УОК-оос мэдээлэл хийх үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Хөл хорио ямар үр дүнтэй талаар тодорхой мэдээлэл өгөөч, тухайлбал шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлаж байгаа нь ямар үр дүнтэй талаар тооцооллоо танилцуулна уу?
- Дотоодод анхны халдвар бүртгэгдсэнээс хойш 132 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд 12-21 хоногийн хугацаатай 3 удаа хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол 4,000, 5,000-аар яригдах байсан. Хөл хорио тогтоож байж халдварын эрчмийг бууруулдаг. Энэ бол цар тахлын үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээ.
Хэсэгчилсэн хөл хорионы тухайд сая сүүлд хөл хорио тогтоосон БЗД-ийн 26 дугаар хорооны хувьд сүүлийн гурван сарын турш тогтмол халдвар гардаг байсан. Сүүлийн 3 сарын хугацаанд 1,214 тохиолдол батлагдсаны 400 орчим нь БЗД-ийн 26 дугаар хорооноос гарсан учраас хэсэгчилсэн хөл хорио тогтоож, өргөжүүлсэн тандалт хийсэн.
Дараа нь ХУД-ийн 15 дугаар хороо мөн СХД, БГД-ийн 12 дугаар хороонд тандалт судалгаа хийж байгаа.
- Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш хэдэн хүүхэд халдвар авсан бэ?
- Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 747 хүүхэд халдвар авсан.
- "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон гээд байгаа. Ямар үр дүн гарсныг баримтаар хэлж өгнө үү?
- "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон. Энэ ажлын хүрээнд 36 голомт, 219 тохиолдлыг илрүүлсэн. Ингэснээр тархалтыг тодорхой хэмжээнд хумьж, вакцинжуулалтын ажлын бэлтгэлийг хангасан.
- 65-аас дээш насныхныг хэзээнээс вакцинд хамруулах вэ, вакцин дуусаж байгаа юу, зарим хороон дээр вакцины нөөц дууссан гэх зар тавьсан байна?
- 65-аас дээш насныхныг ирэх долоо хоногоос вакцинд хамруулна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|