Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Гурав, дөрөвдүгээр сардаа багтаад нийслэлд нэг сая хүнийг дархлаажуулалтад хамруулна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVAX хөтөлбөрийн хүрээнд 14,400 тун AstraZeneca вакциныг өнөөдөр хүлээн авлаа. Вакцин хүлээн авах ёслолын арга хэмжээний үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өнөөдрийн байдлаар манай улс нийтдээ хэчнээн тун вакцин хүлээн аваад байна вэ, дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?

- Дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 70 мянган хүнийг вакцинд хамруулаад байгаа. Гурав, дөрөвдүгээр сардаа багтаад нийслэлд амьдарч буй насанд хүрсэн нэг сая орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна.

Вакцины татан авалтууд тасралтгүй хийгдээд явах бөгөөд нөөц хангалттай.

- Европын хэд хэдэн улсад AstraZeneca вакциныг хэрэглэхгүй байх шийдвэр гарсан талаар мэдээлж байна. Энэ тухайд?

- Энэ мэдээлэл хоёр өдрийн өмнөөс гарсан. Үүнтэй холбоотой судалгаанууд хийгдэж байна. Одоогоор AstraZeneca вакцинтай холбоотойгоор цусны бүлэн үүсэж хүндэрсэн асуудал байхгүй гэдгийг бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Тэгэхээр манай ард түмэн санаа зовохгүй байж болно. 

- Вакциныг иргэд сонголтоороо хийлгэх боломжтой гэсэн мэдээллийг сая Гадаад харилцааны сайд өглөө. Тийм боломж байгаа юу?

- Ер нь бол AstraZeneca, Синофарм, Спутник-V вакцинууд сонголтоор хийгдэж байгаа.

Дэлхий нийтэд вакцин хомсдолтой байгаа. Тиймээс 2020 оны долоодугаар сард манай улс COVAX хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай улсын нийт хүн амын 20 хувь буюу 693 мянган хүнийг дархлаажуулах вакцин ирэх ёстой. Хуваарийн дагуу вакцинууд ирнэ.

- Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн хэчнээн компани вакцин импортлох зөвшөөрөл аваад байгаа вэ?

- Монос, Монгол Эм Импекс, Ач-Үр гэсэн гурван компани вакцин импортлох хүсэлтээ ЭМЯ-нд өгсөн. Түүний дагуу нь зөвшөөрөл олгосон. Одоогийн байдлаар Монос AstraZeneca оруулж ирнэ гэсэн бол Монгол Эм Импекс Спутник-V вакциныг оруулж ирнэ гэсэн. Эхний Спутник-V вакцинууд ороод ирчихсэн.

Дөрвөн вакцинд оруулж ирэх зөвшөөрөл олгосныг оруулж ирэхэд асуудал байхгүй.