Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Английн шүүх хэт таргалсан хүүхдүүдийг гэр бүлээс нь салгаж, асрамжийн газарт шилжүүлэх шийдвэр гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нэг айлын хэт таргалалттай өсвөр насны хоёр хүүхдийг гэр бүлээс нь салгаж, асрамжийн газарт шилжүүлэх шийдвэрийг Английн Баруун Сасикс мужийн шүүх гаргажээ.

Хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа зовсон орон нутгийн нийгмийн ажилтнууд шүүхэд хандсан юм байна.

Нийгмийн ажилтнууд эхлээд хүүхдүүдэд биеийн жингээ хянах Fitbit зүүдэг төхөөрөмж өгч, фитнест явах эрхийн бичиг өгч байжээ. Мөн эцэг эхэд нь зөв амьдралын хэв маяг, эрүүл хооллолтын талаар хүүхдүүддээ мэдлэг олгох зөвлөмж өгсөн байна.

Хэдэн сарын дараа дээрх арга хэмжээнүүд ямар ч үр дүн өгөөгүй, хүүхдүүдийн биеийн жин улам нэмэгдсэн байжээ.

Тиймээс нийгмийн ажилтнууд эцсийн арга хэмжээгээ авч, хүүхдүүдийг эцэг эхийнх нь халамжаас гаргах шийдвэрийг шүүхээр гаргуулсан нь энэ юм.

Ядуу буурай орнуудад эцэг эх нь хүүхдээ тэжээж чадахгүй байх асуудал түгээмэл байдаг бол өндөр хөгжилтэй орнуудад эсрэгээрээ хэт таргалуулах болсон нь энэ жишээнээс харагдаж байна.

2012 онд Уэльсийн Ньюпорт хотын зөвлөл байх ёстой дундаж жингээсээ гурав дахин их жинтэй болсон таван настай охиныг гэр бүлээс нь салгаж, асрамжийн газарт өсгөх шийдвэр гаргаж байв. Тухайн үед охины жин 65 кг хүрээд байжээ.

Таван жилийн хугацаанд Их Британийн Англи, Уэльс, Шотландад нийт 74 хүүхдийг ийм шалтгаанаар асрамжийн газарт шилжүүлснийг 2014 оны тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: The Guardian