвчтөн гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд хүндрэл бэрхшээл гараагүй. Тиймээс орны хувьд заавал мянга, мянгаар нь дэлгэх асуудал хараахан гараагүй.

- Гадаад харилцааны сайд манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник V вакцин авах болсон талаар мэдээлсэн. Энэ вакцин хэзээ орж ирэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

Б.Ууганбаяр: -Төлөвлөгөө ёсоор ОХУ-аас оруулж ирэх вакциныг дөрөвдүгээр сарын эхээр хүлээн авахаар байгаа. ГХЯ энэ тал дээр маш сайн ажиллаж байгаа. Мөн дөрөвдүгээр сард БНХАУ-аас болон КОВАКС хөтөлбөрийн хүрээний вакцинуудыг оруулж ирэхээр яриа хэлэлцээ хийж буй.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.26/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/775619979747955