Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Монгол Улсад 0-17 насны 1,100 хүүхэд халдвар авсан. Биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд байхгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж ЭМЯ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Гадаадын иргэдийг ямар журмаар дархлаажуулалтад хамруулах вэ?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: -ЭМЯ, ГХЯ болон Монгол Улс дахь Элчин сайдн яамд хамтраад гадаадын иргэдийг дархлаажуулахаар ажиллаж байна. Жишээ дурдаад хэлбэл, БНХАУ-ын 5,000 гаруй иргэнийг дархлаажуулах санамж бичиг дээр тохиролцоод явж байгаа. Тус улсын ЭСЯ-аар дамжуулан вакцин оруулж ирээд, тэдгээр иргэнийг дархлаажуулах төлөвлөгөө гаргасан.

- КОВИД-19 халдвар илрүүлэх шинжилгээ өгөөгүй байхад 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Нэгдүгээр эмнэлэг дээр шинжилгээ өгсөн гэсэн мэдээлэл eruul.gereg.mn сайтад бүртгэгдсэн байна. ЭМЯ болон Нэгдүгээр эмнэлгийн лавлах утаснууд хариу өгөхгүй байгаа тул үүнд тайлбар өгнө үү?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: -Шинжилгээ өгөхийн тулд Гэрэгэ системд хандаж иргэний үнэмлэхийн чип кодыг уншуулах эсвэл регистрийн дугаараа оруулдаг. Ингээд хур системээс мэдээлэл татагдаад, баталгаажуулж утасны дугаарыг авдаг. Энэ явцад санаатай болон санамсаргүй байдлаар утасны дугаарыг буруу өгснөөс үүдэн зарим хүнд буруу мессеж очдог. Утасны дугаарыг шалгаагүйн улмаас хариу андуурч очдог юм шүү.

- Цар тахлаар халдварласан хүнд лист олгох уу?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: -Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол лист олгоно. Харин халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болж тусгаарлагдсан бол лист олгогдохгүй. 

- Эрүүл мэндийн сайд 747 хүүхэд халдвар авсан гэж мэдээлсэн. Хүндэрсэн хүүхэд байгаа юу, гадны улс орнуудтай харьцуулахад манай улсад хүүхэд халдвар авах нь ямар түвшинд байна вэ?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: -Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монгол Улсад 0-17 насны 1,100 хүүхэд халдвар аваад байна. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 20 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 80 хувь нь дотоодод халдвар авсан. Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авдаг. Биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд байхгүй.

- Коронавируст халдварын үед ашиглах орны ашиглалт хэдэн хувьтай байгаа вэ?

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: -Халдварын үед ашиглах 1,700 ор бэлтгэсэн. Одоогийн байдлаар 1,500 орчмыг нь ашиглаж байгаа. Нэмж ор гаргах төлөвлөлт хийгдсэн. Гэхдээ эмнэлэг бүрдээ халдвартай хүмүүсийг эмчлэхгүй байх үүднээс гэрээр эмчилгээ хийгдэж эхэлсэн. Одоогийн байдлаар 300 орчим хүн гэрээр эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа хүмүүсийнхээ 50-60 хувийг гэрээр эмчлэх боломжтой гэсэн судалгааг хийсэн. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.23/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1631988700335439