Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нохойнуудаа хулгайд алдсан Лэди Гага хагас саяын шагнал амлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагийн орой дэлхийн поп од Лэди Гагагийн хайртай хоёр нохойг үл мэдэгдэх этгээд Холливүүд дэх гэрийнх нь ойролцоогоос хулгайлжээ. 

Ингэхдээ гэмт этгээд нохойнуудыг салхилуулж явсан 30 гаруй насны залууг хагас автомат буугаар буудаж шархдуулсан байна. Лэди Гага франц бульдог үүлдрийн Кожи, Густав нэртэй хоёр нохойг нь буцааж өгвөл $500 мянгын мөнгөн шагнал өгөхөө амласныг эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Буудуулсан нохой салхилуулагчийн биеийн байдал хүнд, эмнэлэгт байгааг орон нутгийн цагдаагийн газар мэдээлсэн байна.

Дуучин бүсгүй өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцож, төрийн дуулал дуулж байв. Одоо тэр Ром хотод киноны зураг авалтад оролцож байгаа юм.

Лэди Гагад франц бульдог үүлдрийн гурван нохой байдаг юм байна.

Мисс Эшиа (Miss Asia) нэртэй гурав дахь нохой нь хулгайлагдалгүй зугтаж чадсаныг сүүлд олжээ.

Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Лэди Гага нохойнуудыг нь олж өгөхөд тусалсан хүнд ямар ч нөхцөлгүйгээр мөнгөн шагнал олгохоо амлаж, мэдээлэл авах kojiandgustav@gmail.com хаяг нээсэн гэнэ.

Гөлөг нь хэдэн мянган долларын үнэ хүрдэг франц бульдог үүлдрийн нохойг ашиг олох зорилгоор хулгайлж үржүүлэх гэмт хэрэг сүүлийн үед түгээмэл гардаг болсон ажээ.

 

Эх сурвалж: Reuters